2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Өрсөлдөх чадвар

      Өрсөлдөх чадвар гэж юу вэ?

Сүүлийн үед өрсөлдөх чадварыг олон янзаар тодорхойлж, өрсөлдөх чадварын олон судалгаа, тайлан гарч буй. Үнэхээр өрсөлдөх чадварын тогтсон тодорхойлолт байхгүй ч өрсөлдөх чадварыг энгийнээр “Тухайн бүс нутаг (улс, аймаг, дүүрэг) хүмүүсийнхээ сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд өөрийн нөөц боломж, чадамжаа хэр ашиглаж, удирдаж буй нь” (IMD Дэлхийн өрсөлдөх чадварын төв) хэмээн ойлгож болно.

Өрсөлдөх чадварын бусад тодорхойлолтууд

Өрсөлдөх чадвар судлал нь маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд аливаа улс, бүс нутгийн өрсөлдөх чадварыг тодорхойлж хэмжихдээ “эдийн засгийн бус” хүчин зүйлсийн нөлөөг нэмж тооцдогоороо эдийн засгийн онолд хувь нэмрээ оруулж буй салбар шинжлэх ухаан юм. Өөрөөр хэлбэл улсын, аймгийн, дүүргийн гэх мэт янз бүрийн түвшний өрсөлдөх чадварыг тодорхойлох судалгаанууд нь тухайн бүс нутгийн хөгжлийн түвшинг эдийн засгийн болон эдийн засгийн бус шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан цогц байдлаар үнэлэх боломж олгодог. Өрсөлдөх чадварын судалгаагаар бусдаас давуу байдлыг судлахаас илүүтэй тухайн улс, бүс нутаг өөрийн нөөц боломжоо хэрхэн үр дүнтэй ашиглаж, өөрийн гэсэн өрсөлдөх чадварыг бий болгож, амьдрах болоод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж чадсан эсэхийг судалдаг.

       Бид өрсөлдөх чадварыг хэрхэн хэмждэг вэ?

Дэлхийн даяар ихэнх улс орнууд мөн бүс нутгууд өрсөлдөх чадвараа ямар нэгэн байдлаар хэмжиж мөн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх бодлогууд хэрэгжүүлж байна. Харин дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлсон тайланг хоёр байгууллага жил бүр гаргадаг. Дэлхийн эдийн засгийн чуулган 2004 оноос хойш 140 улсын өрсөлдөх чадварыг 12 үндсэн бүлэг бүхий 98 үзүүлэлтээр хэмжиж “Глобал өрсөлдөх чадварын индекс”-ийг боловсруулдаг. Харин IMD Дэлхийн өрсөлдөх чадварын төв 1988 оноос хойш “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-г гаргаж байгаа бөгөөд одоогоор 63 улсын өрсөлдөх чадварыг 4 үндсэн бүлэг бүхий 261 үзүүлэлтээр хэмждэг.

ЭЗБӨЧСТ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран ажиллаж, өрсөлдөх чадварыг үнэлэх ижил төстэй аргачлалыг ашигладаг юм. Одоогийн байдлаар ЭЗБӨЧСТ нь Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсын мэдээллүүдийг бэлтгэн явуулдаг бол бие дааж аймгуудын өрсөлдөх чадвар болон дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан бэлтгэн гаргадаг.

       Монгол Улс, дүүргүүд, аймгууд хэр өрсөлдөх чадамжтай байна вэ?

Монгол Улс дэлхийд: 

Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021-ийн үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 64 улсаас 60-рт эрэмбэлэгдлээ. Өрсөлдөх чадварын эрэмбэ өмнөх жилээс ахисан хэдий ч өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улстай харьцуулахад ерөнхий оноо 40.045 болж (өмнөх онд 43.4) өрсөлдөх чадвар буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрсөлдөх чадвар хамгийн сул байна.

Дүүргүүдийн өрсөлдөх чадвар:


Дүүргүүдийн өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу Улаанбаатар хот болон 9 дүүрэг тус бүрийн өрсөлдөх чадварын индексийг тооцдог. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах ба 0 рүү дөхөх тусам өрсөлдөх чадвар сул, 1 рүү дөхөх тусам өрсөлдөх чадвар сайн гэж ойлгож болно.

Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.545 оноотой үнэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварын оноогоор Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргүүд тэргүүлж байгаа бол Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргүүд бусад дүүрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна. Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүргүүдийн өрсөлдөх чадвар бусад дүүргүүдтэй харьцуулахад дундаж түвшинд үнэлэгдсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  

Аймгуудын өрсөлдөх чадвар:

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд 2, 3, 4, 5, 6-рт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн оноос эрэмбийн хувьд өөрчлөлтгүй байна. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгдсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг aimagindex.mn-ээс авна уу.

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал