2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

“Жендэрийн статистикийн мэдлэг хуваалцах, туршлага солилцох" бүс нутгийн семинар боллоо

2022 оны 5-р сар 18, Лхагва гариг

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны “Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” төсөл, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн санаачилга (We-Fi), Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) хамтран 2022 оны 5-р сарын 18-ны өдөр хүйсээр ангилсан жендэрийн статистикийн мэдлэг хуваалцах, туршлага солилцох Бүс нутгийн семинарыг цахимаар зохион байгуулав. Энэхүү семинар нь Төв Азийн орнуудын үндэсний статистикийн байгууллагууд, холбогдох талуудын жендэрийн статистикийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, түгээн дэлгэрүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Семинарыг ЕСБХБ-ны суурин төлөөлөгч Ханнес Такаш болон Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар нээж, ЭЗБӨЧСТ-ын Гүйцэтгэх захирал Б.Лакшми хөтлөн явууллаа. Семинарт Монгол, Гүрж, Молдав, Ирланд 4 улсын статистикийн байгууллагын төлөөлөл илтгэл танилцуулж, Монгол, Узбекистан, Киргизстан, Тажикистан улсын статистикийн мэргэжилтнүүд болон холбогдох оролцогч талууд хүйсээр ангилсан статистик мэдээлэл бүрдүүлэх чиглэлээр туршлага солилцож, мэдээлэл хуваалцав.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Монгол Улсын жендэрийн статистик, нээлттэй өгөгдлийн хөгжил” сэдвээр, ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд “Бизнесийн хүйсээр ангилсан өгөгдлийн хөгжил” сэдвээр тус тус илтгэл танилцуулав. Мөн Гүрж улсын Үндэсний статистикийн газрын Гүйцэтгэх захирлын орлогч Др. Лиа Дзебисаури (PhD) “Хөрөнгийн эзэмшил ба бизнес эрхлэлтийг жендэрийн үүднээс хэмжих нь” сэдвээр, Бүгд Найрамдах Молдав улсын Статистикийн Үндэсний товчооны Нийгэм, хүн ам зүйн статистик, жендэрийн хэлтэсийн Дэд дарга “Бизнес эрхлэлтийн жендэрийн тэгш байдлыг хэмжих” сэдвээр, Ирланд улсын Статистикийн төв газрын Статистикч Колин Ханли “Бизнес дэх жендэрийн тэнцвэрийн судалгаа” сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү семинар нь жендэрийн статистикийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, түгээн дэлгэрүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилготой Төв Азийн орнуудын үндэсний статистикийн газрын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, өргөн хүрээний хамтын ажиллагаа, үр дүнтэй түншлэлийг бий болгох эхлэл болов. Арга хэмжээнд оролцогчид энэ удаагийн семинарыг “Жендэрийн статистикийг улам боловсронгуй болгоход туршлага хуваалцаж, цаашид хөгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтын жендэрийн холбогдолтой үзүүлэлтүүдийг бүрэн гаргахад шинэ санаа өгч чадсанаараа ач холбогдолтой боллоо” гэж дүгнэсэн юм.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан