2024, 4-р сар 18, Пүрэв гариг Шилэн данс

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2013 хэвлэгдэн гарлаа

2014 оны 3-р сар 21, Баасан гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулан судалдаг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2013” судалгааг хоёр дахь жилдээ гаргаад байна.

Энэхүү судалгааг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон түүний орон нутаг дахь салбар танхимууд, Монголын эдийн засгийн форумын оролцоо дэмжлэгтэйгээр гаргасан болно.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь аймаг бүрийн өрсөлдөх чадварын төлөв байдлыг хооронд нь харьцуулах замаар тодорхойлж, өрсөлдөх чадварын индексийг тооцдог. Ингэхдээ эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд нийт 180 үзүүлэлтээр 21 аймгийн өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлж, хооронд нь харьцуулсан. Судалгаанд статистик мэдээллээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчдийн санаа бодлыг тусгасан санал асуулгын үр дүнг ашигладаг.

Тус судалгаа нь ийнхүү хоёр дахь жилдээ гарч буй нь орон нутгийн өрсөлдөх чадварыг хэмжих төдийгүй өөрчлөлт, хөдөлгөөнийг харах боломжийг бүрдүүлж байна.

Өрсөлдөх чадвараар Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймгууд тэргүүлсэн хэвээр байна. Өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбээр өнгөрсөн жил Дундговь аймаг сүүл мушгиж, Архангай аймаг сүүлээсээ хоёрт жагссан бол энэ жил Архангай аймаг сүүл мушгижээ. Өрсөлдөх чадвараар тэргүүлж буй Орхон аймаг 100 оноотой гэж үзвэл Архангай аймаг 41 оноотой байна.

Тайлангийн ерөнхий үр дүнгээс харахад хөдөө, орон нутгийн хөгжлийг хойш татаж буй гол хүчин зүйлс нь дэд бүтэц, бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой асуудлууд хэвээр байгаа бөгөөд өрсөлдөх чадварын тогтвортой ахиц бий болгохын тулд аймгийн хөгжлийн бодлогыг урт хугацаанд, оновчтой тодорхойлох шаардлагатай байна.

Судалгааны зорилго нь аймгуудыг өрсөлдүүлэхдээ биш харин хөгжлийн ялгаа хэр их байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн. Аймаг орон нутаг энэ судалгааны үр дүнгээр бусад аймагтай өрсөлдөхдөө гол нь биш өөрийн давуу сул талыг тодорхойлон түүнийгээ тордох талаар анхаарахад илүү ашиглах нь зүйтэй.

Хот хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг арилгах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангахад энэхүү тайлан тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан