2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Боловсролын салбарын тухайд

2011 оны 7-р сар 25, Даваа гариг

 Монгол Улсын боловсролын систем, дэлхийд өрсөлдөх чадвар

Монголчууд улс төр, эдийн засгийн шинэчлэлд анхаарч, сонгууль, уул уурхайн хөрөнгө оруулалт ярьсаар цөөнгүй жилүүдийг үдлээ. Гэвч Монгол Улсын хөгжлийн үзүүлэлт олигтой сайжирч өгөхгүй байгаа юм. Бид юун дээр алдаад байна вэ? Бид хүнээ хөгжлийн төвд тавьж чадаж байна уу?

Социализмын үед бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон гэж гайхуулдаг байсан. Тэгвэл өнөөгийн зах зээлийн нийгэмд юу, хэрхэн өөрчлөгдөв? Бага, дунд, дээд боловсролын зарим үзүүлэлт болон эдгээр шатны байгууллагуудын чанарыг ажил олгогч нар хэрхэн үнэлж байна вэ? Бид яг юун дээр алдаж онож явна? Харьцуулья:

Монгол Улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайлан болон ЮНЕСКО-гийн ЗГ-ийн зардлын статистик эмхэтгэлээс үзэхэд, 2008 оны байдлаар Монгол Улс боловсролын салбарт зарцуулсан зардлын ДНБ-д харьцах харьцаа нь 6.9% буюу харьцангуй өндөрт тооцогдож байна. Өрсөлдөх чадварын судалгааны тайланд Монгол Улсыг харьцуулсан 15 орны эрэмбэд Мексик улс л Монголоос илүү буюу 7.5% гэсэн үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлжээ. Украинд энэ үзүүлэлт  6.3% байгаа бол, ОХУ-д 4.0%, харин Сингапур болон Катарт тус тус харгалзан 3.1%, 3.0% байна. Эндээс үзэхэд Монгол Улс боловсролын салбартаа харьцангуй их хөрөнгө хаядаг гэж дүгнэж болохоор байна.

Тэгвэл энэ их хэмжээний хөрөнгө оруулалт иргэндээ, хүндээ яаж бууж байна вэ гэдгийг бас өөр нэгэн тоон үзүүлэлтээс харья: 2008 оны байдлаар улсаас боловсролын салбарт зарцуулж буй зардлыг нэг хүнд хувааж үзвэл 132 америк доллар оногдож байна. Өөрөөр хэлбэл төрөөс боловсролд зарцуулсан, нэг хүнд ногдох зардлын хувьд бид сүүл мушгиж явна. Катарчууд 2,327 америк доллараар тэргүүлж, Словени 1,213 болон Сингапур 1,202 удаалжээ. Монголтой ижил баялагтай хэрнээ эдийн засгаа төрөлжүүлэх талаар шаргуу ажиллаж буй Катарын иргэн чанартай боловсрол эзэмшихийн тулд Монголын дундаж иргэнээс бараг 20 дахин илүү хангамжийг улсаасаа авдаг ажээ гэж хэлж болохоор байна.

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж Монголчууд ярьдаг. Тэгвэл ирээдүйд өрсөлдөх чадвартай иргэнийг бэлтгэх суурь боловсролын тогтолцоо ямар байна вэ? Багш нарын тоо хүрэлцээтэй байж чадаж байна уу? 2007 оны байдлаар Монгол Улсад нэг бага ангийн багшид дунджаар 32 сурагч, дунд сургуулийн багшид 20 сурагч ногдож байна (Хятад: 18.8, 16.37,  ОХУ: 17.12, 8.63). Гэтэл олон улсад бага ангийн багшид ногдох сурагчдын тоо 18, харин дунд сургуулийнх 14 байдаг бөгөөд эндээс Монголд бага болон дунд сургуулийн багшийн ачаалал олон улсын дунджаас хэд дахин их байгаа нь харагдаж байна. Бага, дунд сургуульд шинжлэх ухааны суурь мэдлэгийг зохих хэмжээнд олгодог эсэхийг үнэлнэ үү гэсэн санал асуулгын дүнд манай улсын 200 гаруй бизнес эрхлэгчид, удирдах албаныхан 4,3 оноо өгсөн нь тайланд эрэмбэлэгдсэн 15 улсын үнэлгээний дунджаас доогуур буюу 9-р байр эзэлсэн байна. Эндээс төр боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулдаг ч өрсөлдөх чадварын шалгуураар авч үзвэл, үр дүнг нь илүү сайжруулах, хүртээмжийг нь өсгөх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна.

ЭЗХАХБ-ын олон улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөр болох 15 настнуудын дунд 3 жилд нэг удаа явагддаг ПИСА (PISA) тестэд манай улс хамрагддаггүй байна. Уншиж ойлгох, математик болон шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээ нь хэр байгаагаар өрсөлддөг уг тестэд хамгийн сүүлд буюу 2009 онд нийт 69 орны 15 настнууд хамрагджээ. Энэ тестэд оролцсон сурагчдын үнэлгээ хэр байгаагаас тухайн улсын ерөнхий боловсролын систем олон улсын хэмжээнд ямар төвшинд байгааг дүгнэдэг, дэлхийд өрсөлдөх чадварыг тодорхойлдог болсон байна. Ихэнх улсын сурагчдын хувьд ажил, амьдралын гараагаа эхлэх, ирээдүйд хэн болохоо тодорхойлох чухал үе байдаг учраас тестэд оролцогчдыг 15 настнуудаар сонгодог ажээ.

Монгол Улсын 200 гаруй бизнес эрхлэгчид, удирдах албан тушаалтнуудын дунд 2010 оны сүүлээр явуулсан санал асуулгын дүнгээс тэдний манай улсын боловсролын систем өнөөдрийн өрсөлдөөнт эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаад сэтгэл дундуур явдаг болохыг харууллаа. Бид энэ үзүүлэлтээр нийт 10 онооноос 2.5 оноо өгч, өөрөө өөрсдийгөө үнэлсэн бөгөөд жагсаалтад 12 дугаар байр эзэлсэн байна. Боловсролын системдээ бизнес эрхлэгчид нь сэтгэл хангалуун байдаг, эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангадаг гэж үзсэн орноор Сингапур (8.08), Малайз (7.05) улсууд тодорсон байна.

Харин дээд боловсрол эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж буй эсэхэд санал асуулгын дүнгээр бизнес эрхлэгчид мөн л туйлын сэтгэл ханамжгүй байдаг болох нь монголчуудын 2.45 гэсэн оноогоор сүүлээсээ хоёрт байр эзэлснээс харагдаж байна. Манай улсын дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах олон арга зам бий. Тухайлбал их, дээд сургуулиудыг хөтөлбөрийн чанар, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, сургалтын орчин зэргээр зэрэглэн, эрэмбэлэл тогтоож, өрсөлдөөнт санхүүжилтийн зарчмыг нэвтрүүлэх, их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг байнга нэмэгдүүлэх боломжийг бий болгон, ур чадварын түвшин тогтоох зэрэг байж болно. Мөн төгсөгч оюутнууд тухайн эзэмшсэн мэргэжлээр хэр хурдан ажлын байртай болж байгаа, мэргэжил эзэмших боловсролын зардлыг ажилд орсноос хойш хэдий хугацаанд эргэн олдог зэрэг статистик мэдээллийн сан үүсгэн олон нийтэд хүргэх нь оюутнууд сурах сургууль, эзэмших мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг болох нь тодорхой юм.

Манай улсын хувийн хэвшлийнхэн менежментийн боловсрол бизнесийн байгууллагуудын хэрэгцээг хангаж буй эсэхэд 4 оноо өгсөн нь 15 улс дотор 11 дүгээр байр эзлэх шалтгаан болжээ. Энэ үзүүлэлтүүдэд Сингапур, Малайз, Катар улсууд тэргүүлж байна. Эндээс компаниуд маань чадварлаг боловсон хүчин, өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтнүүдээр дутмаг, “хагас өлсгөлөн” байдаг гэж дүгнэж болохоор байна.

Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй, дутмаг байгаа мэргэжлийн талаар мэдээлэл өгч чадахуйц хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж, 3-5 жилийн байдлаар хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны урьдчилсан таамаглал боловсруулах хэрэгцээ, шаардлага байгаа нь компаниуд, их дээд сургуулийн хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоо туйлын хангалтгүй буюу Монгол улс энэ үзүүлэлтээр хамгийн сүүлийн байр эзэлснээс харагдаж байна. Ер нь өрсөлдөх чадвар сайтай орнууд өөрийн орны боловсролын системд анхаарсан бодлого хэрэгжүүлж, өөрийн орны аж ахуйн нэгжүүд чадварлаг, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж байх орчин нөхцлийг бүрдүүлж чаддаг байна.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан