2024, 12-р сар 22, Ням гариг Шилэн данс

Өөдрөг ирээдүйг бүтээх нь

2013 оны 7-р сар 09, Мягмар гариг

Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, тогтвортой хөгжилд хүргэх замыг эрэлхийлэхийн тулд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Монголын хөгжлийн зураглал: Өөдрөг ирээдүйг бүтээх нь” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр төр, хувийн хэвшил, судалгааны болон олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөгчид нэг дор цугларч, эх орныхоо ирээдүйн тухай стратегийн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Олон улсын “Heminge and Condell” компанийн мэргэжилтнүүд өнгөрсөн онд Улаанбаатарт ирж, Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарыг төлөөлөх манлайлагчдын тусламжтайгаар Монгол Улсын 2025 он хүртэлх хөгжлийн зураглалын 4 хувилбарыг боловсруулсан байдаг. 6 дугаар сарын 28-нд болсон анхдугаар хэлэлцүүлэгт оролцогчид тэдгээр зураглалтай танилцаж, дүн шинжилгээ хийж, ирээдүйн талаар бодож ярилцсан юм. Зураглалын 4 хувилбарыг тоймлоход:

“Ирээдүйн амлалт” зураглалын үед ашигт малтмалын эрэлт аажмаар буурч, эрдэс баялгийн үр шимийг хүртэх цаг хойшилно. Илүү нээлттэй, боловсронгуй, өрсөлдөх чадвартай эдийн засгийг байгуулах нэгдсэн бодлого, төлөвлөгөө боловсруулахын тулд Монголын эрх баригчид хамтарна;

“9 хөлт цагаан туг” зураглалын үед ашигт малтмалын эрэлт (ялангуяа Хятадын эрэлт) их байгаагаас Монгол Улсын эрдэс баялгийн салбар цэцэглэнэ. Монгол хүн бүрт үр өгөөжөө өгөх өөдрөг ирээдүйг бий болгохын тулд бизнес, нийгэм, улс төрийн манлайлагчид хамтран ажиллана;

“Говийн шуурга”, ашигт малтмалын өндөр эрэлт Монголын эрдэс баялгийн салбарыг дэмжих болно. Харамсалтай нь олигархууд болон гадаадын хөрөнгө оруулагчид улс төр, эдийн засгийн эрх мэдлийг хувийн эрх ашгийнхаа төлөө ашигласнаас баян ядуугийн ялгаа нэмэгдэж, өрсөлдөх чадвар доройтно.

“Биелээгүй мөрөөдөл”, Хятадын эдийн засгийн өсөлт саарснаар ашигт малтмалын эрэлт буурна. Энэ нь  Монголын эрдэс баялгийн салбарын ирээдүйг бүрхэг болгоно.Эдийн засгийн эмх замбараагүй байдал популист дарамтад оруулна. Олон улсын дэмжлэг суларч, Засгийн газар болон хувийн хэвшлийн эсрэг дургүйцэл бий болж, хэт үндсэрхэг үзэлч нам төрийн эрх барина.

Дээр дурдсанчлан ялгаатай нөхцөл байдалд ямар стратеги хэрэглэж болох тухай бодож, ярилцахын тулд хэлэлцүүлэгт оролцогчид зураглал бүрийн үед тулгарч мэдэх асуудлууд болон боломжуудыг тогтоосон болно. Түүнчлэн бид оролцогчдын санал, бодлын тусламжтайгаар Монгол Улс аль зураглалыг чиглэн явж байгааг илтгэх шинж тэмдгүүд буюу Урьдчилан сэрэмжлүүлэх дохионы жагсаалтыг гаргасан юм.

7 дугаар сарын 5-нд болсон хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр бид өөрсдийн боловсруулсан Урьдчилан сэрэмжлүүлэх дохионы жагсаалтыг ашиглан эх орныхоо хөгжлийн чиг хандлагыг тодорхойлов. Өнөөдөр ажиглагдаж буй шинж тэмдгүүдийн олонх нь манай улсыг “Говийн шуурга” зураглалын чиглэлд хөтөлж байгаа нь харагдаж байлаа. Нөгөө талаас “9 хөлт цагаан туг”, “Ирээдүйн амлалт”, “Биелээгүй мөрөөдөл” зураглалын шинж тэмдгүүд ч их бага хэмжээгээр илэрч байв.

Зураглал гэдэг нь зөгнөл биш. Аль нэг зураглал яг таг хэрэгжинэ, эсвэл үнэнхүү давамгайлна гэхээс илүүтэй ирээдүйд эдгээр 4 зураглалын тодорхой хэсгүүд ямар нэг хэлбэрээр цогцлон биелэх магадлал өндөр юм. Гэхдээ зураглалууд нь “Хэрэв...?” гэсэн асуултад хариулж чаддаг учраас бид гадаад, дотоод орчны тодорхой бус хүчин зүйлсийг тооцоолон, ирээдүйд учирч болох нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхдээ ашиглахад тохиромжтой. Ямар ч нөхцөл байдал үүссэн тодорхой хэмжээгээр бэлтгэлтэй байх үүднээс хэлэлцүүлэгт оролцогчид маань зураглал бүрийн асуудлыг шийдвэрлэж, боломжуудыг ашиглахын тулд хэрэгжүүлж болох бодлого, алхмуудыг тодорхойлсон болно.


МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан