Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн түнш, Швейцарь дахь төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Ухаалаг хотын индекс 2021”-г эрхлэн гаргалаа.
Ухаалаг хотын гол зорилго нь ухаалаг технологи, өгөгдөлд дүн шинжилгээ хийж хотын үйл ажиллагааг оновчтой болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ иргэдийн амьдралын чанарыг сайжруулах билээ.
Судалгааны аргачлал
Ухаалаг хотын индекс нь 118 хотын эдийн засаг, технологийн мэдээлэл болон тухайн хотын оршин суугчид хотоо хэр “ухаалаг” гэж үзэж буй төсөөллөөр хотуудыг эрэмбэлдэг билээ. Тус индексийг тооцохдоо 2021 оны долдугаар сард дэлхийн хэмжээнд 15,000 орчим хотын оршин суугчдаас эрүүл мэнд ба аюулгүй байдал, хөдөлгөөнт байдал, идэвхт байдал, боломж, засаглал гэсэн таван чиглэлд 39 асуултаар судалгаа авчээ.
Онцлох үр дүн
2021 оны хамгийн ухаалаг хотоор Сингапур тодорсон бол Европын хотууд эхний 5-т чансаагаа харуулж тэр дундаа Швейцарийн хотууд өндөр үзүүлэлт үзүүллээ.
Уг үзүүлэлтээс харахад хотуудад тулгамдаж буй хамгийн том асуудал нь хямд орон сууцны хүртээмж байна. Түүнчлэн цар тахлын дэгдэлтээс хойш дэлхийн хотуудад агаарын чанарыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү их анхаарал хандуулах болжээ.
Цар тахлын үед ухаалаг хотууд технологийн өндөр соёл, сайн дижитал дэд бүтцийн тусламжтайгаар иргэдийн маршрутыг гаргах, хавьтал болсон хүмүүсийг илрүүлэх зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулж байна. Цар тахлын хүндрэл, бэрхшээлүүдийн үр дүнтэй, түргэн шийдэж чадсан хотууд энэ жилийн Ухаалаг хотын индексэд өндөр үнэлгээ авсан байна. (Жишээ нь Сингапур 1-т, Тайпей 4-т)
Ухаалаг хот байхын тулд заавал том хот байх шаардлагагүй гэдгийг Осло (3-т), Луизанн (5-т), Женев (8-д), Бильбао (10-т) хотуудын жишээгээр харах боломжтой.
Түүнчлэн 2021 онд Швейцарь улсын гурван хот Ухаалаг хотын индексийн эхний арван байрт орсон байгааг онцлох нь зүйтэй. Үүнд үр ашигтай эрүүл мэнд, боловсролын тогтолцоо голчлон нөлөөлжээ.