Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын дэргэдэх Ногоон ажлын байрны үнэлгээний байгууллагуудын холбооны (НАБҮБХ) ээлжит хурал 2017 оны 12-р сарын 6,7-ны өдрүүдэд Швейцарийн Женев хотноо болж өнгөрлөө. Энэхүү хуралд ЭЗБӨЧСТ-г төлөөлж судлаач Э.Золбаяр оролцон мэдээлэл авав.
Энэ жилийн хуралд тус холбооны гишүүд, улс орнуудын бодлого тодорхойлогчид, судалгааны байгууллагууд болон НҮБ-ын харъяа байгууллагуудаас төлөөлөл оролцов.
Хурлын үеэр “Байгаль орчин болон тогтвортой хөгжлийн бодлогын нийгэм ба ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөөг хэрхэн хэмжих болон загварчлах вэ” хэмээх сургалтын гарын авлагыг танилцууллаа. Түүнчлэн улс орнууд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ажил эрхлэлтийн талаар ямар бодлого баримталж байгаа болон статистикийн хувьд ямар бэрхшээл учирч буй талаар хурлын эхэнд хэлэлцэв. Үүний дараагаар бодлогын үр нөлөөг хэрхэн, ямар загварчлалаар хэмжих нь оновчтой талаар мөн тусгайлан ярилцав.
Филиппин, Аргентин, Намиби болон АНУ зэрэг улсуудын төлөөлөл өөрсдийн улс орны туршлагаас хуваалцав. Дараагаар нь цахилгаан, тээвэр, ой аж ахуй болон эрчим хүчний салбаруудын хөдөлмөр эрхлэлтэд тогтвортой хөгжлийн бодлого хэрхэн нөлөөлөх талаар судлаачид ажлаа танилцуулав.