Швейцарийн Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2021”-г танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тус байгууллагын Монгол дахь албан ёсны түнш бөгөөд жил бүрийн судалгааны тайланд хамтран ажилладаг.
Эдүгээ 33 дахь жилдээ тасралтгүй гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021” -д дэлхийн 64 улс орнуудын өрсөлдөх чадварыг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн үндсэн хүчин зүйлийн хүрээнд хэмждэг. Ихэнхдээ статистик, тоо баримтад түлхүү суурилсан нийт 334 шалгуур үзүүлэлтийн дагуу хэмждэг тул хамгийн өргөн хүрээний, нарийвчилсан судалгаа гардгаараа онцлогтой.
Монгол Улсын өрсөлдөх чадварыг 2010 оноос хойш тасралтгүй хэмжин гаргаж байна.
Монгол Улсын өрсөлдөх чадвар 2021 онд
Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 64 улсаас 60-рт эрэмбэлэгдлээ. Өрсөлдөх чадварын эрэмбэ өмнөх жилээс ахисан хэдий ч өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улстай харьцуулахад ерөнхий оноо 40.045 болж (өмнөх онд 43.4) өрсөлдөх чадвар буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрсөлдөх чадвар хамгийн сул байна.
Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгийг өмнөх жилтэй харьцуулахад эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн өрсөлдөх чадвар 59-өөс 58-д эрэмбэлэгдсэн хэдий ч онооны хувьд өнгөрсөн онд 45.23 оноо авч байснаас энэ жил 36.84 болж илт буурсан үзүүлэлттэй байна. Харин бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа 57-оос 60-руу ухарч хамгийн их буурсан бол засаглалын үр ашиг 53-аас 54-рүү ухарч, дэд бүтцийн хувьд өнгөрсөн онтой адил 62-т тус тус жагссан.
Өрсөлдөх чадварын оноо сайжирсан үзүүлэлтүүдэд интернет хэрэглэгчдийн тоо, инфляци, урсгал дансны тэнцэл, шатахууны үнэ, менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо, байгууллагын хэрэглэгчдэд түгээх цахилгаан, дулааны үнэ, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг орсон. Харин өмнөх оноос буурсан үзүүлэлтэд төсвийн алдагдал, ДНБ-ийн бууралт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын өсөлт, ил тод байдал, засгийн газрын татаас, тэгш боломж, судалгаа шинжилгээнд зарцуулж буй зардал, шударга ёс зэрэг үзүүлэлтүүд оржээ.
Тухайлбал, Монгол Улсын 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ий 9.74%-д хүрсэн бол 2019 онд 0.56%-ын илүүдэлтэй байсан. Мөн нэг хүнд ногдох бодит ДНБ-ий өсөлт 3.17%-аас -5.20, бодит ДНБ өсөлт 5.1%-аас -5.4% болж тус тус буурчээ.
Мөн экспортын төвлөрөл, чадварлаг боловсон хүчин, ААН байгууллагын өр, их дээд сургуулийн боловсролын чанар зэрэг үзүүлэлтээр хамгийн сүүлд буюу 64-т жагссан бол зээлжих зэрэглэлээр 61-рт, улс төрийн тогтворгүй байдлаараа 61-рт, бохирдлын асуудлууд үзүүлэлтээр 63-т эрэмбэлэгджээ. Харин зарим нэг сайжирсан үзүүлэлтүүдээс дурдвал инфляци өмнөх онд 7.26% байснаас энэ онд 3.72% болж буурсан, дунд болон дээд түвшний удирдлагуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 36%-аас 43% болж өссөн байна.
Өнгөрсөн жилийн үр дүнтэй харьцуулахад Эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлгийн хувьд хөдөлмөр эрхлэлт дэд үзүүлэлт 60-аас 56-д мөн олон улсын хөрөнгө оруулалт дэд үзүүлэлт 54-өөс 50-д тус тус жагсаж хамгийн ихээр урагшилжээ. Гэвч Засаглалын үр ашиг дэд үзүүлэлтүүд, тэр дундаа улсын төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгааг хэмжин жагсаахад өнгөрсөн оны өрсөлдөх чадварын тайланд 42-т орж байсан бол энэ онд 53-руу мөн Бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны дэд үзүүлэлт дэх хөдөлмөрийн зах зээл 50-аас 63-руу тус тус ухарч хамгийн их бууралтыг үзүүлжээ.
2021 онд тулгарч буй бэрхшээл, сорилтууд:
- Экспортын хязгаарлалт, хилийн хориг болон өрийн ачаалал зэргээс үүдэн эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байна.
- КОВИД-19 цар тахлын улмаас зарим компаниуд үйл ажиллагаагаа зогсоох буюу ажилчдаа цомхотгох болсон тул ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна
- Бизнесийн орчин дордсноор чанаргүй зээлийн тоо хэмжээ нэмэгдсээр байна.
- Эдийн засгийг дэмжихийн тулд бэлэн мөнгө тараах болон мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн нь инфляцийн дарамт үүсгэж байна
- Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөх улс төрийн тодорхойгүй байдал мөн дотооддоо КОВИД-19 цар тахлын халдварыг тогтооход эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй болох зэрэг ажиглагдаж байна.
Дэлхийн улс орнууд 2021 онд
КОВИД-19 цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засагт хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл хэвээр байна. Үүний зэрэгцээ хүрээлэн буй орчны асуудлууд, ажилгүйдэл, олон улсын худалдааны удаашрал, үйлдвэрлэлийн саатал зэрэг нь улс орнуудад нийтлэг тулгамдаж буй асуудлаар нэрлэгджээ. Ингэснээр судалгаанд хамрагдсан улс орнуудын дийлэнхийн өрсөлдөх чадвар харьцангуй буурсан байна. Бүс нутгаар харвал Зүүн Ази, Баруун Европын ялангуяа Швейцарь, Скандинавын орнуудын өрсөлдөх чадвар он гарснаар мэдэгдэхүйц сайжирч, харин бусад бүс нутагт өрсөлдөх чадвар мууджээ.
Энэ жилийн тайланд Швейцарь улс өрсөлдөх чадвар хамгийн өндөртэйгээр тэргүүлсэн. Үүний дараа Швед, Дани, Нидерланд болон Сингапур улсууд эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадвар хамгийн султай улс орноор Венесуэл, Аргентин, ӨАБНУ, Ботсвани болон Монгол Улс оржээ.
Цар тахалтай тэмцэхэд эдийн засгийн хурдан тэнхрэх байдал, овсгоо самбаа, шинэ технологи нэвтрүүлэлт буюу хуучин технологи, нөөц бололцоогоо дахин дайчлах байдал, нийгмийн халамж болон уялдаа холбоотой ажиллах зэрэг маш чухал байлаа. Тийм ч учраас 2021 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд дээгүүр жагссан улс орнууд дээрх хүчин зүйлүүд дээр анхаарч ажиллажээ.
Дэлхий даяар зайнаас ажиллах, суралцах шаардлага үүсч үүнийг дагаад олон содон техник технологи шинээр бий болсныг КОВИД-19-ын эерэг нөлөө гэж удирдах ажилтнуудаас авсан санал асуулгад дурджээ. Энэхүү цахим шилжилтийг Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд “Технологийн Дэд бүтцийн үзүүлэлт”-ээр хэмжсэн бөгөөд Сингапур, Нидерланд, Швед, Финлянд болон АНУ зэрэг улсууд эхний байруудад жагсчээ.
Судалгааны үр дүнгээс харахад хуулийн хэрэгжилт сайтай, эдийн засаг нь тогтвортой улс орнууд сайн үзүүлэлттэй байгааг харж болохоор байна. Бодлого шийдвэр нь ил тод, үр дүнтэй, байхын зэрэгцээ бүтээмж өндөртэй улсууд жагсаалтын эхэнд оржээ. Бүтээмж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон хөдөлмөрийн зах зээлийг хүчирхэгжүүлэхэд хувийн хэвшил голлох үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал Норвеги улс бизнесийн идэвх, үр бүтээмжийг нэмэгдүүлснээр хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлтүүдийг авчирсан байна.
Эрүүл мэнд болон боловсролын салбарын тогтолцоо нь өрсөлдөх чадварын гол хүчин зүйлүүд болж энэ чиглэлийн бодлогын хэрэгжилт, дэд бүтэц сайн хөгжсөн улсууд цар тахлыг амжилттай даван туулж байгааг өрсөлдөх чадварын тайлан хэмжин харуулжээ. Жишээлбэл өнгөрсөн жил 3-д энэ жил 1-т орсон Швейцарь улсын боловсролын тогтолцооны өрсөлдөх чадварын үзүүлэлт нь мөн ахиж 1-т оржээ.
Түүнчлэн тус тайланд жендерийн эрх тэгш байдал, шударга ёс ба хүн бүрт тэгш боломжоор хангагдаж байгаа эсэх зэрэг урт хугацааны шинж чанаруудыг ч мөн хамруулсан байдаг.
Холбоо Барих: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес центр
9-р давхар
Утас: 976-11-321927, 976-99007614
Fax: 976-11-321926
E-mail: info@ecrc.mn
Вэбсайт: www.ecrc.mn | www.aimagindex.mn | www.nogoonhutuch.mn