2024, 5-р сар 20, Даваа гариг Шилэн данс

ДЭЛХИЙН АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ТАЙЛАН 2023

2023 оны 10-р сар 11, Лхагва гариг

Швейцар дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс  “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2023”-ыг танилцуулж байна.

Судалгааны тухай:

Дэлхийн авьяас, ур чадварын тайлан нь улс орнуудыг үнэлэхдээ үндсэн 3 бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг.

  • 1) Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйл (Investment and Development): Авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн дотоодын нөөц бололцоо
  • 2) Авьяас, ур чадварыг татах хүчин зүйл (Appeal): Олон улсын болон дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах, хадгалах чадвар
  • 3) Бэлэн байдлын хүчин зүйл (Readiness):  Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал

Эдгээр үндсэн 3 бүлэг нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтийг агуулдаг.

Судалгааны үр дүн:

2023 оны судалгаанаас харахад авьяас, ур чадварын эрэмбээр Швейцар улс тэргүүлсэн хэвээр байгаа бол, Люксембург 2-рт, Исланд 3-рт, Бельги 4-рт, Нидерланд 5-рт, Финланд 6-рт, Дани 7-рт эрэмбэлэгдсэн байна. Харин ерөнхий үнэлгээний 8-рт Азийн тивийн Сингапур улс эрэмбэлэгджээ. Австри 9-рт эрэмбэлэгдсэн бол, өнгөрсөн оны тайланд 2-рт эрэмбэлэгдэж байсан Швед улс 10-рт эрэмбэлэгдэж нэлээд ухарсан байна. Үүнээс гадна АНУ 15-рт, БНХАУ 41-рт, Япон 43-рт эрэмбэлэгджээ. Авьяас, ур чадвар хамгийн сул орнуудаар Венесуэл (62-рт), Бразил (63-рт), Монгол (64-рт) тус тус эрэмбэлэгдэж сүүл мушгижээ.

Монгол Улсын авьяас, ур чадварын эрэмбэ:

Өмнө дурдсанчлан Монгол Улс ерөнхий үнэлгээ 23.18 оноотойгоор 64 улсаас 64-рт эрэмбэлэгдэж сүүл мушгисан. Энэ нь өнгөрсөн оноос 2 эрэмбэ ухарч, 3.24 оноо буурсан үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61-рт, авьяас, ур чадварыг татах хүчин зүйлээр 64-рт, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдлаар 63-рт эрэмбэлэгджээ.

Авьяас, ур чадварын ерөнхий эрэмбэ буурахад бага боловсролын сурагч-багшийн харьцаа (63-рт), эрүүл мэндийн дэд бүтэц (62-рт), ажилчдын урам зориг (63-рт), амьдралын чанар (63-рт), шударга ёс (63-рт), санхүүгийн ур чадвар (64-рт), чадварлаг менежерүүд (64-рт), их сургуулийн боловсрол (64-рт) гэх мэт үзүүлэлтүүд хойгуур эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ.

Онцлох нь:

2023 оны Дэлхийн авьяас, ур чадварын тайланд 64 улс хамрагдсанаас Кувейт улс анх удаа оролцсон.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал, Профессор Артуро Брис алсын зайн болон хосолмол ажил эрхлэгчдийг тайлбарлахдаа: “Нэг улсад боловсрол эзэмшсэн, өөр улсад амьдардаг, гуравдагч улсад байрладаг компанид ажилладаг шинэ төрлийн ажилтан бий болсон нь ажиглагдаж байна” гэжээ.

Судалгаанд хамрагдсан 64 улсын 4000 гаруй бизнесийн байгууллагын удирдах түвшний ажилтнуудын 68% нь ажлын байран дээрээ бүтэн цагаар ажиллах нь чухал гэсэн бол 27% нь алсын зайн болон хосолмол ажил эрхлэлт нь тэдний карьерын хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ.

Ихэнх бүс нутаг, улс орнуудын авьяас, ур чадварын үр дүн Ковид-19  цар тахлын өмнөх түвшинд эргэн хүрэхгүй хэвээр байна.

Боловсролын системийг эдийн засгийн тогтолцооны хэрэгцээнд нийцүүлэх нь авьяас, ур чадварын өрсөлдөх чадварын томоохон сорилтуудын нэг хэвээр байна. Авьяас, ур чадварын үнэлгээний тэргүүлэгчид нь ерөнхий боловсролын хичээлээс илүү мэргэжлийн сургалт, дагалдан сургах ажлыг чухалчилдаг улс орнууд юм. Бид аль нэгийг нь нөгөөгөөр нь орлуулахыг зөвлөдөггүй, гэхдээ аль ч сонголтын хувьд эдийн засгийн уялдаа холбоо чухал юм.”

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан