2024, 4-р сар 27, Бямба гариг Шилэн данс

Дэлхийн Банкны үйлчлүүлэгчдийн судалгааны үр дүн

2011 оны 12-р сар 26, Даваа гариг

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагааныхаа талаар өөрийн хамтран ажиллагчдын санал бодлыг сонсох, цаашдын үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулах зорилгоор Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвд судалгаа хийлгэх хүсэлт тавьж, хандсаны дагуу тус Төв санал асуулгыг 2011 оны 6 дугаар сард амжилттай авч дуусгасан билээ. Уг судалгааны тайлан бэлэн болсон бөгөөд товч дүгнэлтийг хүргэж байна. Та судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Монголын Улсын хөгжлийн өнөөгийн нэн тэргүүний асуудлуудтай Дэлхийн Банкны үйл ажиллагаа хэр зэрэг уялдаж байгаа, мөн түүнчлэн Дэлхийн Банкны Монгол дахь үйл ажиллагааны талаархи үнэлгээ 2007 оны буюу өмнөх судалгаатай харьцуулахад аль талаар сайжирч (салбарын болон мэдлэг хуримтлуулах ажил), аль талаар буурсан (хамтын ажиллагаа, чадавхийг сайжруулах, асуудлын эрэмбээ бусад талуудтай зохицуулах) гэх зэрэг олон сонирхолтой үр дүнг 2011 оны Монгол Улс дахь судалгаа харуулж байна.

Дэлхийн Банкны ерөнхий үнэлгээ эерэг (нийт 10 онооноос 7) хэвээр байна. Үнэлгээ юун дээр, ямар учраас буурсаныг, ийм бууралт нь тодорхой үйл ажиллагаа, харилцаанаас болов уу, эсвэл илүү учир шалтгааныг ойлгохын тулд гүнзгий судлан шинжлэх хэрэгтэй юу гэх зэргээр үйл ажиллагаандаа тусгах хэрэгтэй. Үүний адилаар үнэлгээ сайжирсан тал дээр анхаарлаа хандуулж, “сайн сургамж”-аа зөв тодорхойлж, улмаар тэрхүү аргаа цаашдын ажилдаа хэрэглэх нь зүйтэй юм.

 

Ерөнхий нөхцөл байдал 

Монголын судалгаанаас үзэхэд Засаглал, Засгийн газрын үр ашигтай ажиллагааг улс орны хөгжлийн түлхүүр асуудал гэж Дэлхийн Банкны Монгол дахь үйлчлүүлэгчид, түншүүд үздэг байна. Ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд уул уурхайн салбар, хувийн хэвшлийн өсөлт шийдвэрлэх хүчин зүйлс юм хэмээн дүгнэжээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийн боломж болон хувийн хэвшлийн өсөлтийн хоорондын уялдаа холбоо нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Түүнчлэн уг судалгаанд (суурь) дэд бүтэц нь Монгол Улсын хөгжлийн чухал хүчин зүйл болохыг олонтаа дурдсан байна.

Улаанбаатар дахь нийгмийн үзэл бодлыг манлайлагчдын дунд улс орны хөгжлийн төлөө хүлээх Засгийн газрын  хариуцлагын талаарх сэтгэгдэл хөдөө, орон нутгийнхнаас нэлээн доогуур байгаа харагдав. Энэ нь Засгийн газрын хувьд хөгжил, өсөлттэй холбоотой хүчин чармайлтыг хаана, хэрхэн сайжруулах ёстой болохоо дүгнэх маш чухал үнэлгээ юм.

Дэлхийн Банкны баримталж буй тэргүүлэх чиглэл нь тус Банкны нэн тэргүүнд авч хэрэгжүүлвэл зохих үйл ажиллагааны талаарх үйлчлүүлэгчдийн хүлээлттэй нийцэхгүй байгаа нь судалгаанаас ажиглагдлаа. Дэлхийн Банкны үйлчлүүлэгчдийн үзэж байгаагаар улсын эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулах, Засгийн газрын үр ашигтай ажиллагаа зэрэг нь Дэлхийн Банкны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол Улсын Засгийн газрын үр ашигт ажиллагаа, дэд бүтцийн салбарт тус Банк анхаарлаа илүүтэй хандуулж, харин дараа нь ижил түвшний бусад салбарын хөгжилд (хувийн хэвшил, боловсрол, ядуурал, өсөлт) анхаарах нь зүйтэй гэсэн байна.

Судалгаанд оролцогчид “Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай” нь тус Банкны анхаарлаа хандуулах шаардлагатай чухал салбар биш хэмээн үзэж байгаагаа илэрхийлснийг энд тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь уул уурхайн салбарыг чухалчилж үзэх шаардлагагүй гэхээсээ илүүтэйгээр харин ч чухамхүү энэ салбарт Дэлхийн Банкны үйл ажиллагааг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэхэд (засаглал, хувийн хэвшлийн хөгжил зэрэг тэргүүлэх ач холбогдолтой асуудалд үйл ажиллагаагаа уялдуулах) анхаарах хэрэгтэй болохыг харуулж байна.

Дэлхийн Банкны нэн тэргүүлэх чиглэл нь улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нийцэж буй үзүүлэлт 2007 оны судалгаатай харьцуулахад нэлээд буурсан (7.2 – 6.5) нь сонирхол татаж байна.

Салбарууд дахь Дэлхийн Банкны үйл ажиллагаа

Судалгааны үр дүнгээс харагдаж буй нэг эерэг үзүүлэлт нь Банкны үр дүнгийн түвшин бүхий л салбаруудад 2007 оныхтой ижил буюу сайжирсан байна. Бусад орны санал асуулгаар эдгээр үзүүлэлтүүд буурсан байх нь элбэг тохиолддог. Банкны зүгээс Засаглалын үр ашиг (хамгийн чухал гэж тэмдэглэгдсэн) –ийг дээшлүүлэх үйл ажиллагааны үр дүн 2007 оноос хойш эрс өссөн үнэлгээтэй байгаа нь тун сонирхолтой юм. Хувийн хэвшил, дэд бүтцийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээр үнэлгээ мөн өссөн байна.

Хэдийгээр “ядуурлыг бууруулах” нь Дэлхийн Банкны Монгол дахь тэргүүлэх чиглэлийн нэг гэж тодорхойлогдоогүй ч, тус байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн судалгаанд оролцогчид үздэг ажээ (Банкны эрхэм зорилгыг харгалзан үзвэл энэ нь гайхах зүйл биш юм). Дэлхийн Банкны үйл ажиллагаа нь ядуурлыг бууруулах зорилгоо тусгаж буй болон Банк ядуурлын эсрэг хэлэлцүүлгийг үр ашигтай өрнүүлж чадаж байгаа эсэхийг 2007 оны судалгаатай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Дэлхийн Банк Монголд үйл ажиллагаа хэрхэн явуулж байна вэ?

2011 оны судалгаанд оролцогчид Дэлхийн Банкны зөвлөмжийг (бодлогын болон эдийн засгийн) хамгийн ач холбогдолтой гэж үзсэн бөгөөд үүний дараа техникийн туслалцааг нэрлэсэн байна. Мэдлэгийн болон санхүүгийн нөөц нь ач холбогдлын хувьд доогуур эрэмбэлэгджээ. 2007 оны судалгаатай харьцуулахад “мэдлэг”-ийн ач холбогдол багассан харагдаж байна. Судалгаанд оролцогчид мэдлэгийг зөвлөгөөгөөс хэрхэн ялгаж ойлгож буйг сайтар судлах хэрэгтэй юм. Хуучин үг хэллэг (“мэдлэг”) нь хэт нуршуу, урт, онолын байна уу, харин “зөвлөгөө” нь илүү бодит, тохирохуйц, шийдэлд чиглэсэн, ач холбогдол бүхий байна уу гэдгийг судалж мэдэх шаардлагатай.

Банк нь “үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг” талаарх үзэл бодол нь 2007 оноос хойш олон талаараа буурсан үзүүлэлттэй байна. Банкны үр ашигтай ажиллагааны үзүүлэлт, санхүүжилт олгох хурд болон ханган нийлүүлэлтийн шаардлага зэргийн үнэлгээ нь бүгд үлэмж хэмжээгээр буурчээ. Дэлхийн Банк нь “цорын ганц хөгжлийн байгууллага” биш болсон энэ үед эдгээр үр дүн нь цаашдын хэлэлцүүлэг, судалгаа, шинжилгээнд ихээхэн үнэ цэнэтэй билээ.

Хамтын ажиллагаа болон чадавхийг бэхжүүлэх

Тодорхой бүлгүүдийн (байгууллага, Засгийн газар, орон нутаг гэх мэт) чадавхийг бэхжүүлэх тал дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь 2007 оноос хойш нилээд буурсан үзүүлэлттэй байна. Чадавхийг бэхжүүлэх асуудал нь Дэлхийн Банкны Монгол дахь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг мөн бол эдгээр үзүүлэлт яагаад буурсныг цаашид бодолцох шаардлагатай юм.

Нээлттэй байдал, нөлөөлөл ба харилцаа

Дэлхийн Банкны нээлттэй, ил тод байдлын талаар хэд хэдэн сонирхолтой үзүүлэлтүүд энэ жилийн судалгааны үр дүнгээс гарсан байна. Нэгдүгээрт, судалгаанд оролцсон арван хүний дөрөв нь Банкны хамгийн том сул тал бол (жагсаалтаас сонгов) “олон нийтэд өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар бүрэн дүүрэн нээлттэй мэдээлдэггүй” гэжээ. Хоёрдугаарт, “дуу хоолой” улс орны хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд илүү чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж иргэний нийгэм үзсэн байна (төр захиргаанд ажилагсад ч мөн ингэж дүгнэсэн байна).

Гуравдугаарт, Банктай хамтран ажиллагсдын хувьд тус Банк үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулах үүднээс юуны өмнө өөрийн хийсэн судалгаа, шинжилгээг тайлагнах, олон нийтэд хүртээх, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай ажээ.

Түүнчлэн, санал асуулгад хамрагдсан 10 хүний 6-гаас илүү нь Банкны мэдээллийн бодлогоос хүртэх боломж байгаа талаар мэддэггүй, асуулгад оролцогчдын ердөө 25 хувь нь өнгөрсөн жил Банкинд хандаж мэдээлэл авах хүсэлт гаргасан (үүнээс 95 хувь нь хүссэн мэдээллээ олж авсан) байна.

Бусад улс орнуудад харьцангуй доогуур гардаг үзүүлэлт болох Дэлхийн Банкны Олон нийтийн мэдээллийн төвөөр үйлчлүүлэх байдал нь Монгол дахь түнш, хамтран ажиллагсдын дунд харьцангуй өндөр хувьтай (10 хүний 4 нь) байна.

Төгсгөлд нь тэмдэглэхэд, судалгааны үр дүнгээс Дэлхийн Банкны үйлчлүүлэгчид мэдээлэл авахдаа интернэтийг түлхүү ашиглах болсон нь тодорхой харагдаж байна (гайхах зүйл биш). Гэсэн хэдий ч судалгаанд хамрагдагсдын тодорхой хэсэг нь (дөрөвний нэгээс илүү хувь) хурал цуглаанд оролцох замаар Дэлхийн Банкны үйл ажиллагааны талаар мэдээлэл авдгаа дурджээ.

Банкны цахим хуудсанд хандсан хандалтын тоо 2007 оноос хойш зэгсэн нэмэгдсэн байгаа нь үүнийг хариуцагч баг, хамт олны хувьд мэдэхэд илүүдэхгүй үзүүлэлт юм. Гэхдээ Банкны үндсэн цахим хуудсанд хандсан хандалт өссөн хэдий ч тус Банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын цахим хуудас руу хандах хандалт буурсан байна. Энэ нь тодорхой эх үүсвэрүүдийг ашиглах тал дээр нөлөөлж болох юм. Үүний зэрэгцээ судалгаанд оролцогчид бүгдээрээ интернетийн холболттой бөгөөд тэдний 75 хувь нь Дэлхийн Банкны цахим хуудсыг ашиглаж байжээ. Энэ үзүүлэлт цаашид өсөх боломжтой билээ.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан