Швейцарийн Луизанн хотод төвтэй “Дэлхийн өрсөлдөх чадварын төв” (ДӨЧТ) “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2016"-г (World Talent Report 2016) эрхлэн гаргаснаа танилцууллаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвДӨЧТ-тэй хамтран ажилласнаар дэлхийд нэр хүнд бүхий энэхүү тайланд Монгол Улс 2015 оноос эхлэн орох болсон. ДӨЧТ 2014 оноос эхлэн уг тайланг жил тутам эрхлэн гаргаж байна.
Улс орнуудыг бизнес эрхлэх авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхдээ:
1. Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс (Investment and Development)
2. Дэлхийн авьяас, ур чадварыг татах хүчин зүйлс (Appeal)
3. Бэлэн байдлын хүчин зүйлс (Readiness) гэсэн үндсэн 3 бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг байна.
Улс үндэстний бизнес эрхлэх авьяас, ур чадварыг харьцуулан харуулдаг эдгээр үндсэн 3 хүчин зүйл нь боловсролын систем, ажлын байран дээрх сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт зарцуулж буй улсын төсөв болон татварын хэмжээ зэрэг 30 гаруй шалгуур үзүүлэлтүүдийг агуулдаг байна. Түүнчлэн энэхүү судалгааны тайлангаас "Дэлхийн манлайллын индекс"-ийг харах боломжтой.
Монгол Улс ерөнхий эрэмбээр 2015 оноос 4 байр ухарч нийт 100 онооноос 44.5 оноотойгоор 61 улсаас 58-т эрэмбэлэгджээ. Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйл, дэлхийн авьяам, ур чадварыг татах хүчин зүйлсүүд эрэмбээр ухарсан бол бэлэн байдлын хүчин зүйлс эрэмбэ өссөн байна.
БУСАД УЛС ОРНУУД:
Улс орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ нь жил бүр өөр өөр байдаг хэдий ч Швейцарь улс тогтмол 1-рт эрэмбэлэгдсэн өвөрмөц амжилттайгаар тэргүүлж байна. Удаах байруудад Дани, Бельги, Швед, Недарланд зэрэг улсууд эрэмбэлэгдсэн бол Ази тивээс зөвхөн Хонг Конг эхний 10-тбагтсан. Харин өндөр хөгжилтэй АНУ 14-т, Япон 30-д эрэмбэлэгджээ. Үүнээс гадна манай хөрш орнууд болохБНХАУ 43-т, ОХУ 41-т эрэмбэлэгдсэн байна бол сүүлийн байруудад Венесуэл, Энэтхэг, Перу, Монгол, Болгар улсууд орсон байна.
Тайланд эрэмбэлэгдсэн байдлыг бүс нутгийн хувьд авч үзвэл эхний 20 орны 13 нь хойд европын орнууд байгаа бөгөөд Скандинавын ихэнх орнууд эхний аравт жагсчээ. Энэ нь эдгээр улсуудын боловсролын систем нь эдийн засагт шаардлагатай ур чадварыг бэлтгэж чаддагтай илүү холбоотой байж болох юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
“Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2016”-г доорх линкээр орж татаж авна уу. http://www.imd.org/uupload/IMD.WebSite/Wcc/NewTalentReport/Talent_2016_web.pdf