Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг хурдтай өсөж буй. Гэвч эрдэс баялгийн арвин нөөцтэй бусад орны нэгэн адил Монгол Улсад Голланд өвчний эхний шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд үүний улмаас уул уурхайн бус салбаруудын өрсөлдөх чадвар суларч байна. Шинэчлэлийн Засгийн газар эдгээр хүндрэлийг ойлгож, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд өрсөлдөөнийг дэмжсэн бизнесийн тогтвортой орчныг бий болгох шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн билээ.
Хууль эрхзүйн болон зохицуулалтын эрс
шийдэмгий өөрчлөлт шинэчлэл нь улс орны бизнесийг дэмжих орчныг хэрхэн богино
хугацаанд өөрчлөн сайжруулдгийн жишээг Бүгд Найрамдах Гүрж улсаас харж болох
юм. Тус улс нь Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгааны Бизнес эрхлэлтийг
хялбаршуулсан байдлын шалгуур үзүүлэлтээр 2006 онд 112-р байр эзэлж байсан бол
2012 онд 16-д оржээ. Харин энэ хугацаанд Монгол Улс 41-ээс 86-р байр луу
ухарсан байна.
Монголын бодлого боловсруулагчид Гүрж улсын
туршлагыг ихэд сонирхож буй. Бизнесийн хууль эрхзүйн болон зохицуулалтын орчин,
эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэх асуудал хоорондын уялдаа холбооны
талаар илүү сайн ойлголттой болох нь нийт иргэдийн хувьд ч үр өгөөжтэй юм.
Тиймээс ч Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)
АНУ-ын ОУХА-ийн “Бизнесийг дэмжих санаачилга” төсөл, Монголын хэвлэлийн
хүрээлэнтэй хамтран “Энгийн шинэчлэлүүд Монгол Улсын бизнесийн орчныг
хэрхэн сайжруулах вэ?”сэдэвт хэлэлцүүлгийг 2012 оны 9 дүгээр сарын 7-ны
өдөр сэтгүүлч, эдийн засагч, хуульчдын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн
хүндэт зочноор Гүрж улсын Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан ноён
Алекси Алексишвили уригдсан бөгөөд Монголын хуульч, сэтгүүлчидтэй Гүрж улсын
туршлага болон эрх зүйн зохицуулалт, бизнесийн орчны уялдаа холбооны талаар
санал бодлоо хуваалцсан юм.
Хэлэлцүүлгийг ЭЗБӨЧСТ-ийн захирал Ч.Отгочулуу
нээж, “Эдийн засаг, эрхзүйн зөвлөгөө” ХХК-ийн захирал Б.Баяр хөтлөн явуулав.
Бизнес эрхлэхэд зохицуулалт хэрхэн нөлөөлдөг, манай улсын хууль эрхзүй,
зохицуулалтын орчин ямар түвшинд байгаа талаар манай улсын тэргүүлэх хуульчид
болох Б.Баяр, “Бона Лекс” хуулийн фирмийн өмгөөлөгч Н.Цогт, "Махони Лиотта"
ХХК-ийн хуульч Г.Нарантуяа нар санал бодлоо хуваалцав. Харин Алекси Алексишвили
энгийн шинэчлэлүүд Гүрж улсын бизнесийн орчин, өрсөлдөх чадварыг хэрхэн
сайжруулсан тухай сонирхолтой илтгэл танилцууллаа.
Гүрж улс нэгэн үе авлига, хүнд суртал ихээхэн
дэлгэрсэн улс байсан бөгөөд 2004 оноос эрхзүйн орчин, институцын эрчимтэй
шинэчлэлийг өрнүүлж эхэлжээ. Ингэхдээ эдийн засгийн бүхий л салбарыг хамарч
хэрэгцээгүй зөвшөөрөл, лиценз, бичиг баримтуудыг устгаж, бизнес эрхлэгчдэд аль
болох эрх чөлөө олгоход анхаарсан байна. Тэдний хэрэгжүүлсэн шинэчлэлийн үр дүн
3 жилийн дараа буюу 2007 оноос бодитоор харагдаж эхэлжээ. Авлига ихээхэн буурч,
Дорнод Азидаа хамгийн авлигагүй улс болсон байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө
оруулалт нь 2004 онтой харьцуулахад 2007 онд буюу 3 жилийн дотор 10 дахин
нэмэгдэж, 2 тэрбум ам.долларт хүрчээ. Дэлхийн банкны "Бизнес
эрхлэхүй" судалгааны Бизнес эрхлэлтийг хялбаршуулсан байдлын шалгуур
үзүүлэлтээр 2006 онд 112-р байр эзэлж байсан бол 2005 онд 38, 2012 онд 16 болон
ахисан байна.
Гэвч тус улс “диваажин” биш, эрүүл мэнд,
боловсрол зэрэг салбарт хийж сайжруулах зүйл их байгааг Àëåêñè Àëåêñèøâèëè
тэмдэглэсэн юм. Гэхдээ шинэчлэлийн үр дүнд авлига, хүнд сурталгүй, бизнес
эрхлэгчид зөвшөөрөл авахад хүндрэл учирдаггүй, бизнесийн таатай орчин бүхий улс
болж чаджээ.
Гүрж улс шинэчлэлийн үедээ хувьчлалыг түлхүү
өрнүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар манай улсад уул уурхайн
салбараас орж ирж байгаа шиг их хэмжээний мөнгөтэй болсон бөгөөд түүнийгээ
зүгээр тараах, эдийн засагт шахах биш харин гадаад өр төлбөрүүдээ дарахад
ашигласан нь инфляци, ханшийг хөөрөгдөлгүйгээр гадаад байр сууриа бэхжүүлэхэд
нь нөлөөлснийг Алекси Алексишвили онцоллоо. Сайн засаглал, бизнесийн таатай
орчин бол уул уурхайн баялагтай, баялаггүй ямар ч улсад зайлшгүй хэрэгтэй зүйл
гэдийг тэрбээр эцэст нь дурьдав.
Энэхүү хэлэлцүүлэг нь шинэчлэлийг тодорхойлоход бизнес
эрхлэгчдийг татан оролцуулах,“Өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг
сайжруулах замын зураглал” боловсруулж Шинэчлэлийн Засгийн газарт
өргөн барих зорилгоор зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг юм.