2024, 12-р сар 22, Ням гариг Шилэн данс

С.Гарелли: Баян байна, өрсөлдөх чадвартай байна гэдэг огт өөр ойлголт

2010 оны 11-р сар 09, Мягмар гариг

Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн тэргүүн бөгөөд үүсгэн байгуулагч, профессор Стефен Гареллитай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 5-нд Монголд ирж, нэг хоног саатаад буцсан. Төр-эдийн засгийн шинжлэх ухааны нэн шинэ салбар болох Өрсөлдөх чадварын онолыг үндэслэгчдийн нэг бөгөөд дэлхийд нэртэй эрдэмтэн болох С.Гарелли энэ чигэлээр тасралтгүй 25 жил судалгаа хийсэн аж. 1989 онд Дэлхийн өрсөлдөх чадварын төвийг үүсгэн байгуулахаасаа өмнө Дэлхийн эдийн засгийн форум буюу бидний хэлж заншсанаар Давосын чуулга уулзалтын удирдлагын багт олон жил ажилласан юм билээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын төв 22 дахь жилдээ улс орнуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж, нийтлүүлсэн гэсэн. Таны айлчлалын хүрээнд Монгол Улсыг уг тайланд багтаах тухай санамж бичиг үйлдлээ. Тайланд ямар шалгуураар хамрагддаг юм бэ? Өмнө нь Монгол Улс яагаад орж байгаагүй юм бол?

Дэлхий өрсөлдөх чадварын төв 1989 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид өрсөлдөх чадварын тайландаа одоогоор 58 орныг хамруулж байгаа бөгөөд 327 шалгуур үзүүлэлтээр хөгжлийн хөгжлийн түвшинг нь харьцуулан эрэмбэлдэг юм. Түүнчлэн бид олон улсын 54 байгууллагатай түншилж ажилладаг. Мэдээж тайлангаа гаргахдаа юуны түрүүнд дэлхийн томоохон орнуудын эдийн засгийг багтаасан л даа. Яагаад гэвэл тэдний үзүүлэлт буюу өгөгдлүүд нь бэлэн байж байдаг. Харин одоо бид Монгол улс шиг дэлхий эдийн засгийн салбарт хүч төрөн орж ирж байгаа хөгжиж буй орнуудад анхаарлаа хандуулж эхэлж байна. Гэхдээ энэ удаад Монголын нөхцөл байдал, тоо баримтуудад тулгуурласан өрсөлдөх чадварын тусгай тайлан хйих гэж байгаа юм. Харамсалтай нь шаардлагатай мэдээлэл, өгөгдлүүдийн ихэнхи нь Монголд байхгүй, байгаа зарим нь хэтэрхий хуучирсан гэх мэт хүндрэл байна л даа. Ямартаа ч бид Монголын ард түмэн, шийдвэр гаргагчид хэрэг болохуйц өрсөлдөх чадварын хэрэгслийг бий болгохоор хичээж ажиллана. Монгол улсад уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлж байна. Өрсөлдөх чадварын шинэ түвшинд гарах салаа замын уулзварт ирчихээд байна гэж би ойлгож байна, Монгол орныг. Тийм болохоор дээрх судалгааг хийх нь цагаа олсон хэрэг болов уу.

Та сая салаа замын талаар дурдлаа. Монгол орон ашигт малтмалаар үнэхээр баян. Гэвч эрдэс баялгаа ашиглан хөгжилд хүрсэн орнууд байхад ядуугийн туйл болсон улсуудын жишээ ч мундахгүй их бий. Монгол улсын хувьд томоохон ордууд ашиглалтад орж, уул уурхайн салбар хөгжих нь бидний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөшүүрэг болж чадах уу?

Та их зөв хэллээ.Байгалийн баялаг гэдэг нь Монголын эдийн засгийн хувьд маш том боломж ч байж болно, эсвэл бүр эсрэгээрээ “хараал” болон хувирч ч мэдэх юм. Уул уурхайн том төслүүдээс маш их орлого орж ирэх нь ойлгомжтой. Гол нь тэр мөнгийг хэрхэн зарцуулах вэ, дахин хуваарилалт яаж хийх вэ гэдэгт л байгаа юм. Монголын ард түмэнд хамгийн ихээр ач тусаа өгөхүйцээр дахин хуваарилалт хийх тухай ярьж байна л даа. Уул уурхайгаас олсон мөнгөө эргүүлээд энэ салбарт нь зарцуулах биш, өөр салбарт оруулж, эдийн засгаа олон төрөлжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, диверсификаци хйих шаардлагатай. Мөн Монголын үндэсний компаниудад өсөн дэвжих бололцоог өгөх нь чухал. Зөвхөн хэдхэн том компани мөнгө эргэлдүүлээд байх нь эрсдэлтэй шүү дээ. Энэ тохиолдолд иргэд, жижиг дунд аж ахуй нэгжүүд тэр мөнгөний ач тусыг мэдэрч чаддаггүй.

Тайлан гаргахад шаардлагатай өгөгдлүүдийн ихэнх нь Монголд алга гэж та хэлсэн. Ямартай ч судалгааны ажил эхэлж байгаа юм байна.Тайлан хэзээ болох вэ. Мөн судалгаа хийхэд өөр ямар бэрхшээл тулгарахаар байна вэ?

Монголын эдийн засгийн хоёр удаагийн форум ирэх 2-р сард болох юм байна. Бидний судалгаа зургаан сар орчим үргэлжилнэ гэж тооцвол ирэх нэгдүгээр сард бэлэн болчих юм. Тайланг Монголын эдийн засгийн форумын үеэр ашиглаж болно гэсэн үг. Шаардлагатай тоо баримт байхгүй гэдэг нь үнэхээр хэцүү асуудал л аа. Үүний зэрэгцээ Моноло улсын нөхцөл байдалд тохирох тайлан гаргана гэж байгаа. Бидний одоо хэрэглэж байгаа үзүүлэлтүүд бүгд Монголын өнөөгийн эдийн засагтай холбогдоно гэж байхгүй. Тэр дундаас хамгийн тохиромжтойг нь сонгож авах юм.Товчхондоо,Монголын эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг, өрсөлдөх чадварыг тодорхойлж чадахуйц үзүүлэлтүүдийг сонгож авах нь бас нэг хэцүү даваа юм.

Энэ судалгааны тайланг ашиглаад бид өрсөлдөх чадварын хувьд дэлхийн бусад оронтой харьцуулахад ямаршуу байгаагаа мэдэж болох нь ээ?

Тиймээ. Монгол улс дэлхий улс орнуудын дунд өрсөлдөх чадвараараа хаана явж байна вэ, сул талууд нь юу байна, давуу талууд нь юу байгаа гэдгийг энэ тайлангаас харж болох юм. Гэвч бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг Монголчууд өөрсдөө л хийнэ шүү дээ. Бидний зүгээс зөвлөгөө өгөхгүй. Зөвхөн хатуу баримтад тулгуурласан өрсөлдөх чадварын тухай судалгаа, тайлан гаргах юм.

Та “Өрсөлдөх чадвар ба түүний 10 алтан зарчим” сэдвээр лекц уншсан юм байна. Бидний хувьд өрсөлдөх гэдэг их шинэлэг ойлголт л доо. Тиймээс лекцийнхээ гол зарчмуудыг товчхон нэрлэж болно биз дээ?

Их урт лекц шүү дээ, (инээв) Гэхдээ хамгийн чухал гэснийгээ хэлж болох юм. Юуны түрүүнд аливаа улс орон хууль ёсыг дээдэлдэг тогтолцоотой байх ёстой. Хууль болон бодлогын зохицуулалт ил тод байх байх нь чухал. Шийдвэрийг хэн гаргах, тэр шийдвэр нь буруу байвал хэнд хандаж болох нь ойлгомжтой байдаг тогтолцоог хэлж байна л даа. Хоёр дахь хүчин зүйл бол дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж буй байдал юм. Зам тээвэр гэх мэт уламжлалт дэд бүтцээс гадна цахилгаан, харилцаа холбоо зэрэг дэвшилт дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нь чухал. Мөн дэд бүтцийн хэсгүүд хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Миний туршлагаас үзэхэд хамгийн ядуу оронд ч гэсэн өрсөлдөх чадвар сайтай том компаниуд байдаг. Харин өрсөлдөх чадвар сайтай жижиг, дунд үйлдвэрлэлтэй орнуудыг олоход хэцүү. Жижиг , дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь өөрөө дундаж давхаргыг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгдөг. Дундаж давхрага нь улс төр болон нийгмийн тогтвортой хөгжлийн хөшүүрэг болдог юм. Мөн боловсролын салбарт маш их анхаарал хандуулах шаардлагтай. Гэхдээ энэ нь онолын боловсрол биш, эдийн засаг болон амьдрал дээр бууж хэрэглэгддэг боловсрол байх ёстой. Эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлэх нь ч мөн чухал.Эцэст нь, өрсөлдөх чадварт тухайн улс орны дүр төрх, имиж болон уламжлалт өв соёл хэр хүчтэй байна вэ, хэр өвөрмөц байж чадаж байна вэ гэдэг томоохон байр суурь эзэлдэг. Энэ бол улс орнуудын өрсөлдөх чадварын хамгийн гол зарчмууд юм.

Сүүлийн үед хөгжиж буй орнуудын өрсөлдөх чадвар өсөж байгаа гэж эдийн засагчид ярьдаг билээ. Ялангуяа хямралын дараа хөгжиж буй орнуудын дэлхийн эдийн засагт нөлөөлөх байдал үлэмж нэмэгдэж байна. Хятад, Энэтхэг зэрэг орны эдийн засаг огцом өсөж байгааг хэлж байна л даа. Цаашид хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудтай өрсөлдөж чадах болов уу?

Тийм ээ, өнөөгийн байдлаар дэлхийн эдийн засгийн 32 хувийг хөгжиж буй орнуудын эдийн засаг эзэлж байгаа. Гэхдээ миний үзэж буйгаар хөгжиж буй орнуудын эдийн засаг дотроо блок үүсгэчихээд байна. Би үүнийг “Өмнөдийн өмнөд блок” гэж нэрлэж байгаа юм. Өмнө нь Хятадын гол зах зээл АНУ болон бусад хөгжингүй орнууд байсан. Тэгвэл өнгөрсөн жил БНХАУ нийт экспортынхоо 56 хувийг хөгжингүй буюу барууны орнууд руу биш, өөртэйгээ адилхан хөгжиж буй зах зээл рүү нийлүүлсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнуудын эдийин засаг хоорондоо худалдаа хийж, эдийн засгийг үйл ажиллагаа явуулдаг блок бий болгочихоод байна л даа.

Би өөрийнхөө нэг илтгэлд сүүлийн 10 жилд шинээр бий болсон олон улсын брэндүүдийг нэрлэсэн л дээ. Тэдгээрийн ихэнх нь Америк болон Европын орнуудаас бусад зах зээлд төрсөн байгаа юм. Хятадын “Haier”-ыг энд дурдаж болно. Хөгжиж буй орнуудаас гарч ирсэн брэндүүд, цаашлаад ийм брэндүүдтэй зах зээл нь дэлхийн эдийн засгийн ирээдүй болж байх шиг санагддаг.


Монгол улсын ирээдүйг Та хэрхэн харж байгаа вэ. Ойрын 10 жилд Монголын эдийн засаг өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ гэж зарим эдийн засагч таамаглаж байна. Азийн дараагийн бар болоно гэсэн өөдрөг үзэл ч бий. Таны бодлоор бид тийм үсрэнгүй хөгжилд хүрч чадах уу?

Би Монголыг тэргүүлэх эдийн засаг болно гээд шуудхан хэлчихэж чадахгүй. Харин хамгийн мөнгөтэй, баян эдийн засгийн орнуудын нэг болж чадна гэдгийг мэдэж байна. Энэ нь хоёр өөр ойлголт юм шүү дээ. Монголын уул уурхайн салбарт ойрын хугацаанд их мөнгө орж ирэх нь ойлгомжтой. Гэвч түүнийгээ яаж зарцуулах вэ гэдгээс их зүйл шалтгаална. Хамгийн гол нь эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас орж ирэх орлогоороо бусад салбараа яаж өөд нь татах вэ гэдгээс их зүйл хамаарна.

Ер нь баян байна, өрсөлдөх чадвартай байна гэдэг бол шал өөр ойлголт. Та маргааш 10 сая доллар өвлөж авбал мэдээж маш баян болно, тийм үү? Гэхдээ Та далайн эрэг дээр хэвтээд, дэмий цаг өнгөрөөвөл яах вэ. Болно шүү дээ. Энэ бол мэдээж маш сайхан амьдрал, гэхдээ өрсөлдөх чадварын тухай ийм үед дурсах ч хэрэггүй. Та баян хүн, гэхдээ өрсөлдөх чадвартай биш гэсэн үг.

/ Өнөөдөр Сонин 2010.07.07-ны ярилцлага/

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан