2024, 5-р сар 10, Баасан гариг Шилэн данс

Улаанбаатар-Санхүүгийн төв болж чадах уу?

2011 оны 11-р сар 16, Лхагва гариг

Нийслэл хот маань уул уурхайн асар том бизнесийг дагаад ядаж л бүс нутгийн хэмжээнд санхүүгийн  төв болж чадах уу? Өнөөдөр дэлхийн дэвжээнд Нью-Йорк, Лондоны биржүүд сүр хүчээ гайхуулж байна. Тэдний араас Европ тивд Парис, Франкфурт хотууд, харин Азид Токио, Хонконг, Сингапур нэхэж явна. Эдгээр төвийн дийлэнх нь үндсэн үйл ажиллагаагаа англи хэл дээр  мөрдөх бөгөөд хууль эрх зүйн хувьд англо-саксон загварт суурилсан байдаг.

Төрийн зохицуулалт, дэмжлэг  сайтайн зэрэгцээ Төвбанкны бие даасан байдал нь ч хамгаалагдсан, мөнгө валютын бодлого нь тодорхой дүрэмтэй, ил тод, ойлгомжтой байдаг. Банкууд нь баячуудад зориулсан хувийн банкны үйлчилгээнээс эхлээд тэтгэврийн хөгшинд жижиг хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх хүртэл олон төрлийн үйлчилгээг үзүүлнэ. Мэдээж цахим технологи гэх зэрэг техник хангамж сайтайн дээр  ажиллагсдын ур чадвар зэгсэн. Эдгээр амжилт, давуу талын цаана тухайн хотынхоо дэлхийд өрсөлдөх чадварыг өсгөх гэсэн төрийн бодлого нуугдаж байдаг юм. Жишээ нь, Франкфурт, Хонконг зэрэг улсын зохицуулах хороод нь банк, санхүүгийн байгууллагуудаа хянаж шалгахаас гадна, сургах, шинэ стандартад төлөвшүүлэхэд онцгой анхаардаг. 
Монгол Улсад маань байдал ямар байна вэ? Манай улсын зах зээлийг банк давамгайлсан хэлбэртэй гэж үздэг. 1999-2000 оны эрс шинэчлэлийг эс тооцвол төрийн зүгээс энэ салбарын талаар дорвитой бодлого явуулсан нь үгүй. Цөөн тооны хувийн банкууд маань сайн муугаараа хэлүүлэн байж бор зүрхээрээ, зах зээлийн эрэлтийн хүчээр босож ирж байна. Үүний баталгаа нь Монголд сүүлийн жилүүдэд банкны салбар эрчтэй томорч байгаа байдал юм. Тухайлбал, 2000 онд ердөө 1200 зээлдэгч 60  орчим тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бол өнөөдөр 600 мянга орчим зээлдэгч 4.3 их наяд төгрөгийн зээлийг банкны сектороос авсан байна. Гэвч энэхүү толгой эргэм өндөр өсөлт нь бодит  ур чадвар, бүтээмжид тулгуурласан эсэх нь тодорхойгүй. Монголын зах зээл тэлж байна. Нуурын ус нэмэгдэхэд бүх завь дээшилдгийн адилаар банкууд ч мөн санхүүгийн их эрэлтийн хүчээр томорч байна.

Монголд зээлийн хүү хэт өндөр байгаа нь харилцагчдын сэтгэл ханамжид муугаар нөлөөлдөг. Учир нь, зээлийн ерөнхий эрсдэл их, мөн эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү өндөр. Банкны ерөнхий үйл ажиллагаа болон зээлийн эргэн төлөлтийн үед маргаан гарахад банк хууль, шүүхээр хамгаалагдаж чаддаггүй. Үүнд мөн л төрийн урагшгүй үйл ажиллагаа буруутай гэж үзэж болно. Шүүхийн шийдвэр удаан гардаг, биелэлт сул, нэг барьцаа хөрөнгийг олон давхар бүртгэдэг, бүртгэлийн байгууллагууд нь гар хардаг зэрэг нь зээлийн эрсдэлийг өсгөдөг бөгөөд энэ нь эргээд өндөр хүү болж бизнес эрхлэгчдийн нуруун дээр дарамт болон очиж байна.
Зээлийн хүү өндөр байгаагийн өөр нэг шалтгаан нь хадгаламжийн хүү өндөртэй холбоотой. Төсвийн хэт хяналтгүй тэлэлт инфляцийг өдөөх бөгөөд иргэд инфляциас өөрсдийгөө хамгаалахын тулд зөнгөөрөө хадгаламжийн өндөр хүүг хайдаг байна. Инфляци өндөр байгаад мөн л валют, мөнгөний бодлого боловсруулагчид тодорхой хэмжээнд буруутай.
Монголбанк бодлогоо хэт монополь байдлаар боловсруулдаг. УИХ тогтоол төдийхнөөр мөнгөний бодлогыг хэт ерөнхий баталж өгдөг нь Төвбанкинд дураараа дургих эрхийг нь албан ёсоор олгосноос ялгаагүй хэрэг болно. Улс төрийн томилгоогоор ирсэн Монголбанкны ерөнхийлөгч нь орчин үеийн макро эдийн засгийн уялдаа холбоог зөв ойлгодог байх зэрэг энгийн нэг шалгуурыг давдаг эсэх нь тодорхойгүй. Монголбанкны хамгийн гол капитал нь түүний нэр хүнд бөгөөд бизнес эрхлэгчдийн хүлээлтийг зөв удирдах замаар бодлогоо зөв таниулж сурталчлах ёстой. Монголбанкны ерөнхийлөгч үнэндээ  найрал хөгжмийн удирдаач адил олны өмнө ил баймаар атал  хааяа нэг хэрэг төвөгт нэр нь холбогджээ гэх төдийгөөс хэтрэхгүйгээр олонд танигдаж буй нь харамсалтай.  

Цаашид яах вэ?
Сонгуулиас сонгуулиар амьсгалдаг улс төрчид төрийн бодлого боловсруулж буй өнөө цагт нийслэл хот маань санхүүгийн хүчирхэг төв болж чадах нь эргэлзээтэй. Ганц найдах зүйл нь Банкуудын холбоо илүү хүчирхэг байх хэрэгтэй. Гэвч хуулиар олгогдсон эрх нь хязгаарлагдмал тул одоохондоо тэднээс их зүйл хүлээгээд хэрэггүй л болов уу.
Монголын эдийн засаг өсч, зээл хадгаламжийн зөрүү буюу маржин ихтэй байгаа энэ цаг үеийг банкууд маань зөв ашиглаж хүндээ, стандарт, этиктээ арвин хөрөнгө оруулах хэрэгтэй. Өнөөдөр том банкны нэг зээлийн эдийн засагч хэдэн тэрбумын багц хянах боломжтой хэмжээнд энэ салбар томорч байна.
Харин харилцагчид, иргэд маань яах ёстой вэ? Тухайн банкныхаа тайлан балансаас дор хаяж хүүгийн орлого-хүүгийн зарлагын зөрүү, хадгаламж зээлийн харьцаа үзүүлэлтийн зөрүүг хараад ойлгох чадвартай байх хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө дампуурсан хоёр дунд хэмжээний банк үнэндээ зээл, хадгаламжийн хүү болон нийт хэмжээнийхээ удирдлагыг зөв хийж чадаагүй юм шүү дээ. Тайланд нь энгийн шинжилгээ хийж үзэхэд л эх үүсвэрийн илүүдэлтэй, хадгаламжиндаа хэт их хүү төлдөг нь харагдаж байсан.
Тэгэхээр иргэд маань санхүүгийн  хувьд  илүү  боловс¬ролтой байвал банкуудыг муудахаас нь өмнө “хашрааж” сурна. Мэдлэгтэй, шаардлага өндөртэй харилцагч бүхий банк өөрийгөө улам хөгжүүлэхийн тулд хичээж таарна.
Улаанбаатар маань бүс нутагтаа томд тооцогдох банк санхүүгийн том төв болж чадах уу? гэсэн асуултыг дахин тавья. Чадна. Иргэд маань боловсорч, төрөө шахаж шаарддаг, төр нь дотоодын банкуудаа дарамталж биш, харин дэмждэг сэтгэлгээтэй болсон цагт бид чадна.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан