Улаанбаатар хот хурдацтай өргөжин тэлж, хотруу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал эрчимжсэн. Нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод 2019 оны байдлаар улсын нийт хүн амын 45.9 хувь[1], үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын 67.2 хувь[2] суурьшиж байгаагаас улсын нийт хөрөнгө оруулалт, хадгаламж, банкны зээлийн ихэнх хувь нь бас ногдож байна. Энэхүү өсөлтийг дагаад үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжууд нэмэгдэж тэр хэрээр хотын дэд бүтэц, зах зээлийн хүчин чадавх, мэргэжилтэй ажиллах хүчний төвлөрөл ихсэж улмаар гэр хорооллын тэлэлт, орчны бохирдлын асуудал нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлын нэг болсоор байна. Ийнхүү төрөлжиж буй үйлдвэрлэл үйлчилгээ, өсөж буй хөдөлмөрийн бүтээмжтэй зэрэгцэн хотын аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлууд хөндөгдөж нийслэл хотод амьдардаг хүн ам эрүүл, тав тухтай орчинд ажиллаж, амьдарч тэр бүр чадахгүй л байна. Энэ нь амьдралаа дээшлүүлэхээр хотруу нүүдэллэж буй иргэдэд томоохон сорилт болж байна. Тэгэхээр бид хотжилтыг эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж олгогч эсвэл эдийн засгийн хөгжлийг хойш чангаагч гэж өнгөцхөн дүгнэж болохгүй. Хотжилтын үр нөлөөг үнэлэхийн тулд түүнийг зөв тодорхойлж, бодитоор хэмжих шаардлагатай байгаа юм.
Энэ үүднээс Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дүүргүүдийг өрсөлдүүлэхэд бус харин дүүргүүдийн хөгжлийн ялгаа, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин, өрсөлдөх чадварын давуу болон сул талууд, түүнийг сайжруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг гаргаж ирэхэд чиглэсэн “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-г 2017 онд санаачлан боловсруулсан бөгөөд судалгааны үр дүнг харьцуулан үнэлэх, хотжилтын мэдээллийн сан үүсгэх улмаар хотын өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор тус судалгааг 2 жил тутам боловсруулж байна.
Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг судалж эхэлсэн 2 жилийн өмнөхтэй харьцуулахад Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 7 хувь нэмэгдэж 0.557 болсон байна. Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг үндсэн 5 бүлгээр харвал, эдийн засаг, амьдралын чанарын хувьд харьцангуй сайн буюу 0.6-аас дээш оноотой, харин аюулгүй байдал, засаглал 0.5 орчим, амьдрах орчны хувьд 0.5-аас бага оноотой үнэлэгдсэн байна.
Хотын хөгжил нь түүнийг бүрдүүлж буй дүүргүүдийн хөгжлөөс шууд хамаардаг гэдэг утгаараа дүүргийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа, шийдэл, хяналт нь хөгжлийг урт хугацаанд үргэлжлүүлэх баталгаа болдог. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын оноогоор Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүд (өрсөлдөх чадварын индекс нь 0.510-аас дээш оноотой) тэргүүлж байгаа бол алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүрэг (өрсөлдөх чадварын индекс нь 0.460-аас бага) бусад дүүрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна. Энэ нь алслагдсан дүүргүүдийн хөгжлийн түвшин доогуур байгаатай холбоотой юм. Өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад Багахангайгаас бусад 8 дүүрэг өрсөлдөх чадвараа сайжруулсан байна.
Манай улсын хувьд зөвхөн нийслэл хотод хүн ам олноор төвлөрч байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 95.2 хувь нь төвийн 6 дүүрэгт, 4.8 хувь нь алслагдсан 3 дүүрэгт тус тус оршин сууж байгаагаас[3] төвийн зургаан дүүрэгт хүн ам хэт төвлөрсөн байдал ажиглагдаж байна. Хотжилтын нэг давуу тал нь хүн амыг бүтээлчээр амьдрах, хөгжих, амар тайван, ая тухтай, эрүүл орчинг бүрдүүлэх явдал билээ. Гэтэл огцом өсөн тэлэх хотжилт нь төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдийг бий болгож хүн амын тав тухтай, таатай ажиллаж, амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байна. Үүний тод жишээ нь жилээс жилд нэмэгдэж буй орчны бохирдлын асуудал юм. Орчны бохирдол үүсгэж, хүн амын эрүүл мэнд цаашлаад улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй олон хүчин зүйл байгаагаас баталгаагүй ундны ус, орчны дуу чимээ, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл зэрэг нь бохирдол болоод хог хаягдлыг үүсгэх үндсэн шалтгаан болж байна.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын орчны бохирдолд агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдлын асуудлууд зонхилох боллоо. Агаарын бохирдлын тухайд хүйтний ам наашлахтай зэрэгцэн шүүмж дагуулсаар удаж байна. Нийслэлчүүд хүн амын төвлөрлөөс үүдэлтэй энэхүү бохирдлыг багасгахын тулд түүнийг үүсгэж буй эх үүсвэртэй тэмцэх ажлыг өрнүүлээд байгаа билээ. Улаанбаатар хот дахь агаарын бохирдол нь ногоон байгууламжийн хангалтгүй байдал, хучилтгүй шороон зам, гэр хорооллын зуух, нүүрсний хэрэглээ, хуучирсан автомашин, техник хэрэгсэл зэргээс голлон шалтгаалдаг. Агаарын бохирдолтой холбоотойгоор хүн амын амьсгалын замын өвчлөл, хорт хавдар жилээс жилд нэмэгдэх болсон. Нийслэлд 2019 онд 24112 хүн халдварт өвчнөөр өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 1181 (5.2%) хүнээр өссөн байна[4]. Мөн 10000 хүн тутмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлчдийн өвчлөлийн зонхилох 10 ангилалыг амьсгалын тогтолцооны өвчлөл тэргүүлж байна[5]. Дүүргүүдийн судалгааны үр дүнгээс харвал агаарын бохирдол үзүүлэлтийн үнэлгээ доогуур байна. Эдгээр нь агаарын бохирдлыг аюулт түвшинд хүрснийг илтгэж буй.
Агаарын бохирдлоос дутахааргүй хотжилтоос үүдсэн тулгамдаж буй асуудлын нэг нь хөрсний бохирдол. Өсөн нэмэгдэх гэр хорооллын хаягдал бохир ус, утаа тортог, нүхэн шорлон, ахуйн хог, химийн болон үйлдвэрийн хаягдал зэрэг нь хөрсийг бохирдуулсаар байна. Нийслэлийн хэмжээнд 2019 онд зөвшөөрөгдсөн зургаан хог хаягдлын төвлөрсөн цэгт нийт 819.3 мян.тонн энгийн хатуу хог хаягдлыг тээвэрлэж, зайлуулсан байна[6]. Дүүргүүдийн судалгааны үр дүнгээс харахад хатуу хог хаягдлаа үйлчилгээний байгууллагаар зайлуулдаг өрхийн хувь өндөр байна. Өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад бохир ус болон хатуу хог хаягдлаа ил задгай асгадаг өрхийн хувь багассан хэдий ч иргэд цэвэр орчны үзүүлэлтэд дунд үнэлгээ өгч байна. Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулахад ногоон байгууламж маш чухал нөлөөтэй. Гэтэл иргэд ногоон байгууламж үзүүлэлтэд 3.54 буюу хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ.
Ийнхүү нийслэлийн оршин суугчид ая тухтай, эрүүл амьдрах нөхцөлөөр төдийлэн хангагдаж чадахгүй байна. Нөгөөтээгүүр хүн ам нэг дор олноороо суурьших үзэгдлээс үүдэн бий болж буй орчны бохирдол нь хотжилтын онцгой анхаарах чухал асуудал болсон байна. Дээрх бэрхшээлийг багасгахын тулд нийслэл хотын, тэр дундаа дүүрэг бүрийн хөгжлийн давуу болон сул талыг хэмжсэн, нотолгоонд суурилсан мэдээллийн санд илүү анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна.
Эх сурвалж:
[1] Монгол Улсын үндэсний статистикийн хороо. (2019). Монгол Улсын статистикийн эмхэтгэл.Уб. х.35
[2] Монгол Улсын үндэсний статистикийн хороо. (2019). Монгол Улсын статистикийн эмхэтгэл.Уб.х.790
[3] http://ubstat.mn/StatTable=20
[4] Нийслэлийн статистикийн газар. (2019). “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн 2019 оны XII сарын танилцуулга. х.7
[5] Монгол Улсын үндэсний статистикийн хороо. (2019). Монгол Улсын статистикийн эмхэтгэл.Уб. х. 210
[6] Монгол Улсын үндэсний статистикийн хороо. (2019). Монгол Улсын статистикийн эмхэтгэл.Уб. х. 291