2024, 11-р сар 24, Ням гариг Шилэн данс

"Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулган зохион байгуулагдав

2022 оны 8-р сар 30, Мягмар гариг

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал боловсруулж, холбогдох талуудад зөвлөмж хүргүүлэх зорилготой "Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia), Азийн сан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв хамтран 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав.

Чуулганд Нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл 800 гаруй төлөөлөл оролцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, сорилт, боломж”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул “Бизнес ба эмэгтэйчүүд зөвлөлдөх уулзалтаас гарсан үр дүн”, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны ТУЗ-ийн дарга О.Байгаль “Олон улсын чиг хандлага, сайн туршлага”, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг “Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээр тус тус үндсэн илтгэл танилцуулав.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми “Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих орчин бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийн панелистаар оролцож, 2022 оны 8 дугаар сарын 19-нд өргөн барьсан  "Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийн талаар танилцуулав. Тус хуулийн төсөл нь Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засагт эзлэх хувь, оролцоог нэмэгдүүлэх замаар жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

Бизнесийн салбар дахь жендэрийн ялгааг илүү нарийвчлан үнэлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн, оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг тодорохойлох зарим хууль эрх зүй, бодлогын таатай орчинг бий болгох шаардлага үүссэн. Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар нэгдсэн ойлголттой болох, мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шаардлагатай суурь мэдээллийг бий болгох, оновчтой, цогц орчинг бүрдүүлэх эрх зүйн томоохон шинэтгэлийн суурь нь “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл гэж үзэж байна.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан