2024, 4-р сар 27, Бямба гариг Шилэн данс

Судлаачдын ээлжит уулзалт болов

2013 оны 5-р сар 29, Лхагва гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс Судлаачдын   ээлжит   уулзалтыг тавдугаар сарын 29-нд зохион байгуулсан бөгөөд төр, ТББ, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын төлөөлөл оролцлоо. “Судлаачдын хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцох байдлыг сайжруулахад чиглэсэн энэхүү санаачилгыг манай хүрээлэнгийн зүгээс дэмжиж ажиллана” хэмээн энэ удаагийн уулзалтыг хамтран зохион байгуулсан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл онцлов.

Уулзалтын үеэр Стратеги судалгааны хүрээлэн, Хөдөлмөрийн судалгааны институт, Сант марал сан, Гамшиг судлалын хүрээлэн, УИХ-ын судалгаа, шинжилгээний хэлтэс, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн төлөөлөл өөрсдийн байгууллага, үйл ажиллагааг бусдадаа танилцууллаа. “Энэ ондоо багтаад манай байгууллагаар зочилж, уулзалтаа зохион байгуулахыг урьж байна” хэмээн Хөдөлмөрийн судалгааны институтын албаны дарга Ч.Чулуунцэцэг хэлэв.

Мөн хэлэлцүүлгийн үеэр оролцогчид судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо хуваалцсан юм. Судалгааны байгууллагууд, судлаачдад хэрэгтэй мэдээллүүдийг нэгтгэж, мэдээллийн сан бий болгох ажлыг яаралтай эхлүүлэх нь зүйтэй хэмээн оролцогчид санал нэгдлээ. ЭЗБӨЧСТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Лакшми хурлыг хааж үг хэлэхдээ дараагийн уулзалт 6 дугаар сарын сүүлчийн долоо хоногт болохыг сануулаад, тэр үеэр оролцогчид зөвхөн байгууллага биш, тодорхой судалгааныхаа талаар танилцуулж, мэдээлэл авах, санал солилцох боломжтойг тэмдэглэв.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан