2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Хараат байдлаас хамтдаа гарах нь

2012 оны 12-р сар 19, Лхагва гариг

Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаатай холбоотойгоор түлш шатахууны хэрэглээ үлэмж нэмэгдэж байна. Гэтэл бид нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд түүнийхээ 95 орчим хувийг зөвхөн ОХУ-аас авдаг. Энэ нь манай гадаад худалдаанд сөргөөр нөлөөлж, 2012 оны 11 дүгээр сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 2.2 тэрбум ам.долларт хүрэв. Үүний хажуугаар дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ нэг хувиар өсөхөд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 0.1 хувиар буурна гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ болон импортын өсөлт манай гадаад худалдаанд нөлөөлөөд зогсохгүй эдийн засгийн өсөлтийг сааруулж, өрсөлдөх чадварыг доройтуулж буй.

Тиймээс Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний Баасан гарагт “Монгол Улсын нефтийн хараат байдал: Түүнээс гарах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг Кемпински Хаан Палас зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. “Түлш, шатахууны импортын хараат байдлаас гарах нь төр засаг, хувийн хэвшил, нийт ард иргэдийн зорилго билээ. Тиймээс нефтийн хараат байдлаас гарах хамгийн үр дүнтэй арга замыг хамтдаа эрэлхийлье” хэмээн ЭЗБӨЧСТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Лакшми хэлэлцүүлгийг нээхдээ хэлэв. Уг арга хэмжээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл болоод судлаачид оролцсон юм.

Их бага ялгаагүй, ямар ч хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр байгуулсан ашигтай байх тооцоо бийг Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн, доктор, профессор Ц.Багмид гуай онцолж байв. Тэгвэл хараат байдлаас бүрэн гарахын тулд хүрэн нүүрсний арвин нөөцөө ашиглах хэрэгтэйг ШУА-ийн Хими, Хими технологийн хүрээлэнгийн доктор Б.Авид тэмдэглэлээ. Харин “Жени Ойл энд Газ” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд ерөнхийлөгч Ц.Ганцог “Шатдаг занар: Эрчим хүчний шинэ эх үүсвэр” сэдэвт илтгэл танилцуулсан билээ.

Газрын тос, нүүрс, занар гээд боломжийн бүхий л хувилбараа монголчууд одооноос судалж байх хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн юм. Газрын тосны үйлдвэр байгуулах, нүүрснээс шингэн түлш гаргах технологи нэвтрүүлэх зэрэг санал, санаачилгыг хувийн хэвшлийнхэн гаргадаг ч төр, засгийн түвшинд очоод гацдаг тухай судлаачид мөн ярьж байлаа. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарах стратегийн зорилттой болж, ямар ч улстөрийн нам эрх барьж байсан тэрхүү зорилгод хүрэхийн тулд ажилладаг байх хэрэгтэй ажээ. Ер нь түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхэд төрөөс үзүүлэх хамгийн том дэмжлэг нь бага оролцох явдал гэдэгтэй салбарын экспертүүд санал нэгдэж байв.

“Монгол Улсын нефтийн хараат байдал: Түүнээс гарах арга замууд” хэлэлцүүлгийн үеэр гарсан бүх саналыг нэгтгэж, нефтийн импортын хараат байдлаас гарахын тулд төр засаг ямар бодлого баримтлах тухай зөвлөмж гаргахаар ЭЗБӨЧСТ-ийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Мөн хэлэлцүүлэгт оролцогчдоос авсан санал асуулгын үр дүнгээс үзэхэд энэхүү сэдвийг цааш үргэлжлүүлэн судлах шаардлагатай ажээ. Энэ чиглэлээр судалгаа хийх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжав онцолсон юм.

Та бүхэн “Монгол Улсын нефтийн хараат байдал: Түүнээс гарах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан илтгэлүүдийг ecrc.mn цахим хуудаснаас татаж авна уу.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан