2024, 12-р сар 21, Бямба гариг Шилэн данс

Монгол Улс Өрсөлдөх чадварын судалгааны төвтэй боллоо

2009 оны 10-р сар 14, Лхагва гариг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөж ажлын гараагаа эхлээд удаагүй байхдаа хувийн хэвшил болон бодлого боловсруулагчдын төлөөлөлийг оролцуулан Улс үндэстний өрсөлдөх чадварын талаар уулзалт, ярилцлага хийж байсан билээ. Уулзалтаас өрсөлдөх чадварын ойлголтыг олон нийтэд түгээхийн зэрэгцээ, олон улсын аргачлалын дагуу судалгаа хийж тайлагнах чиг үүрэг бүхий төвийг шинээр бий болгох санаачилга гарсан юм.

 
Тус санаачлагын дагуу “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийг хувийн хэвшлийн санаачлагаар үүсгэн байгуулав. Энэхүү төвийн удирдах зөвлөл нь өөрсдийн салбартаа манлайлагч байж, шинэ санаачилга, нийгмийн тогтвортой хөгжил, шинэ шийдлийг байнга эрэлхийлэгч Ньюком, Жаст, Худалдаа Хөгжлийн Банк, Чингис Интернэшнл, Мобиком, М-Си-Эс, МАК зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрддэг ажээ. Төвийн удирдах зөвлөл анхны хурлаа хийж, дүрмээ баталсан бөгөөд дүрмэндээ улс төрөөс хараат бус байх зарчмыг баримтлан, бие даасан судалгааг олон улсын аргачлалаар гүйцэтгэж, улмаар бодлогын зөвлөмж боловсруулж байх зорилгыг тусгажээ.

Удирдах зөвлөлийн даргаар П.Цагааныг сонгосон байна. Харин тус төвийн Ерөнхий захирлаар ХБНГУ-д макро эдийн засгийн бодлогын судалгааны мэргэжил эзэмшсэн Ч.Отгочулуу томилогджээ. Тэрбээр банк-санхүү болон төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай, судалгааны арга барилыг зохих түвшинд эзэмшсэн эдийн засагч юм.
Төвийн зүгээс өрсөлдөх чадварын талаарх ойлголтыг бодлого боловсруулагчид, судлаачид болон олон нийтийн дунд таниулан түгээх, мөн өрсөлдөх чадварын судалгаа хийх чадавхийг бүрдүүлэх зорилгоор олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 2010 оны 7-р сарын 5, 6-ны өдрүүдэд Швейцарьт төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны байгууллагатай хамтран зөвлөлдөх уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг болон ярилцлагуудыг зохион байгуулна. Тус арга хэмжээнд Дэлхийн өрсөлдөх чадварын төвийг үүсгэн байгуулагч, нэрт эрдэмтэн, профессор, ноён Стефан Гарелли урилгаар ирж оролцох бөгөөд улс орнуудын өрсөлдөх чадварын тайланг 22 дэх жилдээ эрхлэн нийтлүүлээд буй туршлагадаа тулгуурлан Өрсөлдөх чадвар, түүний 10-н алтан дүрэм сэдэвт илтгэл тавих ажээ. Түүнчлэн, уулзалтын үеэр Монгол Улсын Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм. Санамж бичгийн дагуу Монгол Улсын эдийн засаг хууль эрхзүйн орчинд дэлхий нийтэд өргөн хэрэглэгддэг аргачлал, хэмжүүрийн дагуу судалгаа хийж олон нийтэд тайлагнах, тус төвөөс эрхлэн боловсруулдаг Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсыг багтаах, мөн түүнчлэн Монголын судлаачдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэхэд хоёр тал хамтран ажиллана.

Шинээр байгуулагдсан төвийн хамт олон Монгол Улсын Өрсөлдөх чадварын анхны тайланг 2011 оны Монголын эдийн засгийн чуулга уулзалтын өмнө бэлэн болгохоор шамдан ажиллах юм байна. Төвийг бэхжихэд нь дэмжлэг үзүүлэх, түүнтэй хамтран ажиллахаа олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны болон үндэсний эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагууд илэрхийлжээ.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан