2024, 4-р сар 25, Пүрэв гариг Шилэн данс

Монгол Улс: Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө

2011 оны 9-р сар 10, Бямба гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын (ЭЗБӨЧ) судалгааны төвөөс “Монгол Улс: Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө” сэдэвт судалгааны үр дүнг танилцуулж байгаадаа таатай байна. Өрсөлдөх чадварын ойлголтыг олон нийтэд түгээх, Монгол Улсын өрсөлдөх чадварт тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудын талаар судалгаа хийн, эдийн засгийн зохистой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор тус төв нь байгуулагдсан. Үйл ажиллагааныхаа хүрээнд жил бүр нэгээс хоёр салбарыг сонгон авч, төрийн оролцоо, зохицуулалтын үр нөлөө, хувийн салбарын гүйцэтгэх үүрэг зэрэг гол хүчин зүйлсийг нарийвчлан судлан, олон улсын туршлагатай харьцуулж, зөвлөмж боловсруулахаар зорьж байна.

2011 онд манай төв аялал жуулчлал болон бизнес аялал, худалдаа, нийт эдийн засгийн хөгжлийг дэмждэг агаарын тээврийн салбарыг сонгон авсан бөгөөд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар, агаарын тээврийн талаар мэргэшсэн олон улсын компани болох InterVISTAS-ыг Монгол Улсын хэмжээнд үнэлгээ хийхээр сонгон, хамтран ажиллалаа.

Судалгаагаар Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбар, агаарын хөдөлгөөний хэмжээ, эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлж, либералчлалын үр дүнд бий болох үр нөлөөг дараах байдлаар нягталж, дүгнэсэн юм. Үүнд:

  • Зорчигчдын тоо, тийзийн үнэ, агаарын ачаа тээврийн хөдөлгөөнд гарах өөрчлөлт
  • Нийт эдийн засаг, агаарын тээврийн салбарын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж
  • Аялал жуулчлалын салбарт үзүүлэх нөлөө
  • ДНБ-ий өсөлт

Мөн түүнчлэн уг судалгаагаар либералчлалын талаар баримтлах хандлага, либералчлалын талаарх зохицуулалт, дэд бүтцэд гарах үр дагаврын талаар хэлэлцэж, зөвлөмж боловсруулж байна. Ер нь даяаршиж буй өнөөгийн ертөнцөд олон улсын өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд баялгийг гардан бүтээгч хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд төр бодлогын хувьд анхаарах хэрэгтэй.

Та бүхэн энэхүү тайлантай танилцсанаар бидний эхлүүлсэн ажил цаг үеэ олсон, манай орны нийгэм, эдийн засгийн зохистой хөгжилд чухал ач холбогдолтой судалгааны бүтээл болсон тухайд санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Татах: Монгол улс: агаарын харилцааны либералчлалын үр нөлөө

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан