2024, 11-р сар 22, Баасан гариг Шилэн данс

Судлаачид хамтарч ажиллах талаар ярилцав

2013 оны 4-р сар 26, Баасан гариг

Эдийн засгийн судлаачдын анхдугаар уулзалт дөрөвдүгээр сарын 25-нд боллоо. Уулзалтыг санаачлан, хамтран зохион байгуулсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Лакшми, ССХ-гийн захирал Б.Ганбат нар хурлыг нээж үг хэлэв. Уг хуралд оролцсон төр, ТББ, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын судлаачид байнга мэдээлэл солилцож, хамтарч ажиллах нь чухал гэдэгтэй санал нэгдэж байлаа. Энэ үеэр ЭЗБӨЧСТ-ийн менежер И.Одончимэг төвийн үйл ажиллагаа, боловсруулан гаргадаг өрсөлдөх чадварын тайлангуудынхаа талаар товч танилцуулсан бол Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар “Баялгийн хараал ба төсвийн бодлого” сэдвээр илтгэл тавив.

Байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах, цаашдаа сар бүр зохион байгуулахаар төлөвлөж буй “Монголын судлаачдын уулзалт”-ын үр ашгийг яаж нэмэгдүүлэх талаар оролцогчид санал бодлоо хуваалцсан нь энэхүү арга хэмжээний чухал үр дүн байсан юм. Судалгааны бүтээлүүдийг шийдвэр гаргах түвшинд хүргэх нь чухал болохыг УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог тэмдэглэв. “Мэдээлэл солилцох, хийхээр төлөвлөж буй судалгааны сэдвүүд, зохион байгуулах хурал семинаруудынхаа тухай зарыг бусдадаа хүргэж байх нь чухал” хэмээн Б.Ганбат захирал хэллээ. Харин Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль судлаачдын бүтээл, танилцуулга зэргийг багтаасан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, цахим хуудас ажиллуулбал үр дүнтэй болохыг онцлов.

“Монголын судлаачдын уулзалт”-ыг сар бүр тогтмол зохион байгуулах нь судалгааны байгууллагууд хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх ач холбогдолтойг оролцогчид тэмдэглээд, цаашдаа ажил хэрэг болох олон сайхан санал, санаачилга гаргалаа. Энэхүү уулзалтын ач холбогдол, үр өгөөж их болохыг Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид тэмдэглэсэн бөгөөд цаашдаа дэмжиж ажиллахаа илэрхийлсэн билээ.

 

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан