2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

Зам тээврийн сүлжээний дэд бүтцийн талаар

2011 оны 7-р сар 29, Баасан гариг

Монгол Улсын дэд бүтэц, зам тээврийн сүлжээ дэлхийд өрсөлдөх чадвар

Аливаа улсын дэд бүтэц нь хөгжлийн үндсэн суурь нь болж өгдөг. Тэр ч утгаараа дэлхийн өрсөлдөх чадварын тайланд улс орнуудын өрсөлдөх чадварыг 4 үндсэн хэсгээр хэмждэгийн нэг нь дэд бүтэц юм. Дэд бүтэц, ялангуяа зам тээврийн сүлжээний нягтшил, хүртээмж сайн байх нь тухайн улсын эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн гол түлхэх хүч болдог гэдгийг бүгд мэддэг. Гэвч манай улсын дэд бүтэц, зам тээврийн хөгжил яагаад өнөөг хүртэл сул байсаар байна вэ?

Монгол Улс нь 1564,1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д, далайд гарцгүй орнуудаас Казакстаны дараа 2-рт ордог, ОХУ, БНХАУ гэсэн 2 том гүрэнтэй хил залган оршдог. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, хүн амын нягтшил маш бага, засаг захиргааны нэгжийн хувьд тархай бутархай суурьшсан. Эдгээр суурь нөхцлүүд нь дэд бүтцийн хөгжил сул байх үндсэн шалтгаан байж болох юм.

Монгол Улс нь нийт 6734.4 км урт сайжруулсан авто замтай бөгөөд үүнээс хатуу хучилттай 3015.6 км, мөн нийт 1815 км урт төмөр замтай. Гэвч эдгээр үзүүлэлтээрээ бид дэлхийд хаана явж байна вэ? “Монгол Улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайлан 2010” дахь авто замын сүлжээний нягтрал гэсэн үзүүлэлтээр манай орны нэг хавтгай дөрвөлжин км-т 0.01км урт зам ногдож байгаа бөгөөд энэ нь 15 орноос 15-д, төмөр замын нягтрал гэсэн үзүүлэлтээр нэг хавтгай дөрвөлжин км-т 0.001 км төмөр замтай байгаа нь ямар ч төмөр замгүй Катар улсын өмнө 14-т орох шалтгаан болсон байна. Эдгээр үзүүлэлтүүдээр Сингапур тасархай тэргүүлсэн бөгөөд Казахстан улсын нэг хавтгай дөрвөлжин км-т ногдох замын урт нь 0.03км байж манай улсын өмнө,  нэг хавтгай дөрвөлжин км-т 0.005км төмөр замтай гэсэн үзүүлэлтээрээ 10-т жагссан бол манай хойд хөрш авто замын нягтаараа 0.05км, төмөр замын нягтаараа 0.005км гэсэн үзүүлэлтээр 13, 12-т жагсчээ. Харин эдгээр 15 улсын дунджыг авч үзвэл нэг км квадратад ноогдох замын урт 0.76км, төмөр замын урт 0.03 байсан байна. Харин хувийн хэвшлийнхний үзэж байгаагаар бараа үйлчилгээг түгээх сүлжээний үр өгөөжийг 10 онооноос 4,83 оноогоор үнэлсэн байх юм. Энэ үзүүлэлтээрээ манай улс Перу, Украйн, ОХУ-ын дээр 12-т эрэмблэгдсэн бол жагсаалтыг Сигапур 9.15 оноогоор тэргүүлсэн байна. Харин Казакстан улс 5.87 гэсэн оноогоор 9-т эрэмбэлэгджээ. Бүтээн байгуулалт, тэдгээрийн засвар үйлчилгээний ажлын төлөвлөлт, санхүүжилт хэр байдаг талаар хувийн хэвшлийхэн 10 онооноос ердөө 1.88 оноо өгснөөр манай улс энэ үзүүлэлтээр сүүл мушгилаа. Энэ жагсаалтыг мөн л Сингапур тэргүүлсэн бол Казакстан 5,44 оноогоор 7-т, ОХУ 2.8 оноогоор 12-т жагсчээ. Эндээс манай улсын зам тээврийн дэд бүтцийн хөгжил ямар хэмжээнд байгаа нь тодорхой харагдаж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын засгийн газраас зам тээврийн сүлжээний сайжруулалтад зориулсан хөрөнгө оруулалтыг харахад 2009 онд 94.7 тэрбум, 2010 онд 109.2 тэрбум байсан бол 2011 онд 166.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Өнгөц харахад тооны хувьд өссөн үзүүлэлт. Гэвч үр дүнд нь зундаа засаад өвөлдөө дуусдаг зам төдий дүр зураг ажиглагдаад удаж байна. Үүнд олон шалтгаан бий. Жишээ нь, чадварлаг инженер, техникийн ажилтан, мэргэжлийн боловсон хүчнээр дутмаг. Техник хангамжийн хүрэлцээ муу, дээрээс нь цаг уурын өвөрмөц онцлогт тулгуурласан удаан хугацааны эдэлгээ даах, чанартай замтай болох талаар шинжлэх ухаан, технологийн эрэл хайгуул огт хийгддэгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Мөн зам засварын хятад, монгол олон компаниуд ямар нэгэн хараа хяналтгүй ажиллаж байна. Тэр ч бүү хэл хятад ажилчдын дунд “Манай дарга нар замын зузаанаас нь иддэг байхад танай дарга нар мулгуй өргөнөөс иддэг” гэсэн яриа хүртэл гарсан байх юм.

ЗТБХБЯ-аас боловсруулсан тооцоогоор жилд дунджаар 500-800 км зам барьж байж 2016 он гэхэд аймгуудын төв болон нийслэлийг хооронд нь холбох ба энэ ажлыг хэрэгжүүлэхэд жилд дунджаар 100-160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн байна. Энэ нь манай ДНБ-ийн 2 орчим хувьтай тэнцэх дүн юм. Нөгөө талаасаа сонгуулийн амлалтын балаг, сүүлийн үеийн инфляцийн гол шалтгаан болоод байгаа хүний хөгжлийн гэгдэх 21000 төгрөгтэй харьцуулбал хэд дахин бага дүн харагдаж байна. Манай орны 2,5 сая иргэн жилд нийтдээ 630-аад тэрбум төгрөг “Хүний хөгжил сан”-аас авах тооцоо гарч байна. Энэ мөнгийг зөвхөн зам тээврийн хөрөнгө оруулалтанд зарцуулбал дээд тал нь жил хагасын дотор аймгийн төвүүдээ хоттой холбох боломж байна.

Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн хувьд дотоодын эх үүсвэрээс гадна Азийн Хөгжлийн Банк, БНСУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх” төсөл, Кувейтын сангийн хөрөнгө, Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламж зэрэг олон тооны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ба хамгийн сүүлд 2011 оны 5 дугаар сард Дэлхийн Банкнаас Монгол Улсын уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулж 25 сая ам.долларын 5 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээл олгохоор баталсан байна.

Энэ бүхнээс үзэхэд манай улсын зам тээврийн дэд бүтэц маш сул хөгжилтэй байгаа боловч сүүлийн үед салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа, цаашид нэмэгдэх боломж их байна. Гагцхүү өргөн уудам нутаг, цаг агаарын эрс тэс нөхцөл байдал, газарзүйн өвөрмөц онцлог зэргээс шалтгаалж хөрөнгө оруулалтын зардал өндөр гардаг ба үр ашиггүй болох хандлага ч ажиглагдаж байна. Тиймээс Монгол Улсын газарзүйн нөхцөл байдалд тохирсон зам тээврийн сүлжээг бий болгох үүднээс судалгаа шинжилгээний ажил явуулах, үүний үндсэн дээр хөрөнгө оруулалтыг хийх, гүйцэтгэгч компаниудад тавих шаардлагыг нэмэгдүүлэх, биелэлтийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан