Эдийн засгийн бодлого,
өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) Хөдөлмөрийн яамтай хамтран “Шинэчилж
шийдье-222” уулзалтыг 12 дугаар сарын 11-нд Төрийн ордонд зохион байгууллаа.
“Баялгийг бид бүтээнэ” уриан дор болсон энэ удаагийн уулзалтаар мэргэжлийн
сургалт, боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн
юм.
Монгол Улсын өрсөлдөх
чадварын тайлангийн хүрээнд авдаг Удирдах ажилтны санал асуулгын үр дүн манай
хөдөлмөрийн зах зээл мэргэжилтэй ажиллах хүчний хомсдолд орсныг харуулдаг.
Гэтэл эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилтэй холбоотойгоор мэргэжилтэй ажиллах
хүчний эрэлт, хэрэгцээ улам л нэмэгдэхээр байна.
Шинэчлэлийн
Засгийн газар “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрөө амжилттай
хэрэгжүүлэхийн тулд мэргэжилтэй, ур чадвартай ажиллах хүчин бэлтгэх асуудалд
онцгой анхаарах нь гарцаагүй. Тиймээс ч Хөдөлмөрийн яам мэргэжлийн сургалт,
боловсролын салбарыг хариуцаж, зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх
үүрэг хүлээж байгааг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав уулзалтыг нээж үг хэлэхдээ
онцолсон юм. Тус яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга М. Жадамба мэргэжлийн сургалт, боловролын салбарын
өнөөгийн байдал, хийхээр төлөвлөж буй шинэчлэлүүдийн талаар илтгэл
танилцууллаа.
Төр, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мэргэжлийн
холбоодын төлөөлөл, МСҮТ-ийн багш, сурагчид зэрэг 500 орчим хүн уулзалтад
оролцсон бөгөөд энэ үеэр олон чухал санал, санаачилга гарав. Тухайлбал,
мэргэжлийн боловролын сургуулиудад элсэлт авахдаа ирээдүйн хөгжлийн чиг
хандлагыг харгалзан үзэх, төгсөгчдийг ажлын байраар хангах байгууллагуудын
талаар судалгаа хийхэд анхаарахыг оролцогчид тэмдэглэж байлаа. Тэдгээр саналыг
үйл ажиллагаандаа тусгаж авахаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчилж
шийдье-222” дөрөв дэх удаагийн уулзалтыг хааж үг хэлэхдээ онцолсон юм.