АНУ, БНХАУ болон Азийн бусад улс орнуудын өрсөлдөх чадварын үнэлгээ буурчээ
Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс жил тутам эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д Монгол Улс өнгөрсөн жилээс 3 байраар ухарч 61 орноос 60-т эрэмбэлэгдсэн байна.
Улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь үнэлсэн энэхүү тайланг 1989 оноос хойш эрхлэн гаргаснаас хойш дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай АНУ сүүлийн 3 жилд анх удаагаа Хонг Конг болон Швейцарь Улсын дараагаар 3-р байрт эрэмбэлэгдлээ.
Эх сурвалж: ОУУХХ, ДӨЧТ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми хэлэхдээ “Монгол Улс өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай улс болохын тулд ирэх жилүүдэд нэлээдгүй олон сорилттой тулгарна” гэв.
ЭЗБӨЧСТ-ийн тодорхойлсноор “Гадаадын шууд хөрөнгө оруулалт” буурсан нь Монгол Улсын хувьд 2016 онд тулгарах гол сорилтуудын нэг болохоор байгаа бөгөөд 2015 оны эцсийн байдлаар ГШХО-ын хэмжээ 2012 оныхтой харьцуулахад 22 дахин буурсан байна.
Ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн сулрал нь цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ улс орон даяар сайжруулсан дэд бүтэц хэрэгтэй байгаа хэдий ч энэхүү үйл явцад нэлээдгүй цаг хугацаа хэрэгтэй.
Монгол Улс Ази-Европын 11-р уулзалтыг (АСЕМ) зохион байгуулах орноор сонгогдсон нь бусад улс орнуудын зүгээс бидний ирээдүйн төлөвт итгэл үзүүлж буйг харуулж байна.
Энэ жил Азийн хэд хэдэн орны өрсөлдөх чадвар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд БНХАУ өнгөрсөн жилээс 3 байраар ухарч 25-р байрт орсон бол ОХУ 1 байраар урагшилж 44-р байрт эрэмбэлэгдлээ.
Эх сурвалж: ОУУХХ, ДӨЧТ
2016 оны тайлангаас харахад Казахстан улс хамгийн олон буюу 13 байраар ухарсан бол Ирланд Улс 9 байраар урагшилсан байна.
ОУУХХ-ийн дэргэдэх ДӨЧТ-ийн захирал профессор Артуро Брис хэлэхдээ “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Азийн улс орнуудын өрсөлдөх чадвар бүхэлдээ буурсан” гэв.
Өрсөлдөх чадвараар эрэмбэлэхдээ дөрвөн хүчин зүйлийн (эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг болон дэд бүтэц) 340 гаруй шалгуур үзүүлэлтийг ашигладаг. Монгол Улс “Эдийн засгийн тамир тэнхээ”-ээр 2016 онд өмнөх жилээс 4 байраар ухарч 59-р байрт эрэмбэлэгдсэн. Үүнд дотоодын эдийн засаг 54-өөс 59-т, олон улсын хөрөнгө оруулалт 42-оос 49-т, хөдөлмөр эрхлэлт 49-өөс 53-т, үнэ 6-аас 40-р байрт эрэмбэлэгдэж буурсан нь гол нөлөө үзүүлжээ. Монгол Улс ДНБ-ийн хэмжээгээрээ хамгийн сүүлд буюу 61-р байрт байгаа хэдий ч ДНБ-ийн бодит өсөлтөөрөө 33-р байрт орсон байна.
Харин “Засаглалын үр ашиг”-аар 55-р байрт эрэмбэлэгдэж өөрчлөгдөөгүй бол “Бизнесийн үр ашиг”-аар 5 байраар ухарч 58-р байрт, “Дэд бүтэц”-ээр 1 байраар ухарч 60-р байрт оржээ. Эдгээр үндсэн 4 хүчин зүйл нь тус бүрдээ 5 дэд бүлгээс бүрддэг бөгөөд эдгээрийн эрэмбийг доорх графикаас харж болно. Мөн 2015 оны үзүүлэлттэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан үзүүлэлтийг харах боломжтой.
Нэмэлт мэдээлэл:
“Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2016”-г ОУУХХ-ийн дэргэдэх ДӨЧТ-өөс эрхлэн гаргасан. Монгол Улсын талаарх судалгааны мэдээллийг ЭЗБӨЧСТ бэлтгэсэн. Тайлангийн талаар мэдээлэл авах бол ОУУХХ-ийн цахим хуудсанд хандана уу: https://worldcompetitiveness.imd.org/countryprofil...
Нэмэлт мэдээлэл, ярилцлага авах бол дараах хаягаар холбогдоно уу: ЭЗБӨЧСТ-ийн мэргэжилтэн Х.Есөнчулуу утас: 11-321927, цахим шуудан: yesuunuu@ecrc.mn.
Twitter / ursulduhchadvar YouTube / ecrcmn Facebook / ecrcmn www.ecrc.mn, www.aimagindex.mn