2024, 11-р сар 23, Бямба гариг Шилэн данс

Улаанбаатар хотын Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021

2021 оны 6-р сар 21, Даваа гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааг танилцуулж байна.

ЭЗБӨЧСТ нь дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос судалж эхэлсэн ба судалгааг хоёр жил тутамд боловсруулж, дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжих, мэдээллийн сан үүсгэх, өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судлах зорилго тавьсан билээ. Ийнхүү бид гурав дахь тайлангаа Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгээд байна.  

Судалгааны зорилго

Судалгааны үндсэн зорилго нь Улаанбаатар хотын болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, үнэлэх, цаашлаад иргэдийн оролцоог хангасан, өргөн хүрээтэй мэдээллийн сан бий болгох юм.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжих нь

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.

Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарч зохион байгуулсан Өрхийн санал асуулгын түүвэр судалгаа болон нийслэлийн албан ёсны статистик мэдээллээс бүрдэнэ.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021 судалгааны үр дүн

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу Улаанбаатар хот болон 9 дүүрэг тус бүрийн өрсөлдөх чадварын индексийг тооцдог. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах ба 0 рүү дөхөх тусам өрсөлдөх чадвар сул, 1 рүү дөхөх тусам өрсөлдөх чадвар сайн гэж ойлгож болно.

Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.545 оноотой үнэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварын оноогоор Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргүүд тэргүүлж байгаа бол Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргүүд бусад дүүрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна. Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүргүүдийн өрсөлдөх чадвар бусад дүүргүүдтэй харьцуулахад дундаж түвшинд үнэлэгдсэн байна.

Өрсөлдөх чадварын өмнөх судалгаатай буюу 2019 оны судалгааны үр дүнтэй харьцуулж харвал Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.557-оос 0.545 буюу 2.2 хувиар буурсан байна. Харин 2017 онд 0.520 байснаас 4.7 хувиар сайжирчээ.

Судалгааны тайлангаас дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээс гадна өрсөлдөх чадварын 5 бүлгийн индексүүд, Улаанбаатар хот болон дүүрэг тус бүрийн өрсөлдөх чадварын төлөв байдал, давуу, сул тал, тулгамдаж буй асуудлууд зэргийг харах боломжтой. Мөн өрсөлдөх чадварын индекс тооцоход ашигласан 150 шалгуур үзүүлэлтийг Улаанбаатар хот болон дүүргүүдээр нарийвчлан харж болно.

Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхэд бус харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч  үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй.

Та судалгаатай холбоотой мэдээлэл сошиал сүлжээгээр түгээх бол #duuregindex хаштаг (hashtag) ашиглана уу.


Холбоо Барих:  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес центр 9-р давхар

Утас:  976-11-321927, 976-99007614 

Fax:   976-11-321926

E-mail: info@ecrc.mn

Вэбсайт: www.ecrc.mn | www.aimagindex.mn | www.nogoonhutuch.mn

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан