Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тогтвортой хөгжил, ногоон өсөлтийг дэмжсэн үзэл санааг дэлхий дахинаа түгээн, олон талт хамтын ажиллагааг дэмжин ажиллахыг зорьж буй Ногоон эдийн засгийн холбоо (Green Economy Coalition)-ны гишүүн байгууллага, Монгол Улс дахь түнш боллоо.
Лондон хотноо төвтэй энэхүү холбоонд олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, төрийн бус байгууллагууд, НҮБ-ын байгууллагууд, бизнесийн байгууллага, холбоод гэх мэт дэлхий дахинаа нэр хүндтэй байгууллагууд гишүүн байдаг.
Төвийн зүгээс энэхүү түншлэлийн хүрээнд Карибын бүсийн улс орнууд, Энэтхэг, Өмнөд Африк, Сенегал, Уганда болон Перу улсуудын туршлагаас судлан, хамтарсан төсөл хөтөлбөрийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэх юм.
Сүүлийн жилүүдэд ногоон эдийн засаг, ногоон хөгжил, ногоон ирээдүйн сэдвүүдийг дэлхийн улс орнууд чухалчилж, манай улсын хувьд ч энэхүү сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, санал санаачилгууд гарах хандлага ажиглагдах болсон нь сайшаалтай. Бидний амьдарч буй эх дэлхий хэмээх гарагт уур амьсгалын өөрчлөлт, озоны давхаргын цооролт, цөлжилт, ой устах, усны хомсдол зэрэг байгаль экологийн сөрөг үзэгдлүүд, түүнчлэн ядуурал, үнийн өсөлт, эрх тэгш бус байдал зэрэг нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлууд гаарч байна. Өнөөгийн байдлаар дэлхий нийтийн хэрэглээ, байгаль орчноо бохирдуулж буй байдал нь дэлхийн байгаль экологийн нөхөн сэргээлтийн хурдаас даруй хоёр дахин их байна гэсэн тооцоо байдаг.
Иймд, энэхүү холбооны гишүүдийн зүгээс ногоон эдийн засагт шилжих явц нь “том зураглал” хэмээн нэрлэж буй өөр хоорондоо холбоо бүхий таван үйлдлээс хамааралтай хэмээн санал нэгдсэн билээ.