2024, 11-р сар 23, Бямба гариг Шилэн данс

Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021

2022 оны 1-р сар 26, Лхагва гариг

"МОНГОЛ УЛС: АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАН 2021"-ийг танилцууллаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнг танилцуулж байна.

ЭЗБӨЧСТ нь 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжих, мэдээллийн сан үүсгэх, өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судлах ажлыг эхлүүлсэн бөгөөд өдгөө 10 дахь жилдээ судалгааны тайланг боловсруулан танилцуулж байна.

Судалгааны зорилго

Судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох, өрсөлдөх чадварын давуу, сул тал, өөрчлөлтийг хэмжихэд оршино.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжих нь

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн 4 үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог.

Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдийн санал асуулгын мэдээллээс бүрддэг.

Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүн

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн байлаа.

Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгджээ.

Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг. Энэхүү үнэлгээнээс харахад аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 8 оноогоор өссөн үзүүлэлт гарчээ.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан байна. Үүнд Увс, Завхан, Орхон аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахисан байна.

Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал:

  • Дорноговь аймгийн засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч, дэд бүтэц бүлгийн оноо өссөн. Улмаар дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн;
  • Орхон аймаг ерөнхий үнэлгээгээр 2-рт (өнгөрсөн 9 жил 1-рт эрэмбэлэгдэж байсан) эрэмбэлэгдэхэд засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүдийн оноо буурсан нь нөлөөлжээ;
  • Дархан-Уул аймаг эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноогоо 12-оор ахиулж ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч засаглалын үр ашгаар 6 эрэмбэ ухарч 11-рт эрэмбэлэгдсэн;
  • Өмнөговь аймаг ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо ихээхэн буурчээ;
  • Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан нь Увс, Завхан, Орхон аймгууд юм. Увс аймгийн оноо 3.9-өөр, Завхан аймгийн оноо 1.3-аар, Орхон аймгийн оноо 0.1-ээр буурсан;
  • Өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо Архангай аймаг 20-иор, Говь-Алтай аймаг 17-оор ахиулсан нь өнгөрөгч 1 жилд хамгийн өсөлттэй нь байлаа. Гэвч ерөнхий эрэмбээр Архангай аймаг 15-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна;
  • 21 аймгаас Булган [21], Завхан [20], Дундговь [19], Говь-Алтай [18], Баянхонгор [17] аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймгийн хувьд Бизнесийн үр ашиг үзүүлэлт хамгийн муу байна.

Өрсөлдөх чадварын хүчин зүйлс

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлэг болох эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хувьд авч үзвэл:

Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь, Дорноговь аймгууд тэргүүлж байна. Харин Баян-Өлгий, Дундговь, Завхан, Ховд аймгууд эдийн засгийн чадавхийн хувьд сул байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Баянхонгор, Говь-Алтай, Төв аймгуудын эдийн засгийн чадавх хамгийн их нэмэгдсэн бол Дундговь, Дорнод, Увс аймгийн хувьд эдийн засгийн чадавх суларсан байна.

Засаглалын үзүүлэлтээр Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд эхний байруудад жагсжээ. Харин Ховд, Завхан, Баян-Өлгий аймгууд сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймгуудын засаглал хамгийн их нэмэгдсэн бол Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Орхон аймгуудын хувьд засаглал суларсан байна.

Бизнесийн үр ашиг үзүүлэлтээр Дархан-Уул, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгууд тэргүүлжээ. Харин Булган, Говь-Алтай, Завхан аймгууд сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Хөвсгөл, Дундговь, Баянхонгор аймгуудад бизнесийн үр ашиг сайжирсан бол Өвөрхангай, Орхон, Увс аймгуудад бизнесийн үр ашиг буурсан байна.

Дэд бүтцийн хувьд Дорноговь, Дархан-Уул, Ховд аймгууд тэргүүлжээ. Харин Баянхонгор, Булган, Төв аймгууд сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Өвөрхангай, Дорноговь, Архангай аймгуудад дэд бүтэц сайжирсан бол Баянхонгор, Увс, Говьсүмбэр, Орхон аймгуудад дэд бүтэц буурсан байна.


МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан