2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2021

2021 оны 10-р сар 04, Даваа гариг


Дэлхийн өрсөлдөх чадварын төв (ДӨЧТ) нь “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2021”-г эрхлэн гаргалаа. Тус тайланд нийт 64 улс багтсан бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс Монгол Улсын мэдээллийг нэгтгэн гаргадаг, албан ёсны түнш байгууллагаар ажилладаг билээ.


Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нь засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.


Судалгааны аргачлал

Тус судалгааг дижитал ертөнцийн өрсөлдөх чадварыг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдал гэсэн гурван үндсэн шалгуур үзүүлэлт, 9 дэд хүчин зүйлс, нийтдээ 52 үзүүлэлтээр тооцжээ. 52 үзүүлэлтээс 32 нь статистик судалгаанд суурилдаг бол үлдсэн 20 үзүүлэлт нь санал асуулгаас бүрддэг. 


Онцлох үр дүн

Тайлангийн үр дүнгээс харахад дижитал өрсөлдөх чадварын индексээр тэргүүлсээр ирсэн АНУ 100 оноотойгоор эрэмбээ хэвээр хадгалж 1-рт эрэмбэлэгдсэн бол өнгөрсөн онуудад 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан Сингапур улс 5 руу ухарч харин 5-т эрэмбэлэгдэж байсан Хонгконг 2-т, Швед улс өнгөрсөн жилээс нэг байр дээшилж 3 дугаарт Дани нэг байр ухарч 4-т, Швейцарь улс 6-рт, Нидерланд 7-рт эрэмбэлэгдсэн хэвээр бол Тайвань 3 байр урагшилж 8-рт эрэмбэлэгдсэн ирсэн байна. Норвеги улс сүүлийн 3 жил дараалан 9-рт байгаа бол Арабын Нэгдсэн Эмират улс 4 байр урагшилж 10рт орсноор дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийг тэргүүлж байгаа 10 улсыг бүрдүүлж байна.


Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвар

Монгол улсын дижитал өрсөлдөх чадвараар 64 орноос 62-д эрэмбэлэгдэж байна. 2021 онд Монгол Улсын дижитал өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2020 онд 43,68 байсан энэ онд 40,69 болж  2.99 оноогоор буурчээ. 

Үндсэн 3 шалгуур үзүүлэлтээр нь харвал Монгол Улс мэдлэг гэсэн бүлгээр өнгөрсөн жилтэй адилхан 58-т эрэмбэлэгдсэн бол технологиор 1 байр, ирээдүйд бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр 3 байр тус тус ухарчээ.



Монгол Улсын Дижитал өрсөлдөх чадвар - дэд бүлгүүдээр

Дижитал өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэд “Боловсрол ба сургалт”, “Дасан зохицох чадвар” гэсэн дэд бүлгүүд хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн бол “Бизнесийн овсгоо”, “Мэдээлэл технологийн байгууллагуудын төвлөрөл” “ШУ-ы байгууллагуудын төвлөрөл” зэрэг дэд бүлгүүд хойгуур эрэмбэлэгджээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 9 дэд бүлгээс капитал, бизнесийн орлого, технологийн орчин гэсэн 3 дэд бүлгээс бусад бүлгүүд өссөн дүнтэй байна.



Өнгөрсөн жилүүдийн судалгаануудад ч тэр эмэгтэй судлаачдын тоо, ажилчдаа сургалтанд хамруулах, боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд, харилцаа холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалт, ухаалаг утас хэрэглэгчдийн тоо гэсэн үзүүлэлтүүдээрээ манай улс дээгүүр жагсдаг. 2021 оны тайланд ч мөн адил эдгээр үзүүлэлтүүдээр хамгийн дээгүүр жагссан байна. Харин дижитал өрсөлдөх чадварын оноо буурахад мэдлэгийн солилцоо, кибер аюулгүй байдал, олон улсын туршлага, оюуны өмчийн зохицуулалт, судалгаа шинжилгээнд зарцуулсан хөрөнгө зэрэг үзүүлэлтүүдээрээ сүүл мушгиж байгаа нь нөлөөлсөн байна.



МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан