2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

“Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2021”-г танилцуулж байна.

2021 оны 12-р сар 16, Пүрэв гариг


Дэлхийн өрсөлдөх чадварын төв (ДӨЧТ) нь “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2021”-г эрхлэн гаргалаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв 2010 онд Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн түнш байгууллага болсноор Монгол Улсын өрсөлдөх чадварыг судалж, мэдээллийг нэгтгэн гаргадаг, албан ёсны түнш байгууллагаар ажилладаг билээ.

Дэлхийн авьяас, ур чадварын тайлан нь тухайн улс орны эдийн засгийн цар хүрээг үнэлэхдээ дотоодын авьяас, ур чадвар гадаад зах зээл дэх эрэлтийг хэрхэн хангаж байгааг чухалчлан авч үздэг. Ингэснээр улс орнууд ур чадвараар дамжуулан эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна.

Судалгааны аргачлал

Дэлхийн авьяас, ур чадварын тайланд нийт 64 улсыг авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхдээ:

  • Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс (Investment and Development)
  • Дэлхийн авьяас, ур чадварыг татах хүчин зүйлс (Appeal)
  • Бэлэн байдлын хүчин зүйлс (Readiness) гэсэн үндсэн 3 бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг.

Эдгээр үндсэн 3 хүчин зүйл нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 гаруй шалгуур үзүүлэлтүүдийг агуулдаг билээ.

Онцлох үр дүн

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2021”-д судлаачид 64 орны эдийн засгийн удирдагчдаас ажилчдын мотивацийг хэр өндрөөр үнэлж байгааг санал асуулгын журмаар асуужээ. 2021 оны эхний 10-т жагсаж буй орнуудын эдийн засгийн дундаж үзүүлэлт 6.1-ээс 7.5 болж өмнөх оноос 1.4-р өөрчлөгдсөн байна. Харин эдийн засгийн өрсөлдөх чадвар султай орнуудын хувьд ур чадварын түвшин дэх мотивац буурсан харагдаж байна. 2020 онд дундаж хариулт 5.7 байсан бол энэ жил буурч 5.3 болжээ.


Швейцарь улс IMD 2021 дэлхийн ур чадварын өрсөлдөөний тайланг 5-н жил дараалан тэргүүлж байгаа нь цар тахлын улмаас эдийн засаг дахь боловсон хүчний өрсөлдөх чадвар өндөртэй орнуудын ажилчид илүү урам зоригтойгоор бүтээмж өндөртэй ажиллаж байгаа бол эсрэгээрээ өрсөлдөх чадвар сул орнуудын хувьд ажлын бүтээмж бага, урам зориг сул байгааг харуулж байна.  Харин Швед 2-т (2020 онд 5-р байранд), Люксенбург 3-т (2020 онд мөн 3-т), Норвеги 4-т, Дани 5-т бичигджээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд авьяас, ур чадвараараа өрсөлдөх тайланд хамгийн өндөр өсөлттэй 10 улсаас 6 нь Европт байна. Украйн, Унгар, Хорват, Эстон, Словени, Румын зэрэг улсууд 2017-2021 оны хооронд 10 орчим байр ахисан үзүүлэлттэй байна.

МОНГОЛ УЛСЫН АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ЭРЭМБЭ

Монгол Улсын хувьд авьяас, ур чадварын ерөнхий үнэлгээгээр нийт 64 улсаас 61-рт эрэмбэлэгдсэн бөгөөд өмнөх жилээс 3 эрэмбэ ахисан нааштай үр дүн гарсан байна. Хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, ур чадварыг татах үзүүлэлтээр 55-рт, мэргэжилтэн, ажиллах хүчинг ажиллуулах нээлттэй байдлаар 60-рт жагссан байна.

2021 онд авьяас, ур чадварын үзүүлэлтүүдээс ажилчдын сургалт (17-рт), авьяас чадварыг татах (24) хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ (15-рт) эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин (15-рт) зэрэг үзүүлэлтээр дээгүүр эрэмбэлэгдсэн байна. Харин их сургуулийн боловсрол (64), амьдралын чанар (63-рт), санхүүгийн ур чадвар (61-рт) зэрэг үзүүлэлтүүд нь 60-аас хойш эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан