2024, 12-р сар 27, Баасан гариг Шилэн данс

“Шинэчлэлийн төлөө түншлэл” форум болно

2012 оны 9-р сар 07, Баасан гариг

Саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд “Шинэчлэлийн Засгийн газар”  байгуулагдсантай холбогдуулан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Азийн хөгжлийн банк, Монголын Бизнесийн зөвлөл болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран“Өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах замын зураглал”боловсруулахаар ажиллаж байгаа билээ. Энэхүү санаачилга нь өсөлт, үр ашгийг боомилж буй үр нөлөө сул хууль тогтоомж, арга барилыг халж, зохицуулалтыг илүү тодорхой болгох, өөрчлөн шинэчлэх талаар төрийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм.

Засгийн газар үйл ажиллагааныхаа эхний жилд хэрэгжүүлэх боломжтой, зардал багатай, үр нөлөө өндөртэй тодорхой шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих бизнесийн таатай орчныг бий болгох, улс орны өрсөлдөх чадварыг сайжруулах нь бидний зорилго юм. Тиймээс энэ чиглэлд Засгийн газар, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох нь чухал. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдийн дунд санал асуулга явуулж, бизнес эрхлэгчид, төр засгийн төлөөлөл оролцсон 2 удаагийн дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулж, Гүрж улсын туршлагыг судлах зэргээр цуврал арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ бүхний үр дүнд бизнес эрхлэгчдийн санал бодолд тулгуурлан тодорхойлсон, шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа эхний жилд хэрэгжүүлэх боломжтой, зардал багатай, үр нөлөө өндөртэй 10 шинэчлэлийг тусгасан баримт бичгийг боловсруулсан бөгөөд шинэчлэлийг яаж бага зардлаар, нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж болохыг тусгасан “Өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах замын зураглал”-ыг энэ сарын 13-нд Төрийн ордны “Б” танхимд болох“Шинэчлэлийн төлөө түншлэл” форумын үеэр Засгийн газарт өргөн барих юм. Уг форумын үеэр мөн Гүржийн Бодлого, менежментийн зөвлөх группийн ТУЗ-ийн дарга Алексей Алексишвили ирж шинэчлэлийг хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцана.

Бидний энэхүү санаачилгын ач холбогдлыг Шинэчлэлийн Засгийн газар үнэлж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг форумд оролцохоо албан ёсоор илэрхийлээд байна. “Шинэчлэлийн төлөө түншлэл” форумын үеэр хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагууд өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах тал дээр Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэх юм.

Хувийн хэвшлийнхний тодорхойлсон 10 шинэчлэлийг хэрэгжүүлснээр бизнесийн орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахад бодитой үр дүнгүүд гарч “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”, “Бизнес эрхлэх нь”, “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” зэрэг судалгааны тайланд эзлэх Монгол Улсын байр суурь мэдэгдэхүйц дээшилнэ гэдэгт бид итгэлтэй байна.

“Шинэчлэлийн төлөө түншлэл” форумд оролцож, Монгол Улсын өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах тал дээр төр, хувийн хэвшил хэрхэн түншилж болох тухай санал бодлоо илэрхийлэх боломж Танд ч бас бий. Та 321927 утсаар, эсвэл info@ecrc.mn цахим шуудангаар бидэнтэй холбоо барьж, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний Мягмар гарагаас өмнө бүртгүүлнэ үү.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан