Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр” төслийн Монгол Улс дахь Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Удирдах зөвлөлийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Удирдах зөвлөлийн гишүүд болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны албаны хүмүүс оролцлоо.
Энэ удаагийн хуралдаанаар эмэгтэй бизнес эрхлэгчид, тэдэнд тулгамдаж буй нийтлэг асуудлууд, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бодлого, төсөл, үйл ажиллагаануудын талаар Удирдах зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагуудаас танилцуулга хийж, мэдээлэл, санал солилцов.
Хуралдаанаар Хурлаар эмэгтэй бизнес эрхлэгчид санхүүгийн дэмжлэгт хамрагдсан байдал, дэмжлэг авах боломж, нөхцөл байдлын талаар дараах мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ:
- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд эмэгтэй бизнес эрхлэгчид хэр хамрагдсан, тэднийг энэ сангаас яаж дэмжсэн талаар мэдээлэл сонслоо.
- Эмэгтэй бизнес эрхлэгчид (жижиг, дунд) банкны зээлд хамрагдсан тоон үзүүлэлт, хүйсээр ангилсан статистик мэдээлэл авлаа.
- Банкнаас бусад санхүүгийн салбараас (Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо) эмэгтэй бизнес эрхлэгчид үйлчилгээ авсан байдлын талаар мэдээлэл сонслоо.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ямар хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг танилцууллаа.
Хуралдаанаар дараах санал, дүгнэлт гарав:
- 1. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд ач холбогдол өгч бодлогоор дэмжих, цаашлаад тэдэнд зориулсан тусдаа сан үүсгэх шаардлагатайг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцоллоо.
- Эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг ойлголтыг тодорхой болгоё.
- Эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг бодлогын хэмжээнд авч үзэх, цогцоор харах, эрх зүйн орчин бүрдүүлэх цаг болсон.
Удирдах зөвлөлийн дараагийн хуралдаан 2022 оны 3 дугаар сард зохион байгуулагдана.