2024, 11-р сар 23, Бямба гариг Шилэн данс

“Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” хэлэлцүүлэг

2019 оны 1-р сар 31, Пүрэв гариг


“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс санаачлан ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-гийн дэмжлэгтэйгээр “Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 1-р сарын 31-ний өдөр зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээ нь АНУ-д төвтэй Пенсилванийн их сургуулийн дэргэдэх "Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөр"-ийн зүгээс зохион байгуулдаг жил тутмын хэлэлцүүлэг болон Тинк танк индексийн нээлт, танилцуулгын хүрээнд хийж буйгаараа ихээхэн онцлог юм. Өнөөдөр дэлхий даяар 75 улсад, 255 байгууллага тинк танкийн хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг нэгэн зэрэг зохион байгуулж байна.  
Тинк танк гэж юу вэ?

Тинк танк гэдэг нь бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан, санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж товчхон тодорхойлж болно. (Think tank гэсэн нэр томьёог бодлого судалгааны төв, хүрээлэн, бодлогын төв гэх мэтээр орчуулж болох мэт боловч нэр томьёоны зөрүүнээс зайлсхийж энэ хэвээр нь галиглан хэрэглэсэн болно.)

Тэд яагаад чухал вэ?

Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аппарат дахь бодлого боловсруулах чадамж илүү боловсронгуй болсон ч гэсэн тинк танкуудын судалгааг үнэлж үзэх дараах үндэслэл байдаг. Нэгд, Засгийн газрын төвшинд тогтсон хандлагыг “эвдсэн” бүтээлч санал бага гардаг байхад тинк танкууд илүү холыг харсан бодитой судалгаа гаргаж чадна гэж үздэг. Хоёрт, дээрхтэй холбоотойгоор засаг захиргааны төвшинд стандартчилагдсан горимын дагуу “явцуу” хүрээнд шийдэл гаргадаг бол тинк танкууд өөрчлөлтийг зоригтой санал болгож чаддаг аж. Гуравт, тинк танкууд сонирхлын зөрчлөөс ангид шинжээчдийг бүрэн дайчилж, хамтран ажиллах бүтэц бий болгож чаддаг давуу талтай гэж үздэг.[1]


Мэдээ мэдээллийн өнөөгийн эринд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн найдвартай, бодит мэдээллийн ач холбогдол өсөн нэмэгдсээр байна. Тинк танкийн үйл ажиллагаа нь мэдээлэл дамжуулах, судалгаа шинжилгээний үр дүнг сурталчлах, нийгэмд шинэчлэл хувьсал үүсгэх үйл явц юм. Дэлхийн хөгжингүй улсуудад Think-Tank буюу Policy Research Institute-уудыг ашигладаг жишээ маш их байна. Дэлхий дахинаа тинк танкуудын жишээ: Brookings Institution (US), KDI (Korea Development Institute), Chatham House (UK), IIED (International Institute for Environment Development, UK) болон KAS, Friedich Ebert сан (Germany) гэх мэт салбар салбараараа дагнасан хүрээлэнгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төрийн бодлогоо зөв ул суурьтай гарахад чухал нөлөө үзүүлж байна. Урд хөрш БНХАУ-д л гэхэд нийт тинк танкуудаа эрэмбэлэн, шилдэг тинк танкуудын төлөөллөөс төрийн бодлогын зөвлөлүүддээ оруулан, судалгааны үр дүнгээс бодлогодоо тусгах зэргээр маш их ач холбогдол өгч байна.


Монгол Улсын хувьд ч дэлхийн чиг хандлагыг сайтар ажиглан судалж, өөрсдийн нөөц бололцоогоо зөв зохистой удирдахад судалгаа, баримт мэдээллийн найдвартай байдал чухал үүрэгтэй. Түүнчлэн баримт мэдээлэл, судалгаа шинжилгээний үр дүнг түгээх, мэдээлэхэд хэвлэл, мэдээллийн үүрэг оролцоо хэзээд чухал байсаар ирсэн. Баримт мэдээллийг нягтлан шалгах, сэтгүүлзүйн мэргэжлийн ёсзүй өндөр байх ёстой. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо улам бүр өсөн нэмэгдэж, мэдээ мэдээллийн найдвартай байдалд тинк танкууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой юм.   


[1] Эх сурвалж: АНУ-ын улс төр дэх Бодлогын судалгааны төвүүдийн (Think Tank) эзлэх байр суурь, Д.Бадамдаш

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан