2024, 4-р сар 27, Бямба гариг Шилэн данс

Монгол Улс өрсөлдөх чадвараар 61-рт эрэмбэлэгджээ

2020 оны 6-р сар 16, Мягмар гариг

Луизанн хот, Швейцарь улс                                                                   2020 оны 6-р сарын 16

    11:00 цаг (CEST)

Швейцарийн Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2020”-г танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тус байгууллагын албан ёсны түнш байгууллагын хувьд Монгол Улсын мэдээллийг жил тутам нэгтгэн илгээхийн зэрэгцээ тухайн онд тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийг тодорхойлон хамтран ажилладаг.

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2020” -д дэлхийн 63 улс орныг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 337 шалгуур үзүүлэлтийн дагуу харьцуулан өрсөлдөх чадварыг хэмждэг. Тус судалгаа эдүгээ 31 дэх жилдээ тасралтгүй гарч байгаа бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадварыг 2010 оноос хойш тасралтгүй хэмжиж байна.

Монгол Улсын өрсөлдөх чадвар 2020 онд

Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-рт эрэмбэлэгдлээ. Тухайлбал эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 59-рт, засаглалын үр ашиг үзүүлэлтээр 53-рт, бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа үзүүлэлтээр 57-д, дэд бүтцээр 62-д тус тус эрэмбэлэгджээ.

Хэдийгээр өрсөлдөх чадварын эрэмбэ өмнөх жилээс ахисан харагдаж буй хэдий ч өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улстай харьцуулахад ерөнхий оноо 43.4 болж (өмнөх онд 45.1) буурсан үзүүлэлттэй байна. 

Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа үзүүлэлт нь “Засаглалын үр ашиг” 53-рт (өнгөрсөн жил 59-рт) байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад засаглалын үр ашиг бүлгийн дүн харьцангуй сайжирчээ. Харин дэд бүтэц болон эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн хувьд өрсөлдөх чадвар буурсан байна.

Монгол Улс 2019 оны байдлаар ДНБ-ий бодит өсөлтөөр 4-рт, авьяас, ур чадварыг татах чадамжаар 4-рт,  ажилгүйдлийн түвшинг хүйсээр харьцуулсан үзүүлэлтийн хувьд нийт 63 орноос 7-рт, хэрэглээний татварын түвшингээр 11-рт, татварын дараах орлогын түвшингээр 15-рт гэх мэтээр сайн үзүүлэлтүүд байгаа боловч экспортын төвлөрлөөр 63-рт,  зээлжих зэрэглэлээр 61-рт, улс төрийн тогтворгүй байдлаараа 61-рт, үнэ тарифын саад бэрхшээлийн түвшнээрээ 60-рт, хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээгээрээ хамгийн сүүлийн байрт буюу 63-рт эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн жилийн үр дүнтэй харьцуулахад Эдийн засгийн үр ашиг болон эрчим хүчний дэд бүтцийн хөгжлийн хувьд Монгол Улсын үндсэн үзүүлэлтүүд ахисан хэдий боловч оюуны өмчийн бүртгэл, хамгаалал болон өндөр технологийг нутагшуулах, ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр хангалтгүй үр дүнг үзүүлжээ.

2020 онд тулгарч буй бэрхшээл, сорилтууд:

  • КОВИД-19 цар тахлын улмаас зарим компаниуд үйл ажиллагаагаа зогсоох буюу ажилчдаа цомхтгох болсон тул ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэх хандлагатай байна
  • Чанаргүй зээл болон Засгийн газрын өртэй холбоотой эдийн засаг, санхүүгийн хүндрэлүүд нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах хандлагатай байна
  • Цар тахлын улмаас тавигдаад буй хилийн хориг, импортын хязгаарлалт болон үнийн өсөлт ч мөн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө
  • КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй стресс болон санхүү эдийн засгийн хүндрэлүүд нь нийгэм, гэр бүлийн сэтгэлзүй болон тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй
  • 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтан улс төрийн тодорхойгүй байдал болон популист үзэл нийгмийг хамрах магадлалтай

Дэлхийн улс орнууд 2020 онд

2020 онд Дэлхий дахинаа Ковид-19 цар тахлын улмаас урьд өмнө нь тохиолдож байгаагүй хүнд нөхцөл байдал бий болж, улс орон, хүн амын амьдралд нөлөөлж байна. Урьдчилан тааварлашгүй энэхүү цаг үед дэлхийн улс орнуудад гарч буй өөрчлөлтүүдийг хэмжин хооронд нь харьцуулах, өнгөрсөн оны үзүүлэлтүүдээс хэр их өөрчлөлт гарсныг харах боломжийг олгодгоороо “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь чухал хэрэгтэй байдаг.

Энэ жилийн хувьд “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудын хэрэгжилтийг хэмжих, байгальд ээлтэй бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах талаар ямар ажлууд хийгдэж байгаа зэрэг нийгмийн сайн сайхан, экологийн тэнцвэрт байдлын талаарх үзүүлэлтүүд шинээр нэмэгдсэнээрээ онцлог байна.

Судалгааны тайлангаас харахад өмнөх жилийн адилаар Сингапур улс өрсөлдөх чадвараар тэргүүлсэн бол Дани 2-рт, Швейцарь 3-рт, Нидерланд улс нэг байраар урагшилж 4-рт, Хонгконг 3-н байраар ухарч 5-рт эрэмбэлэгджээ. Түүнчлэн Швед улсын хувьд өнгөрсөн жилээс 3-н байр ахиж 6-рт, Норвеги 7-рт, Канад 8-рт орсон бол Арабын нэгдсэн Эмират болон АНУ 9, 10-рт тус тус эрэмбэлэгджээ. АНУ-ын хувьд 2019 онд 2-рт эрэмбэлэгдэж байсан хэдий ч ийнхүү өрсөлдөх чадвар нь буурчээ.

Өрсөлдөх чадвар нь сайжирсан буюу өрсөлдөх чадвар хамгийн сайн улс орнуудыг харахад эдийн засгийн чадамж сайтай, үүнд хөрөнгө оруулалтын орчин, хөдөлмөр эрхлэлт, бүтээмж сайтай байхын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн дэд бүтэц сайтай эдгээрт нэн түрүүнд анхаардаг улс орнууд байна.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан