Монголын бизнесийн зөвлөл үүсэн
байгуулагдсаны дөрвөн жилийн ойн баярын арга хэмжээ 2011 оны 10 дугаар сарын
31-нд "Kempinski Khan Palace" зочид буудалд болов. 2011 онд
Санхүүгийн жил тохиосонтой холбогдуулж Монголын бизнесийн зөвлөлийн дарга Лоренц
Мелчерс, гүйцэтгэх захирал Жим Двайер нар арга хэмжээг нээн, оны шилдэг гишүүн
байгууллагуудаа шагнаж урамшууллаа. Шилдэг судалгааны байгууллагаар
Ч.Отгочулуу захиралтай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв,
тус зөвлөлийн шилдэг ажлын хэсгээр Мелни Линдберг даргатай "Байгаль
орчин" - ы ажлын хэсэг шалгарч зөвлөлийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн
юм. Шилдэг дотоодын компаниар "Энержи ресурс" ХХК,
"Ньюком" групп шалгарч, шилдэг олон улсын компаниар "Хүннү
Коал" ХХК, шилдэг медиа номинацид "Вtv" телевиз, засгийн газрын
шилдэг түншээр Д.Одсүрэн шалгарлаа.
Монголын
бизнесийн зөвлөл 2007 оны 9-р сард бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж,
тэдгээрийн ашиг сонирхлын төлөө нэгдэж, холбогдох эрх бүхий байгууллагуудтай
илүү үр ашигтай ажиллаж, зөвлөгөө өгөх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд
Засгийн газарт бизнесийн салбарын үйл ажиллагааг уламжилж, эдийн засгийн
өсөлтөд саад болж буй хууль тогтоомжид хувь нэмрээ оруулах чухал нөлөөтэй юм.
Тус зөвлөл нь өдгөө гадаад, дотоодын
бизнесийн салбарын 200 гаруй хөрөнгө оруулагч, Азийн хөгжлийн банкны
төлөөлөгчид, "Мянганы сорилтын сан", Шведийн техникийн хамтын
ажиллагааны газар гэсэн донор байгууллагууд болон 14 Элчин сайдын яам, салбарын
болон төр захиргааны шилдэг байгууллагууд, хувь хүмүүсээр багаа бүрдүүлсэн
чадварлаг хамт олон юм. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд гадаадын хөрөнгө оруулагч,
Монголын бизнесменүүд 50:50 хувийн оролцоотой байдаг байна. Зөвлөлийн гишүүд
бизнесийн салбарынхны зөвлөгөөнөөр хэлэлцсэн шийдвэрийг төр засаг дээд
байгууллагуудад уламжлах тэргүүн нь болж байдаг байна. Зөвлөл нь 7 ажлын
хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр нь чиглэл чиглэлээ хариуцан ажилладаг. Тиймээс
ажлын хэсгийнхэн салбар бүртээ биеллээ олсон олон ажлыг санаачилж гар бие
оролцдог билээ. Тухайлбал: Ц.Мөнх-Оргил гишүүнтэй хууль зүйн ажлын хэсгийнхэн
Концессын хуулийн шинэ агуулгыг англи хэлээр орчуулан зөвлөлийн гишүүддээ
тарааж, санал солилцоод УИХ-д өргөн барьж батлуулсан нь хөрөнгө оруулагчдыг
татахад чухал нөлөө үзүүлсэн юм.