2024, 11-р сар 23, Бямба гариг Шилэн данс

Эрчим хүчний диваажинд хүрэх зам хувьчлал мөн үү?

2012 оны 3-р сар 09, Баасан гариг

Монгол Улс эрчим хүчний диваажин байж болох талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан Монголын эдийн засгийн чуулганы үеэр хэлсэн билээ. “Үнэхээр Монгол Улс бол эрчим хүчний диваажин мөн. Газрын дор ч, дээр ч их хэмжээний нөөц байна. Бид бүс нутгийнхаа эрчим хүчний зах зээлийн хамгийн том тоглогч болох боломжтой” хэмээн “Ньюком” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцлоод, Япон улс л гэхэд Монголын салхины эрчим хүчнээс худалдаж авах сонирхолтой байгаагаар жишээ татсан юм. Газар дороо асар их хэмжээний нүүрс, газар дээрээ нарс, салхи, усны эрчим хүч үйлдвэрлэх арвин нөөцтэй Монгол Улс өнөөдөр яагаад хоёр хөршөөсөө цахилгаан импортлоод байна вэ? Эдийн засгийн чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлт-Нүүрс үү, салхи уу?” салбар хуралдааны үеэр энэ тухай хэлэлцсэн юм.

“Нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн хэмжээгээр Монгол Улс Азидаа тэргүүлж байна. Тэгэхээр манай эдийн засаг ногоон биш, хүрэн ч биш, бүр хар гэсэн үг” хэмээн “Эко Ази” байгаль орчин, менежментийн дээд сургуулийн үүсгэн байгуулагч Ц.Адъяасүрэн учирлав. Энэ нь юуны түрүүнд эрчим хүчний хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг аль социализмын үед бий болсон, техник технологийн хувьд хоцрогдсон дулааны цахилгаан станцуудаас гаргаж авч буйтай холбоотой. Тиймээс ногоон эдийн засгийг хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд эрчим хүчний салбараа “ногооруулж”, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хэрэгтэйг хуралд оролцогчид тэмдэглэж байлаа.  “Мэдээж бид нүүрсээ ашиглаж болно, гэхдээ түүнийг шингэрүүлэх, хийжүүлэх мэтийн цэвэр технологи нэвтрүүлэхэд анхаармаар байна” гэж Ц.Адъяасүрэн сануулав.

Нэгэнт л Монгол Улс нүүрсээр баян учраас түүнийгээ ашиглаж эрчим хүч гаргаж авах нь ашигтайг “Эрдэнэс Тавантолгой” компанийн уул уурхай эрхэлсэн дэд захирал Грем Ханкок тайлбарлаад, АНУ, Хятад, Өмнөд Солонгос зэрэг орон эрчим хүчний хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг нүүрснээс гаргаж авдаг боловч агаарын бохирдлын талаар Монгол шиг асуудалд ороогүйг учирлалаа. Тиймээс нүүрсийг бүрмөсөн халж хаяхдаа биш, харин байгаль орчинд хал багатай дэвшилт технологи нэвтрүүлэхэд л гол учир байгааг Грем Ханкок тэмдэглэсэн юм.

Нүүрс, салхины аль нэгийг сонгохдоо биш, харин байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх тухай ярилцаж, шийдэл эрэх нь энэхүү арга хэмжээний гол зорилго болохыг хэлэлцүүлгийг хөтөлсөн SBN телевизийн ерөнхий захирал Б.Бат-Оргил тайлбарлаж байлаа.

“Сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн, мөн дулааны цахилгаан станцуудын ялгаруулж буй нүүрсхүчлийн хийг бууруулах зорилгоор шүүлтүүр тавих мэтийн ажлыг дэмжсэн бодлогыг хяналтын хамт явуулах хэрэгтэй” хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатар онцолсон.

“Нүүрс үү, салхи уу?” хэлэлцүүлгийн үеэр мөн эрчим хүчний хангамжийн асуудлыг онцлон ярилцсан юм. Эдүгээ Монголын хэрэгцээний дийлэнх хэсгийг хангаж буй долоон томоохон цахилгаан станцын нийт хүчин чадал 856 МВт байхад 2015-2030 онд эрчим хүчний хэрэглээ 1500-3000 МВт хүрнэ гэсэн таамаглал бий. “Энэ бүхнийг хувийн хэвшлийнхэн мэдэж байгаа. Тиймээс тэд ирээдүйд эрчим хүчний хомсдолтой нүүр тулах вий гэдгээс хамгийн ихээр айж байна” хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу анхааруулав. “Монгол Улсын Өрсөлдөх Чадварын Тайлан”-г гүйцэтгэхдээ хувийн хэвшлийнхнээс санал асуулга авдаг онцлогтой. Тэгвэл 2011 оны санал асуулгын дүнгээс үзэхэд олон хүн эрчим хүчний найдвартай байдалд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байлаа.

Энэ бүхнээс үзэхэд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох хэрэгцээ шаардлага тулгамдаж байна. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэх, нүүрсний цэвэр технологи нэвтрүүлэх тал дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах нь хамгийн чухал билээ. Гэтэл Монголын эрчим хүчний салбарт төрийн монополь ноёрхдог, бүтээгдэхүүний үнийг засгаас хянадаг зэрэг нь хөрөнгө оруулагчдыг айлгаж байгааг хуралд оролцогчид тэмдэглэж байлаа.

Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд эрчим хүчний үнийг чөлөөлөх шаардлага тулгамдаж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд учирласан. Эрчим хүчний салбарыг хувьчлах нь зүйтэйг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ч хүлээн зөвшөөрч байлаа.

Гэхдээ салбарыг хувьчилснаар хэрэглэгчдэд ирэх үнийн дарамт их болохыг зарим ороцогч сануулж байв. Түлш, шатахууны зах зээлийг хувийн хэвшилд өгснөөр өнөөдөр бензиний үнийг тогтвортой байлгахын тулд төр яаж зовж байгаагаар жишээ татаж, ийм алдаа дахин давтаж болохгүйг анхааруулж байсан юм.

Харин Д.Зоригт сайд НИК-ийн хувьчлалаар жишээ татаж, “НИК төрийн мэдэлд байхад хангамжийн асуудал хэцүү байдаг байсан. Хавар хамаг ажил эхлэх үеэр түлш, шатахууны хомсдолд орох тухай асуудал байнга толгой өвтгөдөг байсан үе бий. Тэгвэл энэ салбар хувийн хэвшлийнхний гарт очсоноор хангамж найдвартай болчихоод байна. Бид өнөөдөр түлш, шатахууны үнийн талаар л ярьж байгаа болохоос биш хомсдлын талаар ярихгүй байгаа нь дэвшил. Тиймээс эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд өгснөөр ядахдаа хангамж нь найдвартай болно” гэсэн юм.

“Төр гэсээр байтал бид эрчим хүчний зах зээлээ гаднынханд алдах вий” хэмээн Ч.Отгочулуу сануулаад, нэгэнт л эрчим хүчний хэрэгцээ өсөж байгаа учраас түүнийг хангах эх үүсвэр бий болгох хөрөнгө оруулалт татах чиглэлд одооноос анхаарахгүй бол бид улам их хэмжээгээр импортлоход хүрэхээр байгааг онцоллоо.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан