“Эдийн засгийн өсөлт маань Монголын цаг агаартай их төстэй байна” хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-ийн Удирдах Зөвлөлийн тэргүүн П.Цагаан 5 дугаар сарын 31-нд болсон “Монгол Улсын өрсөлдөх чадвар: Тогтвортой хөгжлийн эрэлд” сэдэвт хэлэлцүүлгийг нээхдээ хэлэв. Монгол Улсын эдийн засаг 2009 онд 1.3 хувиар буурч байсан бол 2010 онд 6.1, 2011 онд бүр 17.3 хувиар огцом өссөн. Гэвч нүүрсний үнэ унасан, Хятадын эрэлт буурсан зэргээс шалтгаалж өнгөрсөн онд ДНБ-ий өсөлт 15.3 хувь болж саарсан бол энэ онд ч мөн харьцангуй бага байх төлөвтэй. “Эдийн засаг хурдтай өсөх нь нэг л үзүүлэлт” гэж П.Цагаан дарга хэлээд, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд өрсөлдөх чадвараа тууштай сайжруулах ёстойг сануулсан юм.
“Өрсөлдөх чадвар бол зөвхөн өнөөдөр моодонд ороод байгаа ойлголт биш. Энэ нь
улс орны хөгжлийн хувьд үнэхээр чухал” хэмээн Швейцарийн хөгжлийн агентлагийн
Дэд суурин төлөөлөгч Дийпак Элмер хэлэлцүүлэгт оролцогчдод мэндчилгээ
дэвшүүлэхдээ тайлбарлав. Ялангуяа Швейцарь болон Монгол шиг далайд гарцгүй
жижиг орны хувьд өрсөлдөх чадвар л хөлөө олох арга болж чадах ажээ. “Өрсөлдөх
чадвартай байна гэдэг нь дэлхийн хэмжээнд өөрийгөө аваад явах чадвартай байна
гэсэн үг” хэмээн тэрбээр онцоллоо. Өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд бид
мэдээж өнөөдөр ямар байгаагаа хэмжиж, үнэлэх хэрэгтэй.
ЭЗБӨЧСТ нь Швейцарийн Удирдлагын хөгжлийн хүрээлэн (IMD)-тэй хамтран Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгай тайланг гурав дахь жилдээ бэлтгэн гаргаад байна. Эх орныхоо хөгжлийг нийгэм, эдийн засгийн 330 гаруй үзүүлэлт ашиглан хэмжиж, жишиж болохуйц 14 оронтой харьцуулан боловсруулдаг энэхүү судалгааны тайлангийн тусламжтайгаар бид ямар байгаагаа бодитойгоор харж, үнэлж чаддаг болсон. Тэгвэл энэхүү судалгааг жил бүр тогмол хийснээр Монгол Улс хөгжлийн ямар түвшинд байгааг мэдээд зогсохгүй өнгөрсөн жилтэй, тэрний өмнөх жилтэй харьцуулахад ямар болсныг харж, түүнээсээ суралцах боломж бүрдэж байна.
Судалгааны үр дүнг
нэгтгэн тоймлоход манай өрсөлдөх чадвар өсөж байна, гэхдээ удаан байна гэдгийг
П.Цагаан дарга хэлсэн. Гурван жилийн өмнө 28 байсан өрсөлдөх чадварын оноо
маань одоо 39 болж нэмэгдсэн. Гэвч Монгол Улс харьцуулж буй 15 орноос 14
дүгээрт буюу Украины дараа ордог байсан бол одоо 15 дугаарт жагсаж байгаа юм.
Энэ нь бусад орон биднээс хурдтай хөгжиж байгааг харуулна. Тийм ч учраас бид
хурдтай, тогтвортой хөгжихийн тулд өрсөлдөх чадвараа тууштай сайжруулахад
анхаарах хэрэгтэй байгаа юм.
Тууштай өрсөлдөх
чадварыг урт хугацааны бодлого, стратеги, алсын хараа бүрдүүлдэг. “Бид
маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг ойлголтоос нэг мөр татгалзах цаг
иржээ” хэмээн П.Цагаан дарга онцолсон. Өнөөдөр амьдрах орчноо сайжруулахын
зэрэгцээ маргааш, нөгөөдөр, 10 жил, 100 жилийн дараа энэ газар шороон дээр
амьдрах хүмүүсийн эрх ашгийг бодох ёстойг тэрбээр хэлсэн. Урт хугацааны бодлого
боловсруулахад шаардлагатай найдвартай мэдээллийн эх үүсвэр болж чадахуйц
судалгааны тайлангууд гарч байгаа нь сайн хэрэг болохыг хэлэлцүүлэгт оролцогчид
тэмдэглэж байв.
Энэхүү хэлэлцүүлгийн
үеэр ЭЗБӨЧСТ-ийн судлаачид Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан-2012 болон
Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайлангийн үр дүнг танилцууллаа.
(Илтгэлүүдийн PDF хувилбарыг ecrc.mn цахим хуудаснаас татаж авна уу).