2024, 11-р сар 08, Баасан гариг Шилэн данс

Улаанбаатар хотын Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2023

2024 оны 6-р сар 14, Баасан гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2 жил тутамд гаргадаг Улаанбаатар хотын “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-ийн 2023 оны мэдээллээс бүрдэх шинэ тайланг танилцуулж байна. Энэ удаагийн тайлан нь 4 дэх тайлан юм. Тайлан нь статистик мэдээлэл болон өрхийн санал асуулгаас бүрдсэн нийт 150 шалгуур үзүүлэлтүүдээс бүрддэг. Шалгуур үзүүлэлтүүд нь Амьдралын чанар, Амьдрах орчин, Аюулгүй байдал, Засаглал, Эдийн засаг гэсэн үндсэн 5 бүлгээс бүрддэг. Ийнхүү Улаанбаатар хотын дүүргүүдийг статистик мэдээлэл болон иргэдийн үнэлэмжээр нэгтгэн өрсөлдөх чадварын индексээр харуулснаар, өөрчлөлтийг сүүлийн 8 жилээр харах боломжтой болж байна.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын өмнөх тайлангаас буюу 2021 оноос хойших хугацаанд  дэлхий нийтийг хамарсан цар тахал “Ковид-19”-ийн улмаас дэлхий нийтээр эдийн засаг зогсонги байдалд байсан. Цар тахлыг даван туулсны дараачаар дэлхийн эдийн засаг сэргэсээр байна. Монгол Улсын хувьд ч үүний адил эдийн засаг 2023 онд 7% өсөж, хотын эдийн засагт ч сэргэлт ажиглагдсаар байна. Гэвч ажиллах хүчний оролцооны түвшин 54.8 хувь буюу Ковидын өмнөх үед дөнгөж л хүрч байна.

2023 онд өрхийн дундаж орлого 2.1 сая төгрөг болж 2021 оноос 37%-иар өссөн байна. Орлого ийнхүү өссөн ч инфляц сүүлийн 2 жилийн хугацаанд өндөр хэвээр хадгалагдсан нь иргэдийн бодит орлогын үнэ цэнэ буурах, худалдан авах чадвар доройтох зэрэгт нөлөөлжээ.

Улаанбаатар хотын хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд төсвийн орлого 1.5 дахин өсөж, 1 их наяд төгрөгийг давсан. Мөн сүүлийн тайлангаас хойш хугацаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болсон. Мөн Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдтай болж, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсан, үер, усны аюулд дахин автахгүйн тулд газар зохион байгуулалтыг оновчтой болгох үүднээс Нийслэлд газар эзэмших эрхийг түр зогсоосон, үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгохоор ажиллах буй зэрэг дэвшлүүд гарсан нь сайшаалтай.

Гэсэн хэдий ч хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол, газар зохион байгуулалт, нийтийн тээврийн хүртээмж, ногоон байгууламжийн хүрэлцээ зэрэг асуудлууд байсаар байна.

Тайлангийн үр дүнгээс:

Улаанбаатар хотын ерөнхий өрсөлдөх чадвар өмнөх тайлантай харьцуулахад 0.568 болж 0.023 нэгжээр буюу 4% өсжээ.

2023 оны үр дүнгээр Хан-Уул дүүрэг тэргүүлж, удаах байруудад Баянгол, Сүхбаатар дүүргүүд, сүүлийн байруудад алслагдмал дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргүүд эрэмбэлэгдлээ.

Энэ жилийн тайланд дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбийн хувьд дараах өөрчлөлтүүд гарчээ.

Эрэмбэ ахисан дүүргүүд:

  • Сүхбаатар дүүрэг 2 эрэмбээр
  • Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 1 эрэмбээр

Эрэмбэ буурсан дүүргүүд

  • Баянзүрх дүүрэг 2 эрэмбээр
  • Багануур, Чингэлтэй дүүргүүд 1 эрэмбээр

Эрэмбийн өөрчлөлтгүй

Багахангай, Налайх, Хан-Уул дүүргүүд эрэмбийн хувьд өөрчлөлт гараагүй байна.

Өрсөлдөх чадварын үндсэн 5 бүлгүүдийн хувьд Амьдралын чанар, Аюулгүй байдал, Засаглал, Эдийн засаг бүлгүүдийн оноо өссөн бол Амьдрах орчин бүлэг буурсан байна. Үүнээс хамгийн ихээр өссөн нь Эдийн засаг бүлэг байна.

Нийслэл хот бол Монгол Улсын төв цэг. Үндсэндээ Нийслэлийн асуудлуудыг шийдэж чадвал Монгол Улс тэн хагас иргэдийнхээ асуудлыг шийдэж чадлаа гэсэнтэй адил.

Амьдралын чанар дэд бүлэг

Иргэдийн амьжиргааны түвшин, Эрүүл мэнд, Боловсролын үзүүлэлтүүдийг харуулсан амьдралын чанар дэд бүлгээр Багануур, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дээгүүрт эрэмбэлэгдэж, Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай дүүргүүд сүүлээр эрэмбэлэгдлээ.

Амьдрах орчин дэд бүлэг

Хотжилт, Үндсэн дэд бүтэц, Соёлын үзүүлэлтүүдийг нэгтгэн харуулдаг амьдрах орчин дэд бүлгээр Багахангай, Хан-Уул, Баянгол дүүргүүд тэргүүлж, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд сүүлд эрэмбэлэгдсэн байна.

Аюулгүй байдал дэд бүлэг

Амар тайван байдал, аюулгүй байдал, Эрүүл орчны нийт 30 үзүүлэлтүүдийг нэгтгэсэн Аюулгүй байдал дэд бүлгийн хувьд Хан-Уул, Багахангай, Налайх дүүргүүд эхний 3-т эрэмбэлэгдэж, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүд сүүлийн 3 байрт эрэмбэлэгдлээ.

Засаглал дэд бүлэг

Төсөв, Институцийн тогтолцоо, Нийгмийн тогтолцооны үзүүлэлтүүдийг нэгтгэсэн засаглал үзүүлэлтээр Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүд тэргүүлж, Багануур, Налайх, Багахангай дүүргүүд сүүлээр эрэмбэлэгдсэн байна.

Эдийн засаг дэд бүлэг

Эдийн засаг, Хөдөлмөр эрхлэлт, Бизнесийн идэвхжилийн үзүүлэлтүүдийг харуулсан эдийн засаг бүлгээр Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүд тэргүүлж, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд сүүлээр эрэмбэлэгджээ.

Та судалгаатай холбоотой мэдээлэл сошиал сүлжээгээр түгээх бол #duuregindex хаштаг (hashtag) ашиглана уу.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан