2024, 4-р сар 27, Бямба гариг Шилэн данс

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”

2022 оны 6-р сар 30, Пүрэв гариг

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2022”-г танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тус байгууллагын Монгол дахь албан ёсны түнш бөгөөд, Монгол Улсын мэдээллийг жил тутам нэгтгэн илгээхийн зэрэгцээ тухайн онд тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийг тодорхойлон хамтран ажилладаг.

1989 оноос хойш жил тутам тасралтгүй гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д дэлхийн 63 улс орнуудын өрсөлдөх чадварыг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 333 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмжсэн, хамгийн дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгаа гэдгээрээ онцлогтой. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон.

Монгол Улсын өрсөлдөх чадвар 2022 онд

Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-рт эрэмбэлэгдлээ. Энэ нь өмнөх оноос 1 эрэмбээр ухарсан үзүүлэлт юм. Харин өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онд 40 байсан бол 2022 онд 36.2 оноо болж буурчээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсад тулгамдаж буй голлох асуудлуудыг 1) Инфляцын өсөлт, 2) Валютын ханшийн өсөлт буюу төгрөгийн үнэ цэнийн бууралт, 3) Экспорт болон импортын хязгаарлагдмал байдал, 4) Ядуурал болон ажилгүйдэл зэрэг нийгмийн асуудлууд болон 5) Эдийн засгийн өсөлт буурсан байдал гэж нэрлэжээ.

Өрсөлдөх чадварын үндсэн 4 бүлэг: Эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэгт Монгол Улс 61-рт эрэмбэлэгдсэн. Экспортын төвлөрөл, урсгал дансны тэнцэл, үйлчилгээний салбарын экспорт, гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт, нэг хүнд ноогдох бодит ДНБ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт үзүүлэлтүүдээр сүүлд эрэмбэлэгдсэн байна. Харин оффисын түрээсийн үнэ, худалдааны индекс, ДНБ-д харьцуулсан дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт, урт хугацааны ажилгүйдлийн түвшин зэрэг үзүүлэлтээр харьцангуй дээгүүр эрэмбэлэгдсэн.

Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа үндсэн бүлгийн хувьд 61-рт эрэмбэлэгдэж өмнөх жилээс 1 эрэмбээр ухарсан бол дэд бүтэц үндсэн бүлгийн хувьд өнгөрсөн онтой адил 62-рт эрэмбэлэгдсэн байна.

Өмнөх жилээс сайжирсан үзүүлэлтүүдэд хүн амын өсөлт, өндөр технологийн экспортын өсөлт, ДНБ-ий өсөлт эерэг гарсан байдал, урт хугацааны ажилгүйдлийн түвшин, интернэт хэрэглэгчдийн тоо, улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл, дээд боловсролын хамрагдах байдал зэрэг үзүүлэлтүүд байна. Харин өмнөх жилтэй харьцуулахад хамгийн ихээр муудсан үзүүлэлтэд урсгал тэнцэл, аялал жуулчлалын салбарын орлого, хэрэглээний үнийн индекс, залуучуудын ажилгүйдэл, эрчим хүчний дэд бүтэц, нэмүү өртөг шингэсэн өндөр болон дунд технологи, хөдөлмөрийн зохицуулалт зэрэг үзүүлэлтүүд оржээ.

Тухайлбал, бодит ДНБ-ийн өсөлт өмнөх онд -5.4% байсан нь 1.4% болж сайжирсан бол, урсгал дансны тэнцэл -9.74%-иас -3.46% болсон. Залуучуудын ажилгүйдлийн түвшин 15.96%-иас 21.01% болж нэмэгдсэн бол, Засгийн газрын өрийн хэмжээ 76.57%-иас 94.69% болсон байна.

Экспортын төвлөрөл, ААН-ын өр, бохирдлын асуудлаар, ажиллах хүчний үр ашигт байдал, их сургуулийн боловсрол зэрэг үзүүлэлтүүдээр хамгийн сүүлд буюу 63-рт эрэмбэлэгдсэн бол, зээлжих зэрэглэлээр 61-рт, бодит ДНБ-ийн өсөлтөөр 62-рт, капиталын өртгөөр 61-рт, ажиллах хүчний өсөлтөөр 62-рт тус тус эрэмбэлэгджээ.

Эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлгийн үзүүлэлтүүдийн хувьд хөдөлмөр эрхлэлт 56-аас 60-рт, олон улсын хөрөнгө оруулалт 50-аас 58-рт, олон улсын худалдаа 60-аас 62-рт эрэмбэлэгдэж ухарсан байна. Засаглалын үр ашиг үндсэн бүлгийн эрэмбэ 54-өөс 57-рт болж ухарсан ч, татварын бодлого шалгуур үзүүлэлт 29-өөс 24 болж урагшилжээ.

Монгол Улсад тулгарч буй бэрхшээл сорилтууд – 2022 он

! Импортын хамааралт байдал болон хилийн хаагдмал байдлаас улбаалсан үнийн өсөлт

! Үндэсний мөнгөн дэвсгэртийн ханшийн бууралт, гадаад валютын нөөцийн хомсдол

! Хил гаалийн хязгаарлагдмал байдлаас улбаалан гадаад худалдаанд тулгарч буй хүндрэл,  бэрхшээлүүд

! Ядуурал, ажилгүйдэл гэх мэт нийгмийн асуудлууд

! Эдийн засгийн өсөлтийн удаашралт, шинээр ажлын байр бий болгох явцын удаашрал

Дэлхийн улс орнууд 2022 онд

Вакцинжуулалт улам дэлгэрэхийн хэрээр дэлхий даяар эдийн засгийн өсөлт сэргэж, улс орнууд Ковид-ын дараах “хэвийн” байдал руу шилжиж эхэлсэн. 2020 онд ихэнх улс орны эдийн засгийн өсөлт ихээхэн сааралттай байсан хэдий ч 2021 оны эцсээр эерэг үзүүлэлтүүд гарсан.  Гэсэн хэдий ч 2022 оны байдлаар эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэлүүд үргэлжилсээр, шинээр геополитикийн сорилтууд дэлхий дахинаа тулгарсан.

Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахлын өөр өөр хувилбарууд улс орнуудад тархаж, халдварын тархалт бүр мөсөн устах болоогүй байна. Энэхүү үргэлжилсэн цар тахлын эсрэг улс орнууд эрс тэс, өөр өөр бодлогууд хэрэгжүүлж байна. Түүнчлэн, Орос болон Украины тулгамдсан асуудал нь Европ тивд хамгийн ихээр сөргөөр нөлөөлөв.

Судалгааны үр дүнгээс харахад энэ жилийн тайланд Дани улс тэргүүлсэн бол, өнгөрсөн онд 1-рт эрэмбэлэгдэж байсан Швейцар улс 2-рт, Сингапур 3-рт, Швед 4-рт тус тус эрэмбэлэгджээ. Харин Венесуэл, Аргентин болон Монгол улсууд хамгийн бага үнэлгээ авч өрсөлдөх чадвар хамгийн сул байна.

Холбоо барих:

Утас: 321927

И-мэйл: info@ecrc.mn

Вебсайт: www.ecrc.mn, www.aimagindex.mn , www.nogoonhutuch.mn 

Фэйсбүүк хаяг: www.facebook.com/Ursulduhchadvar

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан