2024, 10-р сар 04, Баасан гариг Шилэн данс

Хотжилт уу хүн амын хэт төвлөрөл үү?

2019 оны 3-р сар 28, Пүрэв гариг

Улаанбаатар хот: Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019”-гийн үр дүнгээс


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааг хоёр дахь удаагаа гарган үр дүнг танилцууллаа.

Улс орны хөгжлийн явцад гарч ирдэг зайлшгүй нэгэн үзэгдэл нь хотжилт бөгөөд хөгжил, дэвшил, шинэчлэлт гэдэг үгстэй утга нэг ойлгогддог. Бид хотжилтыг хөдөө орон нутгаас шилжин ирэх хүний тоо нэмэгдэх төдийхнөөр ойлгодоггүй харин илүү сайн амьдралын стандарт, илүү боломж гэж хардаг.

Харин Монгол Улсын хувьд ‘хотжилт’ гэх үзэгдэл яг хэрхэн тодорхойлогдож, ямар үр нөлөөг дагуулж байна вэ? Хотжилт иргэдийн амьдралыг сайжруулж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж чадаж байна уу?

Манай улсын нийт хүн амын 67.2 хувь нь хот суурин газар, үүнээс 45.3 хувь буюу 2 хүн тутмын нэг нь нийслэл хотод амьдарч байна. Тэр дундаа нийслэл хотын нийт хүн амын 95.1 хувь нь төвийн 6 дүүрэгт амьдарч буй юм[1].

Нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын дийлэнх нь төвлөрч буйгаас харахад хотжилт үнэхээр эрчимтэй байна. Харин хотжилтын үр нөлөөг үнэлэхийн тулд түүнийг зөв тодорхойлох, олон талаас нь бодитоор хэмжих нь чухал. Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааны үндсэн зорилго нь энэ билээ.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг судалж эхэлсэн 2 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэл хотын хүн ам 2.7 хувь нэмэгдэж 1.4 сая иргэнтэй, 386 мянган өрхтэй болжээ.[2]

Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.557 болж, 2017 оны судалгаатай харьцуулахад 7 хувь нэмэгдсэн байна. Өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах ба 1 рүү дөхөх тусам өрсөлдөх чадвар сайтай гэж үздэг.

Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг үндсэн 5 бүлгээр харвал эдийн засаг, амьдралын чанарын хувьд харьцангуй сайн буюу 0.6-аас дээш оноотой, харин аюулгүй байдал, засаглал 0.5 орчим, амьдрах орчны хувьд 0.5-аас бага оноотой үнэлэгдсэн байна.

Манай улсын эдийн засгийн гол цөм нь яахын аргагүй Улаанбаатар хотод төвлөрч байна. Нийт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын 64.2 хувь нь нийслэл хотод төвлөрч, улсын нийт ДНБ-ий 64.7 хувийг энд бүрдүүлж байна.[3] Дүүргүүдийн судалгааны үр дүнгээс харвал эдийн засгийн төвлөрөл өндөр, иргэдийн амьжиргааны түвшний өөрчлөлтийн талаарх хүлээлт эерэг байгаа боловч ажилгүйдлийн түвшин өндөр, үнийн өсөлтийн иргэдийн амьжиргаанд үзүүлэх дарамт их хэвээр байна. Нийт өрхийн 39 хувь нь сард 500 мянган төгрөгнөөс доош орлоготой байна.

Улаанбаатар хотыг зорих гол шалтгаанууд болох эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, эмнэлэг, сургуулийн орчин, нөхцөл хөдөө орон нутагтай харьцуулахад сайн байгаа хэдий ч эмнэлгийн ачаалал өндөр байгааг судалгааны үр дүнгээс харж болно. Мөн ЕБС-ийн хамран сургалт сайн байгаа бол цэцэрлэгийн хамран сургалтын хувь тун хангалтгүй гарчээ. 2017 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 2-5 насны нийт хүүхдийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн төрийн өмчийн цэцэрлэгийн сурагч багшийн харьцаа өндөр (нэг багшид ногдох сурагчийн тоо 38) байна. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж өмнөх судалгаатай харьцуулахад сайжирч байгаа хэдий ч хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байна.

Улаанбаатар хот хэр аюулгүй, амар тайван хот вэ? Хүн амын тоотой харьцуулж харвал нийслэл хотод гэмт хэргийн тоо хөдөө орон нутгаас өндөр байдаг. Түүнчлэн 2 жилийн өмнөх судалгаатай харьцуулахад гэмт хэргийн гаралт нэмэгдсэн, илрүүлэлт буурсан байна. Харин залуусын гэмт хэрэгт холбогдох байдал багасах хандлагатай болжээ. Мөн хууль ёс хүн бүрт тэгш үйлчлэх байдлыг иргэд 3.8 оноогоор үнэлсэн нь тун тааруу үзүүлэлт байна.

Аюулгүй амьдрах нэг нөхцөл нь эрүүл, цэвэр орчинд амьдрах явдал билээ. Гэтэл Улаанбаатар хотын иргэд эрүүл орчинд амьдарч чадахгүй байна. Агаарын бохирдол, ил задгай хог хаягдал, дуу чимээний бохирдол зэрэг үзүүлэлтийн үнэлгээ доогуур байгаа нь үүнийг илтгэж буй юм.

Хотжилтын нэг том давуу тал нь ая тухтай амьдралын стандартыг бий болгох байдаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 44 хувь нь орон сууцанд буюу төвлөрсөн системд холбогдсон бол 27 хувь нь монгол гэрт амьдарч байна. Хамгийн сонирхолтой нь энэ үзүүлэлт 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй (2007 онд нийт өрхийн 26 хувь нь монгол гэрт амьдарч байсан [4]) байгаа юм.

Иргэд хот төлөвлөлтийн оновчтой байдалд дунд үнэлгээ өгч байна. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам зэрэг үзүүлэлтүүд тун хангалтгүй байгаа нь уг үнэлгээнд нөлөөлжээ. 

Өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад дүүрэг, хорооны цахим засаглал, мэдээллийн нээлттэй байдал нэмэгдэж, түүнийг даган дүүрэг, хорооны үйл ажиллагааны хүртээмж сайжирсан хэдий ч дүүргүүдийн төсвийн удирдлага, иргэдийн төсвийн эрх мэдэл сул хэвээр байна.

Ийнхүү нэг талаас хотжилт эрчимжих буюу хотод амьдрах иргэдийн тоо, хүн амын нягтрал нэмэгдэх үзэгдэл явагдаж байна. Харин хотжилтын чанарын хувьд хотод амьдарч буй иргэдийн амьдралын стандарт нь хүн амын өндөр нягтралаас хамааран буурахгүй байх, сонголт хийх боломж нь хязгаарлагдахгүй байх учиртай ч энэ нь бодит байдалд төдийлөн хангагдахгүй байна.

Хотжилт илүү сайн амьдралын стандартыг сонгох боломжийг нээж байгаа нь үнэн ч энэ нь хүн бүрт хүртээмжтэй бус байна. Хотжилтын эерэг нөлөөг илүү хүртээмжтэй байлгах, хотын болон дүүргүүдийн өрсөлдөх чадварыг тогтвортой хөгжүүлэх нь урт хугацаанд анхаарах гол асуудал гэж дүгнэсэн.

Дүүргүүдийн хувьд өрсөлдөх чадварын ялгааг харвал ерөнхийд нь гурван түвшинд ангилав. Үүнд өрсөлдөх чадварын хувьд харьцангуй сайн буюу Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүд (өрсөлдөх чадварын индекс нь 0.510-аас дээш оноотой), өрсөлдөх чадварын хувьд дундаж Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүд (өрсөлдөх чадварын индекс нь 0.460-0.510 хооронд оноотой) болон алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүрэг (өрсөлдөх чадварын индекс нь 0.460-аас бага) гэж ангилж болохоор байна.

Өөрөөр хэлбэл нийслэл хотын дүүргүүдийн өрсөлдөх чадвар харилцан адилгүй хэмжээнд байгаа нь мөн анхаарал хандуулах асуудал гэж харагдаж байна.

Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг сайжруулах, дүүргүүдийн өрсөлдөх чадварын ялгааг арилгахын тулд судалгааны үр дүнг тогтмол хэмжиж, өрсөлдөх чадварын сул үзүүлэлтэд илүү анхаарал хандуулан ажиллах шаардлагатай. Энэхүү судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхэд бус харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч  үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй юм.

Хүн амын хэт төвлөрлөөс үүдсэн асуудлаар дүүрэн бус харин хүн бүр сэтгэл хангалуун амьдрах боломжоор дүүрэн хотыг бид хүсэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авах боломжтой:

[1] Монгол Улсын хүн амын статистик, 2017, Үндэсний статистикийн хороо

[2] Улаанбаатар хотын хүн амын статистик, 2015, 2017 он, Нийслэлийн статистикийн газар

[3] 2017 оны байдлаар, Үндэсний статистикийн хороо

[4] Нийслэлийн статистикийн эмхтгэл, 2007, Нийслэлийн статистикийн газар

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан