Он гараад 20 дугаар тогтоол давтагдаж, бүх юмны үнэ хоёр дахин өсөх нь,
төгрөгийн худалдан авах чадвар навсайтлаа унах нь гэсэн шуугиан гараад
намжлаа.
Энэ шуугиан хэнд ашигтай байв? Ирэх жил сонгуулиар гарч ирэх
сонирхолтой гуравдагч хүчнийхэнд мэдээж далим болно. Учир нь тэд “Эрх
барьж буй намуудын урагшгүй, чадамжгүй байдлаас болж инфляци өсөж байна.
Эрх мэдэлтнүүд хуйвалдаж, ард түмнийг мэхлэх замаар өөрсдөө хөрөнгөжих
гэж байна” гэх суртлыг дэлгэрүүлж чадвал, бухимдсан иргэдээс санал авах
магадлал нь өснө гэж тооцоолж байж ч болох юм. Түүнчлэн ам.долларын
нөөцтэй ченж хэмээх валют арилжаалагч нарт ашигтай. Төгрөгт итгэх итгэл
буурснаар ам.долларын эрэлт өснө гэдгийг тэд сайн мэднэ.
Энэ шуугиан хэнд ашиггүй байв? Цалингаас цалингийн хооронд амьдарч
буй жирийн иргэдийн хувьд үнийн хөөрөгдөл хэзээд ашиггүй байдаг. Инфляци
ханшийн тогтворгүй байдал эцсийн дүндээ эдийн засагт сөргөөр
нөлөөлдөг.
20 дугаар тогтоол хэзээ, хэрхэн, ямар учраас гарсныг
залуу уншигчид, оюутнууд тэр бүр сайн мэдэхгүй байж болох юм. Харин
ахимаг насны иргэдийн ой тойнд бүх юмны үнэ зэрэг өссөн, сайд дарга нар
нууцаар өөрсдийн мөнгөө банкинд байршуулж хоёр дахин өсгөж авсан гэх
зэрэг бүдүүн тойм санамж үлдсэн нь тодорхой. Энэ санамж нь таагүй
сэтгэгдэл, битүү айдсыг одоо хэр нь дагуулж, хойч үеийнхэнд ч нөлөөлж
байна.
Гэвч энэ айдас бодитой юу? Эсвэл өнгөрсөн зүйлийн сүүдэрт нь
орчихоод хий шаналаад байна уу? Ер нь 1991 оны нэгдүгээр сард нууцаар
боловсруулагдаж, гэнэт батлагдсан шигээ ард түмнийг гэнэтийн цочролд
оруулсан Засгийн газрын 20 дугаар тогтоолын зорилго юу байв?
Тухайн үеийн Бямбасүрэн гуайн Засгийн газарт тун ч хүнд бэрхшээл учраад байж.
БНХАУ-тай
харьцах харилцаа өнөөгийнх шиг сайн биш, хил харьцангуй хаалттай
хэвээр. Харин халамжлагч ах ЗХУ дотроо хямрахын зэрэгцээ, ардчиллын дуу
аялсан Монгол хэмээх дүүгээ хардангуй харах болсон цаг.
ЗХУ-ын
удирдагч асан Михаил Горбачев 1989 оны тавдугаар сард БНХАУ-д албан ёсны
айлчлал хийсэн байдаг. Тус айлчлалын гол зорилго нь 30 орчим жил
дайсагнаж ирсэн хоёр улсын харилцааг хэвийн болгох, мөн түүнчлэн бүс
нутгийн орнуудыгаа хамтран “засан тохинуулах” зэрэг байв. Вьетнам,
Камбоджийн хооронд үүсээд байсан хямралыг зохицуулах нэрийн дор болсон
уг уулзалтын нэг чухал зорилт нь ЗХУ-БНХАУ-ын хил орчим бөөгнөрөн
байрласан цэргийн их хүчийг багасгах, ЗХУ БНМАУ-аас цэргээ гаргаж,
улмаар хоёр их гүрний хоорон дахь эдийн засгийн хамтын ажиллагааг
өргөжүүлэх зэрэг байж.
Ердөө хоёр том хөрштэй, тэр хоёроор дамжиж
дэлхийтэй холбогддог Монгол Улсын хувьд байдал эгзэгтэй болсоор л байв.
Барааны хомсдол нүүрлэж, ЗХУ гадаад худалдаагаар илт хавчиж эхэлсэн нь
Монголд асар хүнд туссан юм. Тухайлбал, ЗХУ БНМАУ -ын экспортод 60-150
хувиар татвар авах шийдвэр гаргасан байдаг.
ЗХУ БНМАУ-ын ДНБ-ий 30
орчим хувьтай тэнцэх тусламж үзүүлдэг байснаа 1990 оны арванхоёрдугаар
сарын 26-наас бүрэн зогсоосон байна. Мөн БНМАУ-ын жил бүрийн төсвийн
алдагдлыг ЗХУ санхүүжүүлэх бөгөөд үүнийгээ өр болгон бүртгэдэг байв.
БНМАУ-ын
нийт экспортын 95 хувь ах дүү гэгдэх социалист орнууд руу ЗХУ-аар
дамжин гардаг байсан нь ч мөн зогсов. ЗХУ мэдээж БНМАУ-д нийлүүлдэг
шатахууныхаа үнийг нэмж, хэмжээг нь багасгахаа ч мартсангүй. Түүнчлэн
ЗХУ-ын олон арван мянгаар тоологдох их цэрэг БНМАУ-аас гарч эхэлснээсээ
хойш бас нэгэн бэрхшээлийг үүсгэв. Учир нь тэд монгол төгрөгийг
хуримтлуулж, улмаар Монголд үлдсэн барааны нөөцийг худалдан авахад
зарцуулжээ. Орос цэргүүдэд зохиомол өндөр ханштай монгол төгрөг хэрэггүй
байсан бололтой, харин тэдэнд биет бараа л хэрэгтэй байсан учир
“хүсээгүй экспорт” үүсэв. Уг нь дотоодын зах зээлд нийлүүлэлт нь
эрэлтээс давсан үед экспорт хийж байвал нэмэлт орлого бий болно,
эсрэгээр дотоодын нийлүүлэлт нь эрэлтээсээ бага байхад импортын орон зай
үүснэ. Гэтэл манайд далд хэрнээ бодит ре-экспорт хүчээ авч байж.
Чухам
энэ үед л барааны хомсдолд орсон ядуу, жижиг орны Засгийн газар маань
үлдсэн жаахан нөөцөө хадгалж үлдэх арга ухаан сийлэх хэрэгтэй болсон
хэрэг.
“Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга
хэмжээний тухай” нэрийн дор 1991 оны нэгдүгээр сарын 15-нд алдарт 20
дугаар тогтоолыг баталсны нэг зорилго нь ч үүнтэй холбоотой.
Тухайн
цагт монгол төгрөг хаана эргэлдэж байв? Мэдээж банкинд хадгаламж
байдлаар, байгууллагуудын данс тэгээд бас багагүй хэсэг нь иргэдийн гар
дээр буюу банкнаас гадуур гүйлгээнд байв. Уг банкнаас гадуурх мөнгөний
багагүй хувь нь Орос цэргүүдэд төвлөрч байсан тухай тэр үеийн эдийн
засагчид дурдсан байдаг.
Уг тогтоолын үр дүнд өргөн хэрэглээний хүнс,
барааны үнэ хоёр дахин өсчээ. Түүнчлэн цалин, иргэдийн бага дүнтэй
хадгаламж мөн хоёр дахин өссөн байна. Харин гүйлгээнд байгаа мөнгө
худалдан авах чадвараа хоёр дахин алдав. Өнгөц харахад хэсэг
иргэдийнхээ эсрэг хийж буй мэт боловч үнэндээ барааны хомсдол руу
хурдтай гулсан орж байсан эдийн засагт тустай зоримог алхам болжээ.
Өнөөдрийн
Монголд хүнс, барааны хомсдол нүүрлээгүй байна. Монголын төр баян болж.
Иргэдийн худалдан авах чадвар ч 1991 онтой харьцуулахад эрс дээшилжээ.
Монголд харийн цэргийн анги алга. Монголд буй хүнс болон бусад өргөн
хэрэглээний барааг зөөх сонирхол ч алга. Тиймээс алдарт хорьдугаар
тогтоол шууд утгаараа дахиж гарна гэж үгүй биз ээ. Учир нь цаг үе,
нөхцөл нь өөр юм. Харин Монголын зэс, нүүрсийг гадагш зөөх сонирхол их
байна. Нэгэнт бид өөрсдөө ашиглаж чадахгүйгээс хойш, тэр түүхий эдийг
идэж эсвэл өмсөхгүйгээс хойш гаргасан нь ч зөв. Харин нүүрс, зэснээс орж
буй их мөнгө сонгуулийн мөчлөгөөр тэжээгдэн бодит эдийн засгийг халааж,
инфляцийг хөөрөгдөж, төгрөгийн ханшийг савлуулж байна.
Хэрэв
өнөөдөр 20 дугаар тогтоол шиг даацтай, түүхэн шийдвэрийг дахин гаргах
хэрэг байна уу гэвэл олонх эдийн засагч үгүй гэх байх. Харин улс төрийн
аливаа нэг үзэл суртал, бүлэглэлийн гинжийг тас цохиж, зах зээлд өөрт
нь боломж олгосон гэдэг утгаараа 20 дугаар тогтоол шиг зоримог алхам
хэрэгтэй. Алдарт 20 дугаар тогтоолоор 1991 онд хэт социалист эдийн
засгийн бодлогоос Монголыг ангижруулсан, өдгөө цагт харин хэт популист
улс төрчдөөс зах зээлийг чөлөөлөх алхам л илүү үгүйлэгдэж байна.
20 дугаар тогтоол давтагдах уу? “Үгүй” гэхдээ...
2012 оны 1-р сар 03, Мягмар гариг
МУ-ын өрсөлдөх чадварын тайлан
•
•
•
Сүүлийн мэдээ
•
•
•
Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан
•
•
•