Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (Төв) тавдугаар сарын 18-нд “Монгол Улсын өрсөлдөх чадвар: Бид хаашаа чиглэнэ вэ?” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Төвийн Удирдах Зөвлөлийн тэргүүн Пунцагийн Цагаан хэлэлцүүлгийг нээж, “Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын тавцанд” сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр Төвөөс хоёр дахь жилдээ боловсруулан гаргаад буй Монгол Улсын Өрсөлдөх Чадварын Тайланг хэрхэн ашиглах талаар тайлбарласан юм.
Төр, хувийн хэвшил, олон улсын болон судалгааны байгууллагууд, хэвлэл мэдээллийн 80 орчим төлөөлөгч оролцсон уг хэлэлцүүлгийн үеэр манай орны өрсөлдөх чадварыг хойш нь чангааж байгаа хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээл, эрчим хүч гэсэн гурван зангилаа асуудлыг хөндөж ярьсан юм. Мөн Монголын өрсөлдөх чадвар эрэмбэлэлийн хувьд яагаад буурсан, цаашдаа өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд юу хийх талаар ярилцсан бөгөөд Төвийн ерөнхий захирал Ч.Отгочулуу тулгамдаж буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэж болох арга замуудын тухай илтгэл танилцууллаа.
Цаашдаа иймэрхүү хэлэлцүүлэг олон зохион байгуулах шаардлагатайг оролцогчид зөвлөж байв. Өрсөлдөх чадвар муутай салбаруудыг хэрхэн сайжруулах талаар хэлэлцүүлэг хамтран зохион байгуулах саналыг Монголын Эдийн Засгийн Чуулганы гүйцэтгэх захирал Б.Найдалаа санал болголоо.
Хэлэлцүүлгийн
үеэр тараасан “МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: БИД ХААШАА ЧИГЛЭНЭ ВЭ?” томхимол
болон илтгэлүүдийг Төвийн цахим хуудас болон Facebook-ээр татаж авахад нээлттэй
учраас Та хэлэлцүүлэгт оролцож амжаагүй байлаа ч мэдээлэл авч, санал бодлоо
бидэнд мэдэгдэж болно.