2024, 12-р сар 21, Бямба гариг Шилэн данс

Монгол хүн өрсөлдөх чадвараар дэлхийд хаана ч гологдохгүй, харин....

2011 оны 2-р сар 23, Лхагва гариг

“МОНЦАМЭ мэдээ” сонин “Үсрэнгүй хөгжлийн төлөө” буландаа Эдийн засгийн бодлого, Өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, Ерөнхийлөгчийн орон тооны бус эдийн засгийн зөвлөх Ч.Отгочулууг урилаа.

-Өрсөлдөх чадвар гэдэг ойлголтод яг юу хамаардаг юм бэ? Монголчуудын өрсөлдөх чадвар ер нь хаана явна вэ?
-Өрсөлдөх чадвар гэдэг нь их өргөн хүрээтэй ойлголт. Сүүлийн 25 жилд хүчтэй гарч ирж байгаа эдийн засгийн онолын нэг урсгал. Аливаа орны үзэл суртал, улс төрийн тогтолцооноос ангид, тухайн улсын үндэсний компаниуд нь олон улсын зах зээл хэр өрсөлдөх чадвартай байна, зах зээлээ ахиулах боломж нь хэр байна гэдгийг судалдаг аргачлал юм. Мөн тухайн улсын төр засаг нь үндэсний компаниудаа олон улсын түвшинд өрсөлдөх орчинг хэр бүрдүүлж байна гэдгийг судалдаг. Одоогоор ингэж судалдаг хоёр байгууллага бий. Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум. Дэлхийн банк голдуу тухайн улсын өрсөлдөх чадварын эрх зүйн орчинг судалдаг. Ихэвчлэн хууль, эрхзүйн орчин талаас нь судалдаг болохоор өрөөсгөл үр дүн гарах нь бий. Хэчнээн сайн хуультай байлаа ч хэрэгждэггүй байж болно. Тухайлбал, гаалийн бүрдүүлэлтийг хоёр долоо хоногт багтааж хийнэ гэж хуульд нь туссан ч амьдрал дээр хоёр сар болдог. Энэ тайлангаар бол манайх дэлхийд 56-т явдаг. Харин Эдийн засгийн форумын гаргасан судалгаагаар 123 дугаарт байж байгаад 99-т орсон байдаг. Гэхдээ судалгааны арга нь санал асуулга дээр тулгуурладаг учраас бас л өрөөсгөл, субъектив тал руугаа байдаг. Тиймээс бид шинжлэх ухааны үндэстэй бодит байдал дээр тулгуурласан аргачлалаар судалгаа хийхээр Швейцарийн нэгэн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Энэ байгууллага нь дэлхийн өндөр хөгжилтэй 60 орны судалгааг хийдэг. Манай төвийн зорилго бол Монгол Улсын өрсөлдөх чадварын талаар иж бүрэн, цогц, бодит судалгаа хийж тайлагнах зорилготой. Ингэснээр судалгаанд хамрагддаг 60 орны тоонд багтах зорилготой. Энэ аргачлалын гол онцлог нь ихэвчлэн бодит тоо, статистикийн бодит үзүүлэлт дээр үндэслэж шинжилгээ хийдэг. Өрсөлдөх чадварын гол үзүүлэлт аливаа улс үндэстэн нөөц боломжийг хэрхэн илрүүлж таньж мэдэж байна, үүнийгээ нийтийн баялгийг илрүүлэхэд хэрхэн ашиглаж чадаж байна, тухайн улсад байгаа аж ахуйн нэгж, компаниуд нь юмыг шинээр хэр нээж чадаж байна, хэр бүтээлч ажиллаж, ашгийг хэрхэн бий болгож байна гэдэгт тулгуурладаг.

-Өрсөлдөх чадварыг тогтооход монгол хувь хүний чадвар нэлээд чухал байр суурь эзлэх байх. Ер нь монголчууд хэр өрсөлдөх чадвартай ард түмэн бэ?
-Монгол хүний өөрийнх нь өрсөлдөх чадвараас эхлээд тухайн улс орны эдийн засаг, нийгмийн чадамж олон улсын түвшинд хэр өрсөлдөх боломжтой гэдгийг бид судалдаг. Монголчуудын хувь хүний чадвар бол хаана ч гологдохгүй. Олимп, дэлхийн чанартай тэмцээнээс авсан медаль АНУ, Хятад зэрэг хүн ам олонтой, эдийн засгийн хөгжил өндөртэй улс оронтой харьцуулахад бага боловч хүн амтай нь харьцуулбал том амжилт. Мянган хүнд оногдох медалийн тоогоороо дэлхийд гуравт ордог гэхээр спортын салбарт өрсөлдөх чадвар сайн байна. Мөн нийгмийн болон байгалийн ухааны салбарт ч гологдохгүй. Хаана олон улсын чанартай том тэмцээн болж байна, тэнд монголчууд эхний байруудад шалгарч байна. Дуурь, балет зэрэг сонгодог урлагийн шилдгүүд дунд монголчууд байна. Уран зураг, уран нугаралт, циркийн урлагаар ч гайхагдаж байна. Физик, математикийн олон улсын олимпиадад дээгүүрт орж байна. Гадаадад боловсрол эзэмшсэн монгол залуус дэлхийн ямар ч том банк, компаниудад тэднээс дутахгүй ажиллаж, багшлаад явж байна. Энэ бүхэн монгол хүний өрсөлдөх чадвар өндөр болохыг харуулж байна. Харин монгол орон өөрөө, монголын нийгэм, эдийн засгийн тогтолцоо, бүтэц, удирдлага, засаглалд өрсөлдөх чадвар байна уу гэдэг чухал. Өрсөлдөх чадварын гол хөрс суурь нь засаглал. Засаглал муу болохоор хувь хүн хэчнээн өрсөлдөх чадвартай байгаад урамшуулах хөрс, үнэлэмж бүрдэхгүй гэсэн үг. Засаглалыг сайжруулахын тулд маш их юм хийх хэрэгтэй байна. Хууль эрхзүйн орчны шинэчлэл, хувийн хэвшлийнхний бизнес явуулах орчин, татвар санхүүгийн бодлого, гэрээ контракт, хүмүүсийн ёс зүй, ажлын байр бий болгож байгаа байдал, хувийн хэвшлийнхний эдийн засагт оролцож байгаа оролцоо гээд даруй өөрчилж, сайжруулах олон зүйл байна.

-Тухайн улс орны онцлогоос өрсөлдөх чадвар ихээхэн хамаарах болов уу. Монголчууд байгалийн баялгаа эргэлтэд оруулж үсрэнгүй хөгжих гарман дээр ирлээ гэж ярьж байна. Бидэнд яг ямар нөөц боломж байна вэ?
-Одоогоор манай улсын өрсөлдөх чадвар нэлээд сул байгааг дээр хэлсэн. Гэхдээ үсрэнгүй хөгжлийн ирмэг дээр ирлээ гэж ярьж байгаа маань оргүй зүйл биш. Бидэнд том боломж байна. Чухамдаа гарааны нөхцлөө муугүй бүрдүүлчихсэн байна гэсэн үг. Одоогоор 2-8 их наяд ам.доллараар хэмжигдэх байгалийн баялгийн нөөц тогтоогдоод эдийн засаг, санхүүгийн эргэлтэд ороход бэлэн байж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ хэлбэлзэлтэй байдаг учир 2-8 их наяд ам.доллар гэж хэлж байгаа юм. Гэтэл манай эдийн засгийн гол үзүүлэлт болох ДНБ нь зургаахан тэрбум ам.доллар. Манай төсөв өөрөө гурван тэрбум орчим ам.доллар. Манай эдийн засгаас хэдэн арав дахин их баялаг Монголын хөрсөн доор нуугдаж байна. Ингээд харахад монгол төгрөг хамгийн чанга ханштай, баталгаатай мөнгө байж болохоор байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг гаднаас маш ихээр татах хэрэгтэй. Бидэнд байгалийн баялаг байна, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр оруулах нөөц, орчин байна. Гэхдээ энэ маягаар засаглалаа сайжруулж чадахгүй яваад байвал эргээд “баялгийн хараал” хүрэх эрсдэл байна. Байгалийн баялгаар хөгжсөн улс орны жишээ маш ховор байдаг. Ихэнх нь дампуурчихсан, авлига хээл хахуульд идэгдчихсэн, байгаль экологийн сүйрэлд автчихсан байдаг. Газрын хөрсөн доор байгаа биет бус баялгийг яаж биет баялаг болгох вэ гэдэг асуудал маш чухал. Үүнийг бид үндэсний онцлогтойгоо зохицолдуулж, хөгжлийн бодлогоо төлөвлөх ёстой.

-Хувийн хэвшлийнхний эдийн засгийн оролцоо сайжирч байж л өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?
- Болно. Гэхдээ манайд ийм орчин сул байна. Эдийн засаг дахь төрийн оролцоо хэт их байна. Манай төсөв ДНБ-ий 45 орчим хувийг эзэлж байна. Гэтэл социалист гэгддэг оронд, тухайлбал Хятадад 20 хувь байдаг. Манай төсвийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөө маш их байна. Энэ нь төр өөрөө эдийн засгаа боомилоод, хувийн хэвшлийнхний хийж чадах ажлыг булаацалдаад байна гэсэн үг л дээ. Төрийн оролцоог хязгаарлахын тулд сэтгэлгээнээсээ эхлэх цаг болсон. Төр бүхний дээр байж, бүгдийг зохицуулах ёстой гэсэн сэтгэлгээ хэвээр байгаад байна. Нэг зочид буудал гурван одтой байх уу, дөрвөн одтой байх уу гэдгийг төр шийдэж байна. Аль компани ямар бүтээгдэхүүнийг хааш нь экспортлохыг төр шийдэж байна. Нэг компани гадны харилцагчиддаа бараа бүтээгдэхүүнээ хэд хоногийн дараа нийлүүлэхийг төр мэддэг. Төр өөрөө ачааллаа дийлэхээ байгаад, хээл хахууль, хүнд суртлыг дэвэргэж байна шүү дээ. Тэртэй тэргүй зах зээлийн горимоор шийдэгдэх зарим чиг үүргийг ТББ, иргэний холбоод, хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй.

-Төр бүхнийг шийдээд байгаа учир хөгжил удааширч байна гэлээ. Бодит жишээ хэлэхгүй юу?
-Тухайлбал Сангийн яам төсвөө боловсруулаад, өөрсдөө хянаж тайлагнадаг. Яам, Тамгийн газарт маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Гүйцэтгэл нь цаасан дээр дандаа 80, 90 хувьтай. Гэтэл бодит амьдрал дээр тийм биш. Энэ нь бодлого боловсруулж хянаж байгаа тогтолцоо нь өөрөө монопольчлогдсон, төр бүхнийг гартаа атгасан гэсэн үг. Ихэнх харилцаа, тогтолцоо нь төрийн байгууллагуудыг хамгаалж байдаг. Тиймээс үсрэнгүй хөгжил гэсэн яриаг үнэхээр бодит хөгжил болоход гол саад болж хүчин зүйл нь төр өөрөө болчихоод байна. Зүй нь бол хүний хөгжлийн бодлогод төрийн үйл ажиллагаа суурилах юм.

-Манайд хүний хөгжил яриад байгаа мөртлөө бэлэн мөнгө тараах төдийхнөөр л хэмжигдэж байна?
-Угаасаа улс төрийн амлалт эдийн засагт дандаа муу нөлөө үзүүлдэг. Бэлэн мөнгө тараах нь хүнийг хөгжүүлэх гэхээсээ бэлэнчлэх сэтгэлгээ суулгадаг, бас инфляцийг хөөрөгддөг. Инфляци өндөр бол Монголбанкны бодлогын хүү өндөр болно, бодлогын хүү өндөр болбол зээлийн хүү өндөр болно. Энэ нь эргээд эдийн засгаа боомилно гэсэн үг. Ажлын байр бий болгох гэж байгаа компаниудад зээлийн өндөр хүү маш том дарамт болдог.

-Хүний хөгжилд суурилж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн улс орон хэр олон бэ?
-Хамгийн ойр жишээ хэлье. 1050-иад онд Өмнөд солонгосчуудын амьдрал их хүнд, экспортлох бүтээгдэхүүн ч үгүй, худалдааны харилцаатай улс ч үгүй байсан. Урд талд нь Япон Улс байх авч дипломат харилцаа байхгүй, дайсагналын байдалтай, Хойд Солонгосчууд ард нь байгаа ч юун харилцаа, дайрч эзэлчих гээд байгаа анаж байдаг. Хятад болохоор Хойд Солонгосыг барьчихсан. Далайд гарцтай хэдий ч дандаа дайсагналцах улсуудаар хүрээлүүлчихсэн болохоор ач холбогдол байхгүй. Байгалийн баялаг гэхээр юм бүр юу ч үгүй. Тэгээд хүүхнүүдийнхээ үсийг хайчлаад хиймэл үс болгож анхны экспортын хуримтлалаа бүрдүүлсэн байдаг. Дараа нь залуусаа цэргийн болон барилгын салбарт сургаад гадагшаа явуулж ажиллуулж байсан. Залуусаа Вьетнамын дайнд хүртэл оролцуулсан байдаг. Тэр үед Арабын орнууд газрын тосоор баяжаад ид барилгын салбарт бүтээн байгуулж хийж байсан бөгөөд тэнд голдуу солонгосчууд ажилладаг байсан. Баруун Европын орнуудад сувилагч нар дутагдалтай байх үед өмнөд Солонгосын охид хүүхнүүд олноороо очиж ажилласан. Тэд нарын цалингаар Өмнөд Солонгос үндсэндээ босч ирсэн гэх үү дээ. Тэр мөнгийг хүний хөгжилд зориулж, хүнээ сургаж, олон улсын түвшинд ажиллах дадал туршлага суулгаж, ажиллах хүч болгон экспортлож эхэлсэн. Маш олон залууг Америк, Германд бодлогоор сургасан. Хүн амтай нь харьцуулаад үзэх юм бол АНУ-д сурч байгаа солонгос оюутнуудын тоо тасархай түрүүлсэн байдаг. Энэ бол мэдлэгт суурилсан хөгжлийн маш том жишээ. Үр дүнд шинжлэх ухаан маш сайн хөгжсөн. Шинжлэх ухааны том том дэвшлүүд тэндээс анх гарч байна. Солонгос орчинг нь бүрдүүлчихсэн, гадаадын том том эрдэмтэд тэнд очиж ажиллаж байна. Сонирхолтой нь Солонгост шинжлэх ухааны яам гэж хэзээ ч байгаагүй. Хөгжиж байгаа орнуудад ч хэзээ ч шинжлэх ухааны яам битгий байгуулаарай, тэгвэл тэр салбар чинь дампуурна шүү гэж зөвлөдөг. Хаана төрийн зохицуулалт, хяналт зохицуулалт их байна, тэнд зах зээлийг хааж боож байдаг. Гэхдээ яамдыг үгүйсгэж байгаа юм биш ерөнхийдөө зохицуулалтын хувьд ухаалаг байх хэрэгтэйг л харуулж байна.

-Ер нь эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд юунд голлон анхаарах хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь төрийн хийх ёстой ажил мөн боловч гүйцэтгэл гэхээсээ зохицуулалт чухал. Хэрвээ онгоц, төмөр зам гээд тээврийн үнэ хямд, авто зам сайтай бол хотод ингэж төвлөрөл үүсэхгүй. Дэд бүтэц хямд байвал жижиг компаниуд шатахуун, автомашины эвдрэл гэмтэлд ингэж их хөрөнгө зарцуулахгүй. Нэг ёсондоо нэгж компанид гарч байгаа тээврийн өртөг буурснаар бүтээгдэхүүний гарц ихэснэ гэсэн үг. Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, үнэнч шударга боловсон хүчин муу байна. Манай дээд боловсролын тогтолцоо бол компаниудын хүсээд байгаа нөөцийг бүрдүүлж өгч чадахгүй байна. Бизнесийн гол орц бол ажилтай боловсон хүчин байдаг. Ажлын байр нэмэгдүүлэх нь дан ганц хувийн хэвшлийн хариуцах асуудал биш. Дэд бүтэц, боловсролын сургалтын тогтолцоо хөгжлөөс хойш татаад байгаа бөгөөд үүнийг сайжруулж байж инноваци ярих хэрэгтэй. Манай компаниуд шинийг санаачлахаасаа илүү бусдаас хуулбарлахаа гол болгодог. Бизнесийн бүтээлч сэтгэлгээ хоцрогдож байгаа нь хөрөнгийн судалгаа болон шинэ бүтээлийн санаачилгыг дэмждэг хөрс суурь бүрдээгүйтэй холбоотой.

-Уул уурхайгаас гадна ямар салбарт түлхүү анхаарвал манай өрсөлдөх чадвар нэмэгдэх бол?
-Бидний судалснаар ноос ноолуур, банк санхүү, тэгээд аялал жуулчлалын салбар илүү ирээдүйтэй байна. Ялангуяа аялал жуулчлал дээр транзит тээвэр буюу агаарын зам, төмөр замын тээврээс асар их мөнгө олох боломжтой. Эдийн засгийн хувьд Ази илүү хүчирхэгжиж байгаа учир Европ Ази хоорондын харилцаа улам хөгжинө. Ялангуяа Хятад, Япон, Өмнөд Солонгос Азийн хөгжлийг тодорхойлж байна. Энэ талаас нь харвал манайх стратегийн чухал байрлалд байна. Үүнийг ашиглаад банк санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, тээврийг хөгжүүлэх бололцоо харагдаж байна.. Дээр нь уламжлалт мал аж ахуй, мах экспорт, ноос ноолуурын үйлдвэрлэлээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгон хөгжүүлчихвэл нийт ажлын байрны 30-40 хувийг бүрдүүлэх боломж бий. Үүний цаана хэдэн мянган малчин өрхийн амьдрал сайжирна. Уул уурхайгаас олж байгаа жилийн хэдэн тэрбумыг ийм салбарууддаа шингээснээр эдийн засгаа олон тулгууртай болгож, өрсөлдөх чадварыг сайжруулах чадвартай. Одоогоор манай төсвийн орлогын 80 хувь нь уул уурхайгаас, экспортын орлогын 80-90 хувь нь мөн уул уурхайгаас хамаарч байгаа нь бид нэг салбарын хараанд хэт орчихоод байна. Энэ нь юун хөгжил, эдийн засгийн аюултай нөхцөл байдлыг ч бий болгох эрсдэлтэй. Ер нь өрсөлдөх чадварыг засаглалын болон төрийн байгууллага, бизнесийн байгууллагын үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц гэсэн дөрвөн чиглэлд цогцоор нь авч үзэж байж дээшлүүлнэ.

Э.Адъяасүрэн

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан