2024, 5-р сар 09, Пүрэв гариг Шилэн данс

CAREC Төв Азийн тинк-танкуудын хөгжлийн хоёрдугаар форум

2017 оны 9-р сар 12, Мягмар гариг

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн зүгээс CAREC институтийн нээлтийн арга хэмжээ болон тинк-танкуудын хөгжлийн хоёрдугаар форумыг БНХАУ-ын Шинжян мужийн Өрөмч хотноо 2017 оны 9-р сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус хөтөлбөрийн гишүүн 11 улсын сайд, элчин сайд, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такэхико Накао тэргүүтэй төлөөлөгчид болон гишүүн орнуудын тинк-танкуудын төлөөллүүд оролцсон энэхүү арга хэмжээнд төвийн дэд захирал И.Одончимэг хоёр дахь удаагаа оролцов.

Форумын үеэр Төв Азийн бүс нутгийн улс орнуудын тинк-танкуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгарч буй ижил төстэй боломж болон бэрхшээлүүдийн талаар мэдээлэл, санал солилцохыг зорьсон билээ. Судалгаа шинжилгээний байгууллагууд буюу тинк-танкууд нь аливаа улс орны хөгжлийн бодлого төлөвлөлт боловсруулах ажилд санал дэвшүүлэх зэргээр төр засгийн ажилд тус нэмэр үзүүлдэг. Тийм ч учир энэхүү хоёр дахь удаагийн форумаар бүс нутгийн тулгамдсан асуудлууд болон тинк-танкуудын албан бус сүлжээг бий болгох боломжийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн тинк танкуудын хамтын ажиллагааг дэмжин ажиллах “Зөвлөх хороо”-г байгуулсан бөгөөд энэхүү хороо нь цаашдаа жил бүр тогтмол уулзалдан, тус форумыг удирдан чиглүүлэх юм. Уг хороонд Монгол Улсаас ЭЗБӨЧСТ төлөөлөн оролцохоор сонгогдсоныг дуулгахад таатай байна.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр 1996 оноос эхлэн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хөтөлбөр нь АХБ (ADB), Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD), Олон улсын валютын сан (IMF), Исламын хөгжлийн банк (IDB), НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр (UNDP) болон Дэлхийн банк (World Bank) гэсэн олон улсын байгууллагуудын дэмжлэг оролцоотойгоор хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.carecprogram.org/ хаягаар орон авна уу.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан