2024, 11-р сар 22, Баасан гариг Шилэн данс

Эрдэнэтэд эдийн засгийн чуулган болов

2013 оны 5-р сар 07, Мягмар гариг

Өрсөлдөх чадвараар бусад аймгаа манлайлж буй Орхон аймагт 5 дугаар сарын 2-3-нд эдийн засгийн чуулган боллоо. Монголын эдийн засгийн форум ТББ-аас зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Орхон аймгийн удирдлага, хувийн хэвшил болон ТББ-ын төлөөллүүд, Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Завхан аймгийн зочид зэрэг нийт 400 орчим хүн оролцов. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс энэхүү чуулганыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайланг бүх оролцогчдод тараасан юм. “21 аймаг маань хөгжиж байж Монгол Улс хөгжиж чадна” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээж үг хэлэхдээ тэмдэглэлээ. “Орхон аймаг-Эрдэнэт хот”, “Орон нутгийн хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар”, “Төр, хувийн хэвшлийн хэлэлцэл”, “Орон нутгийн хөгжил ба Эрдэнэт үйлдвэр” дөрвөн сэдвийн хүрээнд нэгдсэн хэлэлцүүлэг өрнөв.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны үр дүнгээс үзэхэд Эдийн засгийн тамир тэнхээ, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц хүчин зүйлсээр Орхон аймаг түүчээлж байгаа боловч Засаглалын үр ашгийн хувьд нэлээд хойгуур буюу зургадугаар байрт эрэмбэлэгдсэн.


ДНБ, аж үйлдвэрлэл, бизнесийн орчин, хөдөлмөрийн бүтээмж, дэд бүтцийн хүртээмж зэргээр Эрдэнэт хот бусад аймгаас тасархай түрүүлж байгаа.Хүний хөгжлийн индексээр ч улсдаа нэгдүгээрт орж байна.Тус аймаг хүн амын нягтшил хамгийн ихтэй буюу нэг га талбайд ногдох хүний тоогоор нийслэл хотынхоос даруй 0.6 хувиар давдаг. Тиймээс Орхон аймгийг хотын статустай болгох ёстойг чуулганд оролцогчид онцолж байв. Олон жилийн турш хөндөгдөж буй энэ асуудлыг нааштай шийдвэрлэхээ Ерөнхий сайд амласан.Гэхдээ Орхон аймгийнханд бэрхшээл ч мундахгүй бий. Ялангуяа төсөв, санхүүгийн удирдлагын тал дээр нэлээд тааруухан байгааг Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа харуулсан билээ. Төсвийн ил тод байдлын индексээр тус аймаг сүүл мушгисан тухай Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Б.Мөнхсоёл онцлов. Төрийн хүнд суртлыг бууруулах, засаглалыг ил тод болгох чиглэлээр тууштай ажиллана гэдгээ Орхон аймгийн Засаг дарга Д.Зоригт тайлбарлаж байлаа.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан