2024, 4-р сар 27, Бямба гариг Шилэн данс

БИЗНЕСТ ХҮЙСИЙН ЯЛГАА БИЙ ЮУ?

2024 оны 3-р сар 07, Пүрэв гариг

Аливаа эдийн засагт шинэ санаа, бүтээлч шийдэл, үнэ цэнийг бий болгогч томоохон хүч нь бизнес эрхлэгчид байдаг. Бизнесийн салбар нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, ажлын байр зэрэг олон хүчин зүйлээр дамжин улсын хүн амын бүхий л бүлэгт хүрч, нөлөөлж байдаг. Иймээс бизнесийн орчныг сайжруулах, тэгш оролцоог хангах, үр шимийг тэгш хүртээх асуудал чухлаар тавигддаг бөгөөд энэ хүрээнд зайлшгүй анхааран авч үзэх сэдэв бол жендэрийн тэгш байдал юм.

Монгол Улсын хувьд хууль эрх зүйн хүрээнд бизнес эрхлэлтийг хүйсээр ангилан тодорхойлсон тодорхойлолт одоогоор байхгүй. Мөн бизнесийн салбарын хүйсээр ангилсан өгөгдөл ч дутмаг.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Үндэсний статистикийн хороотой хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны "Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд" хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Бизнес эрхлэлт ба жендэр 2023" судалгааны тайланг 2023 оны 12 дугаар сард танилцуулсан. Судалгааны хүрээнд бизнесийн холбоотой хамгийн өргөн хүрээний өгөгдөл болох ҮСХ-ны 5 жил тутам зохион байгуулагддаг Аж ахуйн нэгжийн тооллогоор бүрдсэн аж ахуйн нэгжийн захирлын хүйсээр ангилсан өгөгдлийн сан болон тус тооллогын өгөгдлийг УБЕГ-ын Хуулийн этгээдийн мэдээллийн сангийн өгөгдөлтэй нэгтгэх замаар гарган авсан аж ахуйн нэгжийн эзэмшигчийн хүйсээр ангилсан өгөгдлийн санг бий болгосон юм.

Тэгвэл энэхүү судалгааны үр дүнгээс бизнест хүйсийн ялгаа бий эсэхийг тодруулья.

 <

Тоо юу хэлж байна вэ?

Аж ахуйн нэгжийн захирлын болон эзэмшигчийн хүйсийн ялгаа

Үндэсний статистикийн хорооны 5 жил тутам зохион байгуулагддаг Аж ахуйн нэгжийн тооллогын 2021 оны дүнгээр улсын хэмжээнд нийт 151.6 мянган Монгол Улсын иргэнээр удирдуулсан аж ахуйн нэгж тоологдсон. Харин үүний 36 хувь буюу 55.1 мянга нь 2020 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байна.

Үйл ажиллагаа явуулж буй эдгээр аж ахуйн нэгжүүдийн 60.4 хувь нь эрэгтэй захиралтай, 39.6 хувь нь эмэгтэй захиралтай байна. Эзэмшигчийн хувьд аж ахуйн нэгжүүдийн 32.0 хувь нь эмэгтэй хүн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг, 32.9 хувь нь 33.4 ба түүнээс дээш хувийг эмэгтэй хүн эзэмшдэг бөгөөд эмэгтэй захиралтай байна. Энэ тооноос харахад бизнесийн орчинд эмэгтэйчүүдийн оролцоо, нөлөөлөл эрэгтэйчүүдтэй харьцуулахад бага гэсэн ерөнхий дүгнэлт хийж болох юм.

Монгол Улсын хүн амын хүйсийн харьцаа ерөнхийдөө тэнцвэртэй боловч хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт нарийсах тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурсан дүр зураг ажиглагддаг. Нийт 1.2 сая ажиллах хүчний 52.9 хувь нь эрэгтэйчүүд, 47.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Цаашилбал хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг ажиллах хүчин эзэлж байгааг харуулдаг ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнх 65.2 хувь байхад эмэгтэйчүүдийнх 49.9 хувь, хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг ажиллагчид эзэлж байгааг харуулдаг хөдөлмөр эрхлэлтийн түвшин эрэгтэйчүүдийнх 59.6 хувь байхад эмэгтэйчүүдийнх 46.0 хувь байна.

Бизнесийн салбарт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль аль нь тодорхой хувь нэмэр оруулж буй ч оролцооны хувьд ийнхүү ялгаа ажиглагдаж байна. Захирлын хүйсээр тооцсон эмэгтэй аж ахуй эрхлэгчийн хувь эзэмшигчийн хүйсээр тооцоход буурч буй нь бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдтэй харьцуулахад эрх мэдлийн хувьд бага байгааг, ялангуяа бизнесийн эзэмшлийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул байгааг илтгэж байна.

Бизнесийн салбаруудын хүйсийн ялгаа

Дээрх ялгаа бизнесийн салбаруудаар хэр өөр байгааг авч үзье. Үйл ажиллагаа явуулсан нийт аж ахуйн нэгжүүдийн хувьд дийлэнх буюу 73.2 хувийг үйлчилгээний салбар, тэр дундаа бөөний болон жижиглэнгийн худалдаа зонхилон, 22.1 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 4.6 хувийг хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг.

Тэгвэл үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн 55.3 хувь, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн 69.8 хувь, аж үйлдвэр, барилгын салбарт үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн 72.5 хувь нь эрэгтэй захиралтай байна. Эзэмшигчийн хувьд авч үзвэл эмэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгжийн хувь мөн л эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжээс бага байна.

Аж үйлдвэр, барилгын салбарт захирлын хүйсийн зөрүүтэй байдал илүү өндөр бол үйлчилгээний салбарт харьцангуй тэнцвэртэй ч эрэгтэй захирал давамгайлсан хэвээр байна. Салбаруудыг нарийвчлан авч үзвэл эрүүл мэнд, боловсрол, зочид буудал, зоогийн газар, санхүү, даатгал, жижиглэн худалдааны салбарт эмэгтэй захиралтай бизнес арай давамгай буюу 50 ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байна. Эмэгтэйчүүдийн бизнес эрхэлж буй салбар харьцангуй хязгаарлагдмал, уул уурхай, барилга гэх мэт эдийн засгийн тэргүүлэх салбаруудад эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь эдийн засгийн хувьд жендэрийн асуудлыг үүсгэх өндөр магадлалтай.

Эдийн засгийн бүх салбарт эмэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгжийн хувь эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжээс бага байгаа нь эмэгтэйчүүд бизнесийн удирдах түвшинд ажилласан ч бизнесийг эзэмших тал дээр эрэгтэйчүүд давамгайлдаг болохыг харуулж байна. Энэ зөрүү санхүү, даатгал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамгийн их байна. Эдгээр салбарт эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжийн эзлэх хувьд 50 ба түүнээс дээш байсан хэдий ч бизнесийн эзэмшигчийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоо эргээд буурч байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бизнес эрхэлж буй салбарын ялгаатай байдал нь мэргэжил сонголтын жендэрийн асуудлыг эргэн харах шаардлагатайг сануулж байж болох. Зарим салбарт бизнес эрхлэгчдийн хүйсийн ялгаа хэт өндөр байгаа нь анхаарах асуудал юм.

Ажиллагчдын тооны ялгаа

Бизнесийн удирдлага болон эзэмшлийн хувьд дээрх зөрүүтэй байдлыг олж тогтоолоо. Тэгвэл бизнесийн цар хүрээ, гүйцэтгэл талаас зарим үзүүлэлтийг авч үзье.

Бизнесийн цар хүрээг ажиллагчдын тооны бүлгээр ангилж харвал аж ахуйн нэгжийн ажиллагчдын тоо нэмэгдэх тусам эрэгтэй захиралтай байх хандлагатай байна. Эрэгтэй захиралтай аж ахуйн нэгжийн 19.1 хувь нь 10-аас дээш тооны ажиллагчидтай байхад эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжийн 14.8 хувь нь 10-аас дээш тооны ажиллагчидтай байна. 200-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн хувьд захирлын хүйсийн ялгаа улам нэмэгдэж 71.1 хувь нь эрэгтэй захиралтай, 28.9 хувь нь эмэгтэй захиралтай байна.

Ажиллагчдын тооны бүлгээр эмэгтэй эзэнтэй бизнес эрхлэгчийн хувь эмэгтэй захиралтай бизнес эрхлэгчдийн эзлэх хувиас мөн бага, ялангуяа ажиллагчдын тоо нэмэгдэх тусам энэ хандлага нэмэгдэж байна. 200 ба түүнээс дээш тооны ажиллагчидтай аж ахуйн нэгжийн 28.9 хувь нь эмэгтэй захиралтай байсан бол 51 ба түүнээс дээш хувийг эмэгтэй хүн эзэмшдэг тохиолдолд энэ хувь 11.9 хувь, 33.4 ба түүнээс дээш хувийг нь эмэгтэй хүн эзэмшдэг бөгөөд эмэгтэй захиралтай тохиолдолд 11.0 хувь болж буурч байна.

Эрэгтэй захиралтай нэг аж ахуйн нэгж дунджаар 12 ажиллагчидтай бол эмэгтэй захиралтай нэг аж ахуйн нэгж дунджаар 8 ажиллагчидтай үйл ажиллагаа явуулж байна.

Борлуулалтын орлого

Борлуулалтын орлогын ангиллаар мөн л эрэгтэй захиралтай аж ахуйн нэгжүүд илүү чадавхтай байна. Эрэгтэй захиралтай аж ахуйн нэгжийн 31.0 хувь нь жилийн 300 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байхад эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжийн 24.8 хувь нь жилийн 300 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байна. Бизнесийн борлуулалтын орлого нэмэгдэх тусам эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжийн эзлэх хувьтай харьцуулахад эмэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгжийн эзлэх хувь буурах хандлага хэвээр ажиглагдаж байна.

Жилийн 2.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой 2.4 мянган аж ахуйн нэгж 2020 онд үйл ажиллагаа явуулснаас 1.8 мянга нь эрэгтэй захиралтай, 696 нь эмэгтэй захиралтай аж ахуйн нэгж байна. Эрэгтэй захиралтай нэг аж ахуйн нэгжийн дундаж борлуулалтын орлого 2.0 тэрбум төгрөг бол эмэгтэй захиралтай нэг аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого дунджаар 1.0 тэрбум төгрөг байна.

Борлуулалтын орлогын бүлгээр эрэгтэй болон эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ялгаатай буюу аль ч бүлэгт эрэгтэйчүүд давамгайлсан нь бизнесийн орчинд давамгайлж буй хүйсийн хандлагыг дагасан үр дүнг харуулж байна.

Эрэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгж илүү өндөр борлуулалтын орлоготой, илүү олон ажиллагчидтай бөгөөд урт хугацаанд үйл ажиллагаа явуулах магадлалтай гэж хэлж болохоор байна.

Хүйсийн тэнцвэрт байдал яагаад чухал вэ?

Бизнесийн салбар нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, ажлын байр зэрэг олон хүчин зүйлээр дамжин улсын хүн амын бүхий л бүлэгт хүрч, нөлөөлж байдаг. Иймээс бизнесийн орчныг сайжруулах, тэгш оролцоог хангах, үр шимийг тэгш хүртээх асуудал чухлаар тавигддаг бөгөөд энэ хүрээнд зайлшгүй анхааран авч үзэх сэдэв бол жендэрийн тэгш байдал юм. Жендэр нь хүйсээс илүү өргөн хүрээтэй буюу янз бүрийн хүйсийн хүмүүсийн нийгэмд бий болсон шинж чанар, үнэлэмж, үүрэг, байр суурийг илэрхийлдэг. Хүйсийн ялгаатай байдлыг хэмжсэнээр жендэрийн тэгш байдал бүрдэж чадсан эсэхийг тодорхойлох суурь бий болно.

Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (2011)-д зааснаар ”жендэрийн эрх тэгш байдал” гэж эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг” хэлнэ.

Бизнесийн орчинд төлөөлөл нь эсрэг хүйстэй харьцуулахад бага буй эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр дан ганц эмэгтэйчүүд үр шим хүртэх бус хүн амын хөдөлмөр эрхлэлт нийтээрээ нэмэгдэх, гэр бүлийн орлого нэмэгдэх, эмэгтэйчүүд ихэвчлэн хийдэг хөлcгүй хөдөлмөр хөлстэй хөдөлмөрт шилжих эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжтэй. Бизнесийн салбарыг жендэрийн тэгш байдлыг ханган хөгжүүлэх нь улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны баталгааг хангах боломж юм.

Цаашид яах вэ?

Бизнесийн салбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэнцүү тоотой оролцуулна гэхээс илүү хүн амын хүйсийн харьцаа бараг тэнцүү байхад яагаад аль нэг хүйс давамгай байгаа цаад шалтгаан, асуудлыг тодруулж, тэгш боломж хангагдаж чадаж буй эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай.

Ерөөс нийлүүлэлт буюу ирээдүйд бизнес эрхлэх суурь тавигдах хөдөлмөрийн зах зээл дэх оролцооноос эхлэн хүйсийн тэнцвэрт байдалд анхаарах, цаашлаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсролын түвшин, гэр бүлийн болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, тогтсон дүр, нийгэм, соёлын хэвшмэл ойлголтууд, төрөөс хэрэгжүүлж буй бодлого гээд олон талбар жендэрийн тэгш байдал хэрхэн, ямар шалтгаанаар алдагдсаныг илрүүлэх, бодит мэдээлэлд үндэслэсэн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэх цаг аль хэдийн болсон.

Нийгмийн зүгээс оноосон жендэрийн үүрэг, хариуцлага, дүр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмнө нээгдэх боломжийг ялгаатай болгож улмаар тэгш оролцох боломжийг хаадаг.

Бизнесийн хүйсээр ангилсан өгөгдлийг нарийвчлан бүрдүүлэх нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг ойлгох, тэгш боломж бүрдүүлэхэд чухал шаардлагатай буюу нөхцөл байдлыг үнэлэх, асуудлыг илрүүлэх, шийдэх шийдлийг олох гол хэрэгсэл юм.

Бизнесийн салбарын холбоотой өгөгдөл, мэдээлэл бүрдүүлэгч байгууллагууд, тухайлбал, ҮСХ, Монголбанк, ЖДҮГ, ТЕГ, Санхүүгийн зохицуулах хороо, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг төрийн байгууллагууд болон арилжааны банкууд өөр өөрийн үйл ажиллагааны хүрээнд хүйсээр ангилсан бизнесийн өгөгдлийг бүрдүүлж ирсэн ч эдгээр нь аргачлал, тодорхойлолтын хувьд ялгаатай байдаг тул нэгдсэн байдлаар хүйсээр ангилсан өгөгдлийн сан болгон ашиглахад хүндрэл тулгардаг. Үүний нэг том шалтгаан нь бизнес эрхлэгчийн хүйсээр ангилсан тодорхойлолт байхгүй, байгууллага бүр өөр өөрийн тодорхойлолтыг ашиглаж ирсэн явдал. Тиймээс бизнес эрхлэлтийн хүйсээр ангилсан нэгдсэн, үнэн зөв мэдээлэл бүрдүүлэхийн тулд эрэгтэй, эмэгтэй, цаашлаад бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчийн ойлгомжтой, яв цав тодорхойлолт бий болгох шаардлагатай. Түүнчлэн бизнесийн цар хүрээ тэлэлт болон карьер өсөлтийн хурдыг хүйсийн ялгаатай хэмжсэн нарийвчилсан судалгаа, өгөгдөл, түүнд тохирсон бодлого бизнесийн салбарт үгүйлэгдэж байна.

Үүнээс гадна жендэрийн тэгш бус байдал бидний бодол, итгэл үнэмшил, соёлд аль хэдийн бүрэлдсэн байгаа нь өөрчлөх ёстой эхлэл цэг байж болох юм.

“Бизнес эрхлэлт ба жендэр 2023” судалгааны тайлантай https://ecrc.mn/бизнес-эрхлэлт... холбоосоор дэлгэрэнгүй танилцах боломжтой.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан