2020, 12-р сар 05, Бямба гариг Шилэн данс

Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбоонд нэгдлээ

2012 оны 4-р сар 10, Мягмар гариг

Монголын Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбооны (ДӨЧЗХ) гишүүн боллоо. Ингэснээр бид бусад орны ижил зорилго бүхий байгууллагуудтай түншилж, туршлага солилцох боломжтой болж байгаа юм.

ДӨЧЗХ нь улс орныхоо өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх, инновацийг өдөөх зорилго бүхий төр, хувийн хэвшлийн лидерүүдийг нэгтгэж буй анхны олон улсын байгууллага юм. Тус холбоо нь 2010 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ Дэлхийн өрсөлдөх чадварын зарчмуудыг гишүүн байгууллагуудтайгаа хамтран тодорхойлдог болжээ. АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Бразил, Египт, БНСУ-ын төлөөлөгчдийн санаачилгын дагуу үүсэн байгуулагдсан тус холбоо нь тун бага хугацаанд дэлхийн 30 гаруй орны өрсөлдөх чадварын зөвлөлүүдийг эгнээндээ нэгтгэсэн байна.

ЭЗБӨЧСТ нь 2010 онд Монгол Улсын Өрсөлдөх Чадварын Тайланг анх удаа гаргасан билээ. Тэгвэл эдүгээ ДӨЧЗХ-ны гишүүн болсноор бидэнд өрсөлдөх чадвараа хэмжээд зогсохгүй түүнийг сайжруулах хамгийн оновчтой арга замыг гаднын түншүүдтэйгээ хамтран эрэлхийлэх нөхцөл бүрдэж байгааг ЭЗБӨЧСТ-ийн захирал Ч.Отгочулуу онцолсон юм. “Энэхүү холбоонд нэгдсэнээр бид бусад орны ижил байгууллагуудтай санал бодлоо солилцох, туршлага судлах боломжтой боллоо. Бид нэг талаас өөрсдийгөө бусдын нүдээр харж, нөгөө талаас бусдын алдаа онооноос суралцаж, улмаар өрсөлдөх чадвараа сайжруулах хамгийн бодитой, үр дүнтэй төлөвлөгөөг гаргаж сурахад дөхөм болж байна” хэмээн тэрбээр тэмдэглэв. 

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан