2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

Төвийн судлаачид Тайланд улсын нийслэл Бангкокт семинарт оролцлов.

2011 оны 11-р сар 02, Лхагва гариг

Тайланд улсын нийслэл Бангкок хот дахь НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын төв байранд 2011 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хорооноос “Статистикийн тоон өгөгдлийг бодлогын судалгаа, шинжилгээнд үр ашигтай ашиглах нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Уг семинарт Ази, Номхон далайн нийт 10 улсаас стастикийн тоон өгөгдлийг бодлогын судалгаа шинжилгээнд үр ашигтай ашиглаж байгаа сайн жишээг бэлдэж ирсэн бөгөөд семинарын зорилго нь эдгээр сайн жишээнд тулгуурласан хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хэрхэн сайжруулах, илүү үр ашигтай хэрэглээг бий болгох зөвлөмж боловсруулж, гарын авлага бэлтгэн хэвлэх ажил юм.

Төвийн судлаач Э.Уртнасан “Статистикийн тоон мэдээлэл түгээх ezStat программын хэрэглээ”, Р.Лхагвасүрэн “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлангийн хэрэглээ“ сэдвээр энэхүү семинарт бэлтгэж оролцсон. /Семинарт оролцсон сайн жишээнүүд болон илтгэлүүдийг эндээс үзнэ үү/

Семинарын эхний өдөр шалгарсан нийт 12 сайн жишээг дөрвөн бүлэгт хуваан хэлэлцүүлж, 2 дахь өдөр нь 15 минутын илтгэл тавих нэг сайн жишээг бүлэг бүрээс сонгон шалгаруулсан юм. Уг шалгаруулалтаар B бүлгээс судлаач Р.Лхагвасүрэнгийн, D бүлгээс судлаач Э.Уртнасангийн сайн жишээ тус тус шалгарсан. Гэвч нэг улсаас 2 илтгэл шалгарсан учир бусад улсуудын нэгэнд боломж олгох санал семинарт оролцогчдын зүгээс гарсантай холбогдуулан B бүлгийнхэн сонголтоо өөрчилж, Филиппин улс илтгэл тавих болсон. “Статистикийн тоон мэдээлэл түгээх ezStat программын хэрэглээ” сэдэвт илтгэлийг семинарын 2 дахь өдөр тавьсан нь оролцогчдын сонирхлыг татаж байлаа.

Семинарын 3 дахь өдөр Мелбурны их сургуулийн докторын ангийн оюутан Фрэнк ван Капеллегийн “Demonstration of  StatPlanet” (Статистикийн ертөнцийг нээх нь) илтгэл бидний хувьд их сонирхолтой байв. Энэ нь статистикийн өгөгдөл, мэдээллийг төрөл бүрийн сонирхолтой график, хэлбэрээр харуулах боломжтой үнэгүй программ бөгөөд олон улсын байгууллагууд, зарим орны засгийн газрын агентлагууд, дэлхийд нэр хүндтэй томоохон компаниуд өргөнөөр ашиглаж эхэлсэн байна. Төвийн хамт олон Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлангийн үзүүлэлтээр илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх, цахим хуудсанд мэдээлэл маягаар байршуулах зэрэгт уг программыг ашиглах бүрэн боломжтой юм. /Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sacmeq.org/statplanet/ цахим хуудаснаас авна уу./ Мөн энэ өдөр сайн жишээний шалгуур үзүүлэлтүүд, бүтэц ямар байвал зохих талаар хэлэлцүүлэг өрнүүлэн шалгуур үзүүлэлт, бүтцийг шинэчлэн батлав. Үр дүнгийн хувьд хөгжиж буй орнуудын судалгааны ажилд тулгардаг бэрхшээл, шийдэл, хэрхэн үр ашигтай ашиглах талаар олон талын туршлага солилцсон семинар болж өнгөрсөн бөгөөд энэхүү семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлнэ гэдгээ Эдийн засаг, нийгмийн хорооны статистикийн хэлтсээс мэдэгдсэн юм.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан