2024, 4-р сар 29, Даваа гариг Шилэн данс

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2023

2023 оны 11-р сар 30, Пүрэв гариг

Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2023”-ыг танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Монгол Улсын мэдээллийг нэгтгэн гаргадаг, албан ёсны түнш байгууллагаар хамтран ажилладаг юм.

Судалгааны тухай

2023 оны тайлан нь “Мэдлэг”, “Технологи”, “Ирээдүйн бэлэн байдал” гэх гурван үндсэн бүлэг, 9 дэд бүлэгт хамаарах 54 шалгуур үзүүлэлтээр тооцоолсон болно. Шалгуур үзүүлэлтүүд нь статистик мэдээлэл болон санал асуулга гэх хоёр эх үүсвэрээс бүрдсэн. Энэ жилийн тайланд нийт 64 улс багтсан бөгөөд, Кувейт улс анх удаа хамрагдсан юм.

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нь засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.

Судалгааны үр дүнгээс

Дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр АНУ 100 оноотойгоор эргэн 1-рт эрэмбэлэгдлээ. АНУ нь өнгөрсөн онд 2-рт эрэмбэлэгдсэн бол, өмнөх жилүүдэд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм. Нидерланд 4 эрэмбэ урагшлан 2-рт, Сингапур нэг эрэмбэ өсөн 3-рт, өнгөрсөн оны тэргүүлэгч Дани 4-рт, Швейцар 5-рт, Өмнөд Солонгос 6-рт, Швед 7-рт, Финланд 8-рт, Тайвань 9-рт, Хонгконг 10-рт эрэмбэлэгдсэнээр дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийг тэргүүлж буй 10 улсыг бүрдүүлж байна. Харин Венесуэл, Монгол, Колумб, Аргентин, Ботсвана улсууд дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүл мушгижээ.

Дижитал технологи, тэр дундаа хиймэл оюун ухааныг Засгийн газар, компани, хувь хүмүүст бүрэн нэвтрүүлэхэд тусалдаг улс орнууд энэ жилийн тайлангийн үнэлгээгээр тэргүүлснийг Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс онцоллоо.

Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвар

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс нэг эрэмбэ ухарч 64 орноос 63-рт эрэмбэлэгдэж байна. 2022 онд Монгол Улсын дижитал өрсөлдөх чадварын оноо 45.25 байсан бол, энэ онд 43.03 болж 2.22 оноогоор буурчээ.

Үндсэн 3 бүлгээр харвал Монгол Улс “Мэдлэг” бүлгийн эрэмбээ 5-аар ахиулж 56-рт, “Технологи” бүлгийн эрэмбэ 1-ээр буурч 61-рт эрэмбэлэгдэж, “Ирээдүйд бэлэн байдал” бүлгээр өмнөх хоёр жилийн эрэмбээ хадгалсан байна. Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2023-т Монгол Улс “Эмэгтэй судлаачид” шалгуур үзүүлэлтээр 1-рт, “Ухаалаг утас эзэмшигч” шалгуур үзүүлэлтээр 5-рт, “Харилцаа, холбооны салбарын хөрөнгө оруулалт” шалгуур үзүүлэлтээр 11-рт, “Дээд боловсролын хамрагдалт”, “Өндөр технологийн экспорт” шалгуур үзүүлэлтүүдээр 15-рт буюу хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн юм.

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайланд Ази, Номхон далайн 14 улс хамрагдсанаас Монгол Улс 14-рт, 20 саяас доош хүн амтай 37 улс хамрагдсанаас 37-рт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20’000$-оос бага 24 улс хамрагдсанаас 23-рт эрэмбэлэгджээ.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан