Дэлхийн далайд гарцгүй орнууд дотор Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ Казакстаны дараа ордог билээ. Түүнчлэн төмөр замын багтаамж сул учир, агаарын тээвэр нь манай улсын худалдаа, эдийн засаг болон гадаадын зах зээлд нэвтрэх чадварт нэн чухал үүрэгтэй юм. Эдийн засгийн өсөлтөөс гадна, ажлын байр олноор бий болгох чадавхитай хүнс, хөдөө аж ахуй, ноос ноолуур, аялал жуулчлалын салбарын экспортыг урамшуулахад ч агаарын тээврийн салбарын хөгжил онцгой ач холбогдолтой.
Гэвч өнөөдөр ялангуяа гадаад зах зээлд төрийн өмчит монополь ноёрхсон хэвээр байна. Аажим өсч буй эдийн засгийн өсөлтийг хангахад өнөөгийн МИАТ-ийн үнэ өндөр, билетийн олдоц хомс, тээврийн өртөг их зэрэг сул талууд сад бэрхшээл болж байна.
Монголын үндэсний агаарын тээврийг дэлхийд төлөөлж байдаг МИАТ-ийн цаашдын хөгжил, түүний олон улсын өрсөлдөөнд тэсч үлдэх чадварыг дээшлүүлэх үүднээс Засгийн газраас шаталсан арга хэмжээ авахын зэрэгцээ дотоодын, хувийн агаарын тээврийн компаниудын хийсэн болон хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч, эдгээр компаниуд олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа өргөтгөхийг дэмжсэн буюу өөрөөр хэлбэл агаарын тээврийг либералчлах бодлого баримтлах нь чухал юм.
Агаарын тээврийн либералчлалын үр нөлөө
Зорчигч хөдөлгөөн: Либералчлалыг хэрэгжүүлснээр Монголоос эхлэх/дуусах олон улсын хөдөлгөөнд жил тутам 595,000 зорчигч нэмэгдэх тооцоо гарсан нь 2010 оны зорчигч хөдөлгөөн 112%-иар өснө гэсэн үг юм. Мөн Хятад улсаас эхлэх/дуусах хөдөлгөөний өсөлт хамгийн их байгаа ба энэ нь жил тутам 138%-иар нэмэгдэнэ гэж үзэж байна. Үүний зэрэгцээ либералчлал нь АНУ, Европын орнуудаас эхлэх/дуусах агаарын тээврийн хөдөлгөөн нэмэгдэх, Европ, Хойд Америк зэрэг орнуудын томоохон зах зээлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хөгжихөд нөлөөлнө.
Ачаа эргэлт: Монголоос эхлэх/дуусах агаарын ачаа тээврийг хөгжүүлэх нь төмөр зам, зам тээврийн дэд бүтэц хангалтгүй хөгжсөн манай улсын хувьд худалдаа, эдийн засагт шууд нөлөөтэй юм. Мах, сүү зэрэг тээвэрлэлтийн хугацаа нь хурдан байх шаардлагатай бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжихэд агаарын ачаа тээврийн хөгжил чухал үүрэгтэй билээ. Либералчлалыг хэрэгжүүлснээр ачаа тээврийн үнийг 22%-иар бууруулж, эргэлтийн хэмжээг 62%-иар өсгөх боломжтой гэдэг нь судалгааны явцад тодорхой болсон байна.
Үнэ: Тийзийн үнэ нь шууд нислэг өсөх, нислэгийн давтамж нэмэгдэх зэргээс шууд хамаардаг. Либералчлалын үр дүнд монголын агаарын тээврээр зорчигчийн тийзийн үнэ дунджаар 42%-иар буурах төлөвтэй байна.
Дотоодын агаарын тээврийн хөдөлгөөн: Монгол Улсаас олон улсад үйлддэг агаарын тээврийн үйлчилгээг либералчилвал дотоодын нислэгийн хөдөлгөөнд эерэгээр нөлөөлөх болно. Гадаадаас ирэх зорчигчдын зарим нь аяллаа Улаанбаатараас бусад цэгт эхлэх/дуусгах зорилгоор дотоодын үйлчилгээнд холбогдох магадлалтай байгаа бөгөөд ялангуяа говийн бүст байрлах уул уурхай, аялал жуулчлалын сонгирхол татах газрууд руу хийх нислэгийн тоо олшрох хандлагатай байгаа юм. Изинис эйрвэйз, Аэро Монголиа зэрэг нислэгийн компаниуд дотоодын агаарын тээврийн дийлэнх нислэгийг үйлддэг бөгөөд эдгээр компаниар үйлчлүүлсэн зорчигчдын тоо 2010 онд ойролцоогоор 137 мянгад хүрчээ. Агаарын тээврийг либералчилснаас үүдэн дотоодын нислэгээр үйлчлүүлэх олон улсын зорчигчдын хэмжээ 10-20 хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Хэрэв олон улсын зорчигчдын 10% нь дотоодын үйлчилгээнд хамрагдвал энэ нь дотоодын хөдөлгөөний өсөлтийг 43%-иар, харин 20% нь хамрагдана гэж тооцвол 87%-иар өсгөх болно.
Аялал жуулчлалын салбар: Агаарын тээврийн үйлчилгээ нь улс орныг зорин ирж буй жуулчдын тоог ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэхэд дэмжлэг болдог. Жуулчдын зарцуулах нийт зарлага нь зочид буудал, зоогийн газар, театр, машины түрээс зэрэг аялал жуулчлалын дагалдах олон салбарын бизнесийг дэмждэг юм. Агаараар зорчигчид нь Монголд илүү урт хугацаагаар зочлох хандлагатай байдгаас зочид буудал, газраар зорчих тээврийн хэрэгслийн эрэлт ихэсдэг ажээ. Либералчлалын үр дүнд жуулчдын тоо жил тутам 117,000-аар нэмэгдэх тооцоо гарсан нь 2010 онд манай улсыг зорин ирсэн аялагчдын тоо даруй 21%-иар өсч, улмаар аяллын туршид нийт 123 тэрбуи төгрөгийг зарцуулан, эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг юм.
Хөдөлмөр эрхлэлт: Агаарын тээврийн хөдөлгөөн өсөх нь зорчигч, агаарын хөлгийн асуудлыг шийдвэрлэх нэмэлт эх үүсвэрийг шаарддаг. Агаарын тээврийн салбарын хөдөлмөр эрхлэлт нь үйлчилгээ, удирдлага, нэмэгдэж буй агаарын тээврийн үйлчилгээг дэмжихээс хамаарна. Үүнд агаарын тээвэрлэгчид, нисэх буудал, агаарын навигаци, агаарын тээврийн салбарын бусад үйл ажиллагааг нэрлэж болно. Цаашилбал, агаарын тээврийн салбарт нэмэгдэх эдгээр үйл ажиллагаанууд нь нийт эдийн засагт бүхэлд нь шууд бус буюу үржүүлэгч үр нөлөө хэмээн нэрлэгддэг дагалдах үр нөлөөг авчирдаг. Жишээлбэл, нислэгийн үеэрх хоолны үйлчилгээний ханган нийлүүлэгч болох хүнсний бөөний худалдаачид, нисэх буудлын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэгчид зэргийг дурдаж болно. Либералчлал нь агаарын тээврийн салбарт нэмэлт 2010, шууд бус ажлын байрыг нэгтгэн үзвэл нийт 4310 ажлын байр шинээр бий болох боломжтой бөгөөд энэ нь либералчлалыг хэрэгжүүлснээс хойш 2-3 жилд бий болох урт хугацааны үр нөлөө юм.
Агаарын тээврээр зорчигч, жуулчдын зарлага нь аялал жуулчлалын салбартай холбоотой зочид буудал, зоогийн газар, үзвэр үйлчилгээ зэрэг төрөл бүрийн бизнесийг дэмждэг. Либералчлалын үр дүнд Монголд аялагчдын тоо нэмэгдсэнээр уг салбарт 5600, шууд бус хөдөлмөр эрхлэлтэд 6620, нийт 12220 хүртэл ажлын байрыг шинээр бий болгох боломжтой.
Агаарын тээврийн либералчлал нь урт хугацааны туршид 21500 ажлын байр шинээр бий болгох ба энэ нь Монгол Улсын нийт хөдөлмөр эрхлэлтийг 2.1%-иар нэмэгдүүлэх боломж бийг харуулж байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн: Хөдөлмөр эрхлэлтээс гадна эдийн засгийн үр нөлөөг тооцох өөр нэг хэмжүүр нь ДНБ юм. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд жил бүр 253 тэрбум төгрөг нийт эдийн засагт орох нь Монгол Улсын ДНБ-ийг 2.5%-иар нэмэгдүүлсэнтэй дүйцэх байна.
Монгол Улсын Засгийн Газар нь улсын нийт эдийн засагт эерэг үр нөлөө авчрах, агаарын тээврийн салбарыг либералчлахад чиглэсэн бодлого руу шилжих нь зүйтэй болох нь эндээс харагдаж байна. Ялангуяа Бээжин, Сөүл зэрэг илүү өрсөлдөөнт зах зээл дээр МИАТ-ийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бэлтгэхийн зэрэгцээ дотоодын, хувийн агаарын тээвэрлэгчид нь олон улсын бусад чиглэлд үйлчилгээ үзүүлэх болон гадаадын агаарын тээвэрлэгчидтэй өрсөлдөх Монгол Улсын чадварыг сайжруулах бодлогыг баримтлах нь зохистой юм. Жишээлбэл, МИАТ-ийн хувьд нэн чухал бус чиглэлд, эсвэл их ачааллын үед буюу МИАТ-ийн үйлчилгээ үзүүлдэг чиглэлд хүчин чадал хүрэлцэхгүй болсон тохиолдолд хувийн агаарын тээвэрлэгчдийг үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөх замаар үүнийг хэрэгжүүлж болно.
Уг судалгааны туршид либералчлал нь Монгол Улсын эдийн засагт бүхэлд нь нөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, дотоод, гадаадын зорчигчдын аялах хувилбарыг нэмэгдүүлэх зэрэг үлэмж хэмжээний эерэг үр нөлөөг авчрах нь тогтоогдсон юм. Засгийн Газраас агаарын тээврийг либералчлах хөтөлбөр боловсруулж, үүний дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улс либералчлалын үр өгөөжийг богино хугацаанд хүртэх боломжтой байна. Тайланг бүрэн эхээр нь мон eng холбоосоос татаж авна уу.