2024, 10-р сар 04, Баасан гариг Шилэн данс

ДЭЛХИЙН АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ТАЙЛАН 2024

2024 оны 9-р сар 19, Пүрэв гариг

Швейцар дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2024”-ыг танилцуулж байна.

Дэлхийн авьяас, ур чадварын тайлан нь улс орнуудыг үнэлэхдээ үндсэн 3 бүлгийн мэдээллийг ашигладаг. Үүнд:

  1. Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйл (Investment and Development): Авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн дотоодын нөөц бололцоо
  2. Авьяас, ур чадварыг татах хүчин зүйл (Appeal): Олон улсын болон дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах, хадгалах чадвар
  3. Бэлэн байдлын хүчин зүйл (Readiness): Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал

Эдгээр үндсэн 3 бүлэг нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтийг агуулдаг.

Судалгааны үр дүн:

2024 оны судалгаанаас харахад авьяас, ур чадварын эрэмбээр Швейцар улс тэргүүлсэн хэвээр байгаа бол, Сингапур өнгөрсөн жилээс 6 байр урагшилж 2-рт, Люксембург 1 эрэмбээр ухарч 3-рт, Швед мөн 6 байр дээшилж 4-рт, Дани 5-рт, Исланд 6-рт, Норвег 7-рт эрэмбэлэгдлээ. Үүнээс гадна Австрали 4 байр ахиж 14-рт, АНУ 6 байраар ухарч 21-рт, БНХАУ 3 байр ахиж 38-рт, Япон 43-рт эрэмбэлэгджээ. Авьяас, ур чадвар хамгийн сул орнуудаар Венесуэл (65-рт), Бразил (66-рт), Монгол (67-рт) тус тус эрэмбэлэгдэж сүүл мушгижээ.

ДЭЛХИЙН АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ЭРЭМБЭ 2024

МОНГОЛ УЛС: АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ 67 (УЛСААС)

Монгол Улс ерөнхий үнэлгээ 26.47 оноотойгоор 67 улсаас 67-рт эрэмбэлэгдэж сүүл мушгисан. Энэ нь өнгөрсөн оноос 3.29 оноогоор нэмэгдсэн ч 3 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61-рт, авьяас, ур чадварыг татах хүчин зүйлээр 67-рт буюу өнгөрсөн жилээс 3 байр ухарсан, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдлаар 65-рт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн жилээс 2 байраар ухарсан үзүүлэлт юм.

Монгол Улсын авьяас ур чадварын үнэлгээ, ерөнхий болон дэд бүлгүүд, 67 улсаас

Авьяас, ур чадварын ерөнхий эрэмбэ буурахад амьдралын чанар 66-рт, санхүүгийн ур чадвар 64-рт, менежерүүдийн ур чадвар, олон улсын туршлага 66-рт, их сургуулийн боловсрол 64-рт гэх мэт үзүүлэлтүүд хойгуур эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ.

Онцлох:

  • Хиймэл оюун (AI) хөгжихийн хэрээр хүний ​​чадавхийг нэмэгдүүлэх, хүний ​​хөдөлмөрийг орлох хэрэгсэл болох давхар үүрэг нь авъяас чадварын өрсөлдөх чадварын талаарх хэлэлцүүлгийг улам бүр гүнзгийрүүлэх болно.
  • Хиймэл оюуны эрин үеийн авъяас чадварын өрсөлдөх чадвар нь улам бүр автоматжсан ертөнцөд амжилтанд хүрэхэд шаардагдах ур чадварыг ажилчдад эзэмшүүлэхийн тулд боловсролын систем, корпорацийн сургалтын хөтөлбөрийг дахин нягталж үзэхийг шаарддаг.
  • Хиймэл оюуныг нэвтрүүлэх нь хүний ​​хөдөлмөрийг орлох магадлалтай байгаа нь гадуурхалтыг нэмэгдүүлж магадгүй бөгөөд энэ нь зарим эдийн засагт аль хэдийн өсөн нэмэгдэж буй ялгаварлан гадуурхалтыг улам бүр дордуулж болзошгүй юм.
  • Холбогдох өгөгдлийн хүртээмж хязгаарлагдмал байгаа нь хүний ​​хөдөлмөрийг орлох хиймэл оюуны үр дагаврын талаар нарийвчилсан судалгаа хийх боломжгүй болгож байна.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан